Олон улсын валютын сангаас анхааруулга иржээ

Тиймээс улс орнууд өөрийн улсын валютын нөөцөө арвин байлгах, тохиролцсон хэмжээнээс буулгахгүй байхыг эрмэлзэж, амлалтаа биелүүлэхийг зорьж байдаг. Ингэж чадсан тохиолдолд тухайн улсад үзүүлэх хөнгөлөлт, зээл тусламж нэмэгдэж, эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлдэг байна. Бүгд л энэ бүхнийг биелүүлж улс орноо хөгжүүлэхийг зорьж байхад харин манай улсад эсрэгээр нь байгаа аж. Он гарахаас өмнөхөн ОХУ-ын төлөх Их өр-ийг шийдлээ гээл эрх баригчид баахан шоудсан. Ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ нь ерөнхий сайдын гавъяа гэж ярьж, хэлж хөөрцөглөсөн. Тухай үед өрийн асуудлыг шийдэхийн тулд нэг өдрийн дотор улсын валютын нөөцөөс 137 сая ам.долларыг гаргажээ. Гэхдээ Засгийн газар уг мөнгийг Монголбанкнинд шилжүүлээд байгаа гэнэ. Харин үлдэх 100 сая ам.долларыг 10 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон аж. Yүнийг өнөөгийн эрх баригчид болон засгийн газрынхан ихэд нууцалж байгаа юм. Гэтэл саяхан ОУВС-гаас манай улсын валютын нөөц тохирсон хэмжээнээс бага байгаа талаар анхааруулга ирүүлжээ. Ийм анхааруулга ирснийг Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбат уржигдар оюутнуудтайгаа уулзахдаа зөвшөөрсөн байна.
Тухайн улсын валют ын нөөц бага байх тусам мөнгөнийнх нь ханш унаж, төв банкнаас гаргах баталгаанд итгэх донор улсуудын итгэл сулардаг байна. Тиймээс манай улсын валютын нөөц багассан нь олон сөрөг нөлөөтэй гэж мэргэжилтнүүд ярьж байлаа. Олон улсын байгууллагад манай улсын нэр хүнд унаж, тэдний тэдний бидэнд итгэх итгэлч эрс багасч байгаа бололтой. Манай улсын төв банк болох Монголбанкны олон улсын тавцан дахь нэр хүнд ч мөн доошилжээ. Төв банкинд нь итгэх олон улсын байгууллагуудын итгэл суларсан нь цаашдын Засгийн газруудад итгэх тэдний итгэлийг багасгаж байгаагаараа ихээхэн хор уршигтай юм байна. Түүнчлэн олон улсын байгууллага болон донор орнуудаас манай улсад үзүүлэх тусламж саатах, зогсох аюул учирч болзошгүй гэнэ. Донор ронууд манайд олгох зээл тусламжийнхаа асуудлыг удахгүй болох сонгуулийн үр дүнг харзнаж байж шийдэх сураг ч дуулдав. Энэ нь сонгуульд ямар нам ялж, ямар Засгийн газар бүрдэхээс бидэнд үзүүлэх тусламж зээлийн хэмжээ шууд хамаарах болоод байна гэсэн үг.
Эрх баригчид бүх булхайгаа дараагийн Засгийн газарт үлдээжээ
Өнөөгийн Засгийн газрын дээрх үйлдэл нь дараагийн Засгийн газарт ихээхэн хүндрэл учруулахаар байна. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газарт валютын нөөц багатай, олон улсын тавцанд нэр хүнд нь унасан, төв банкны баталгаанд итгэх доноруудын итгэл багассан гээд олон хүндрэлийг энэ удаагийн Засгийн газар үлдээж байгаа юм. Тэгэхлээр сонгуулийн дараа эмхлэгдэн байгуулагдах Засгийн газар юуны түрүүнд валютын нөөцөө ОУВС-тай тохиролцсон хэмжээнд хүргэхийг зорих хэрэгтэй. Энэ арга хэмжээг даруйхан авахгүй бол ОУВС, Дэлхийн банк болон донор орнуудаас үзүүлдэг зээл тусламжийг авах аргагүй болж мэдэх нь. Монголбанкны Ерөнхийлөгч оюутнуудтайгаа уулзах үеэрээ Засгийн газраас олон улсын зах зээлд бонд гаргаж болно. Монгол Улсын бондыг гадаадад нилээдгүй сонирхож, худалдан авах магадлалтай. Ингэснээр 100 сая ам.долларыг жилийн дотор нөхөж олох боломж бий гэж байсан. Энэ нь байж болох л хувилбар. Гэхдээ бондыг ойрын хугацаанд гаргах боломж хомс. Учир нь удахгүй болох ёонгуульд оролцох гээд дээр дооргүй бужигнаантай байгаа. Сонгуулийн дараа Засгийн газраа эмхлэн байгуулах гэсээр байтал бас нэлээд хугацаа орно. Тэгэхлээр энэ нь эрх баригчдын өөрсдийн үйлдлийг хамгаалах нэгэн арга гэлтэй. Дараагийн засгийн газарт уг бондыг гаргах, валютын нөөцөө арвижуулах, унасан нэр хүндээ дээшлүүлэх гээд бүх хүнд ажил нь үлдэж байна. Хэрвээ энэ засгийн газар ОУВС болон Дэлхийн банктай тохиролцсон тохиролцоо, амласан амлалтаа биелүүлсэн бол энэ анхааруулга ирэхгүй л байсан. Мөн бидэнд үзүүлэх зээл тусламж зогсохгүй, хасагдахгүй байсан болов уу. Гол хор уршиг нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдсэн баймаар л юм. Түүнчлэн мянганы сорилгын дансанд багтаад байгаа энэ үед ийм асуудал сөхөгдөнө гэдэг тийм ч таатай бус байх.
Улс орны валютын нөөц хэдий чинээ их байна, төдий чинээ тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш чанга байдаг аж. Хэдийгээр валютын нөөц багассанаар төгрөгийн ханш сулардаг боловч одоогоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1180-1160 болж буураад байгаа. Энэ нь манай улсад бохир мөнгө ихээр орж ирсэнтэй холбоотой байж магадгүй гэж зарим нэг эх сурвалж тайлбарлаж байна. Нөгөө талаар эрх баригчид сонгуулийн сурталчилгаанд асар их хөрөнгө зарж байгаа. Энд тэнд шоу зохиож, замын уулзвар болон гол гол сурталчилгаанд самбарууд нэр дэвшигчдийнх нь хөрөг, намын сурталчилгаагаар дүүрлээ. Эрх баригчид энэ удаагийн сонгуульд ялахын тулд асар их хөрөнгө хаяж байгааг дээрхтэй холбон тайлбарлах нь ч байна.
(өдрийн сонин 2004.05.28 131)