Угсаатан судлалын музей байгуулагдлаа.

Нүүдэлчдийн амьдрал гэдэг тэр чигээрээ соёл. Тиймээс нүүдэлчдийн соёлыг говь, хангай, тал хээрийн бүсээр ангилан тэдний хэрэглэж байсан эд зүйлсийг шилэн хоргонд багтаан үзүүлсэн нь тус музейн өвөрмөц үзүүлбэр болжээ. Мөн Марзан Шаравын Монголын нэг өдөр зургийг ч байрлуулсан байна.
Энэ зураг ердөө дөрөвхөн ширхэг байдаг гэнэ. Тус музейд байрлуулсан зураг нь Японы Угсаатан судлалын музей дэх зургийн хуулбар юм байна.
Мөн тус сургуулийн Антропологи, археологийн тэнхим сургалт эрдэм шинжилгээний лабораторитой болжээ.
Эл лабораторид тус тэнхмийн багш, оюутнуудын хээрийн дадлагаар цуглуулсан археологийн олдворуудыг байрлуулсан байна. Тухайлбал, Хүннүгийн үед холбогдох цагаан хүрэл толь, чулуун зэвсгийн үеийн цутгуурын чулуун шанага, Сүн улсын зоос, Хүннүгийн булшнаас олдсон авсны гоёмсог таг, мөн байлдааны зэр зэвсэг, сумны зэв, мал аж ахуйн эдлэл гэх мэтийг нэрлэж болох юм.
Антропологи, археологийн тэнхмийн цуглуулгад эртний 750 гаруй хүний гавлын яс, хүннүгийн үеийн 1000 гаруй булшинд малталт хийж олсон дурсгалууд, 7000 гаруй хүний гарын хээний дардсууд байдаг ажээ.