Netuguette буюу сүлжээний ёс зүй

Ёс зүйг баримтлах нь сүлжээний саад бэрхшээлээс бусдыг болоод өөрийгөө ч хамгаалах, хүндэтгэхтэй холбоотой. Өдөр тутмын амьдралын ёс зүй, заншлыг хуульчлан тогтоодоггүйтэй адил сүлжээний ёс зүй нь аль нэг улс, байгууллагаас гаргасан хууль, дүрэм бус, хүмүүсийн туршилт, сорилт, алдаа дутагдлаас урган гарсан мэргэн ухаан юм. Хамгийн анх интернэтийн техникийн шинжтэй стандарчлалыг тогтоон гаргадаг IETF байгууллагаас Netuguette Guidelines RFS 1855 удирдамжийг гаргасан билээ.
Интернэт нь хүмүүст мэдээлийг чөлөөтэй дамжуулж, солилцох боломжийг электрон шуудан, чат, хэлэлцүүлэг, вэб хуудас зэргээр олгодог. Интернэтээр дамжуулан дотооддоо төдийгүй гадаад улс орнуудад амьдарч байгаа хүмүүстэй асар богино хугацаанд харилцаж байгаа нь хүний нийгэм дэх гайхамшигт ололт билээ. Гэвч хэрэглэгчдийн дунд интернэтийн сүлжээг санаатайгаар буруу зорилгоор ашигладаг хүмүүс байдаг. Саад үүсгэхийг хүсээгүй ч интернэтхэрэглээний үндсэн зарчмыг мэдэхгүйн улмаас энгийн хэрэглэгчид ч өөрийн мэдэлгүй бусдыг хохироох тохиодол бий.
Интернэтээр дамжин зохисгүй, хор нөлөөтэй, ёс зүйгүй олон электрон шуудан тэнүүчилж байдаг.
Ёс бус, гүтгэлгийн электрон шуудан
Электрон шуудангаар харилцахад нүүр царай харагдахгүйг далимдуулан нэг хүнээс олон дахин ёс бус, гүтгэлгийн электрон шуудан ирэх, хүмүүст тархах асуудал гардаг. Түүнчлэн бүдүүлэг үг хэллэгтэй, агуулгатай электрон шуудан ирэх тохиолдол ч байдаг. Ийм шуудан хүлээн авсан хүн маш эвгүй байдалд орно. Тэр бүү хэл сааталд орох нь байдаг.
Тэсрэх бөмбөгөн электрон шуудан
Таньж мэдэхгүй хүнээс учир, утга нь үл ойлгогдох их хэмжээтэй электрон шуудан олон дахин ирдэг. Энэ нь мэдээллийн шугамын дүүргэж, интернэт хэрэглэх боломжгүй болгох зорилготой хорон санаатай үйлдэл юм.
Вирус электрон шуудан
Электрон шуудангийн программ текстэн мэдээллээс гадна зураг, аудио болон видео файлыг илгээх хавсралт функц байдаг. Уг файлын хавсралтыг ашиглан таны компьютер руу вирус илгээх боломжтой. Тийм учраас үл таних хавсралт файл бүхий электрон шуудан ирвэл маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сэжигтэй гэж бодсон электрон шууданг уншилгүй устгаарай.
Гинжин электрон шуудан
Энэ электрон шууданг гурав хоногийн дотор 10 хүнд дамжуулахгүй бол танд зовлон тохиолдоно гэсэн агуулгатай захидал ирдэг. Зовлон дагуулсан электрон шуудан өөр хоорондоо гинжилдэн явдаг учир гинжин электрон шуудан гэнэ. Энэ шууданг илгээгчид хүмүүст худал цуурхал тараах сонирхолтой байдаг ч, хэрэв ихгэх нь олширвол тэсрэх бөмбөгөн электрон шуудангийн адил интернэтийн ажиллагааг бүр мөсөн зогсоох хор нөлөөтэй. Зовлон авч ирэхээс гадна энэ захидлыг таван хүнд илгээвэл аз жаргалтай болно, мэдээллийн нэвтрүүлгээр олон нийтийн санал асуулга явуулах гэж байгаа тул аль болох олон хүнд илгээнэ үү, цусны донор байвал эмнэлэгтэй яаралтай холбоо барина уу гэх мэтийн сайхан сэтгэлийг далимдуулсан нарийн боловсруулсан хувилбар ч байдаг. Энэ төрлийн захидал сүүлийн үед гар утасны мессеж хэлбэрээр хурдан тархаж буйг та анзаарсан байх. Ийм электрон шуудан, мессеж ирвэл тоохгүй байх нь хамгийн зөв арга.
Спам электрон шуудан
Спам гэдэг нь гахайн нөөшилсөн махны нэр. Телевизийн нэвтрүүлгээр хоол захиалах гэсэн залуугийн өмнө үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд Спам Спам гэж дуулан бүжиглэсэн тул тэр залуу Спамаас өөр юм захиалж чадаагүй гэсэн шог яриа гарч байжээ. Yүнээс үндэслэн спам электрон шуудан гэсэн нэр үүсжээ. Ийм шууданг хүн зөвхөн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн илгээдэг. Бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, тусгай бүлэг, байгууллагад урих, түүнчлэн хар тамхи зэрэг хууль бус бараа худалдан авахыг хүсэх зэрэг нь түүний гол агуулга байдаг. Танд хэрэгцээгүй мэдээлэл байнга ирэх нь таатай биш ч энэ үйлдэл үргэлжлэх мэдээж.
/өнөөдрийн сонин/