Нийт 265 хүн сонгуульд өрсөлдөнө.

Эдгээр үйл ажиллагаа ерөнхийдөө хууль журмын дагуу явж байна. Гэхдээ зарим нэг зөрчил гарч буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонордуулж байгаа. Сонгуульд оролцох субъектүүд нийтдээ 327 хүнийг өрсөлдүүлхээр нэрийг нь дэвшүүлжээ. Гэвч өчигдрийн байдлаар 265 хүнийг нь бүртгэсэн байв. Нэн шинэхэн Залуучуудын нам 52 хүний нэр дэвшүүлэхээр материалыг нь тойргийн хороодод ирүүлснээс нэг нь ч шаардлага хангаагүй байсан гэж дуулдлаа. Тэгээд ч бүгдийнх нь нэрийг эргүүлэн татахаар тус нам шийдвэрлэсэн аж. Эднээс гадна өөрсдийнх нь хийгээд нам, эвслийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж 10 нэр дэвшигчийг бүртгээгүй байна. Материалаа дутуу бүрдүүлсэн хугацаа хожимдуулсан өөрийгөө албан ёсоор орлох хүнийг зохих журмын дагуу томилоогүй гэх мэт хуульд үл нийцэх үйлдэл илэрчээ. Тэр ч бүү хэл хоёр тойрогт өөрийн нэрийг хоёр өөр намаас намаас нэр дэвшсэн мэтээр бүртгүүлэх гэсэн оролдлого ч нэгэн аймагт гарсан гэнэ. Бие даан нэр дэвшсэн гурван хүнийг бүртгээгүй нь тэд нөгөө 801 хүний гарын үсгийг цуглуулж чадаагүйгээс болсон байна. Тойргийн хороод нь бүртгээгүй нэр дэвшигчдээс хамгийн дуулиан шуугиан болж буй нь Хашбатын Хулан. Дуулиан шуугиан болж буй нь Хуланг нэрээ дэвшүүлж өрсөлдөөсөй гэж хүссэн хүн олон байгаатай ч холбоотой байж болох. Сонгуулийн бүх шатны хороод мэдээж хэн нэгнийг юухан хээхнээр өөтүүлж бүртгэлгүй хасах сонирхол байхгүй байж таарна. Сонгуулийн хороод иргэдэд сонгох, сонгогдох эрхийг нь тэгш эдлүүлэхийг л эрмэлзэх нь эргэлзээгүй. Тэнд нам эвслүүдийн төлөөлөл байлаг. Хуулиа мэддэг, үүргээ ухамсарласан хүмүүс ажилладаг. Гэлээ ч нийслэлийн Баянзүрх дүүргийн 57 дугаар тойргийн хорооныхон Хуланг бүртгэсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо ч энэ шийдвэрийг өөрчилсөнгүй. Хуулиа мөрдөж гаргасан шийдвэрийг яаж өөрчлөх билээ. Хулангийн материалыг бүрдүүлэхдээ түүнийг гадаад хэргийн яаманд ажилтай гэсэн байж. Тэгсэн хэрнээ төрийн байгууллагын ажлаасаа чөлөөлөгдсөнийг нь нотлох баримт байгаагүй юм байна. Материалыг бүрдүүлсэн хүн зарим зүйлийг санаанаасаа зохиосон, гарын үсгийг нь дууриалгаж бичсэн гэх мэт зөрчилтөй байсан бололтой. Ингэснээр нэр дэвшигчийг бүртгэх хуулийн хугацааг өнгөрөөчихөж. Түүгээр ч барахгүй Хулан нь болрхоор Булган намайг төлөөлнө гээд шал өөр хүний нэрийг өгсөн байна. Yнэн хэрэг дээрээ ийм л явдал болсон дуулдав. Гэтэл Хулан нь СЕХ-г шүүхэд өгөх гэж байгаа хэмээн зарим сонин мэдээллээ. Байдлаас ажиглахад Эвслийн удирдлага далимдуулж улстөржүүлэх гэх хандлага л гаргаад байгаа болохоос ялангуяа Ардчилсан нам Хулангаа олон нам дамжсан гээд нүд үзүүрлэнгүй хандаж түүнийг бүртгэхгүй байгаад тэгтлээ ач холбогдол өгөхгүй байхыг ч үгүйсгэх аргагүй гэсэн яриа хүмүүсийн дунд явна. Тойргийн хороод одоо зургадугаар сарын 6-ныг дуусталх хугацаанд нэр дэвшигчдээ нэг бүрчлэн шалгаж, тэдний бүрдүүлж ирүүлсэн бичиг баримт үнэн зөв гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийнтогтоомжийн дагуу болж уу үгүй юу гэдгийг нягтална. Yүний тулд орон нутгийнхан бол сум, багаараа ч явах хэрэг гарна. Гэтэл өөрсдийнхөө хариуцлагагүйгээс болж бүртгэлээс хасагдсан зарим нэр дэвшигч түүний ард байгаа улс төрийн хүчин чухам энэ 10 хоногт л багтааж бүртгэж өг хэмээн сонгуулийн тойргийн хороодыг хууль зөрчүүлэхээр албадан шахаж байгаа ч сурагтай. Эцэст нь хэлэхэд Монголын эмэгтэйчүүдийн нам гэдэг улс төрийн байгууллага сонгуульд нэр дэвшүүлж оролцох шахав. Нийгмийн анги бүлэг, нас хүйсээр нь ялгаварласан хууль ёсны байгууллага гэж байж болохгүй санагдана. Дэлхийн аль нэг оронд эмэгтэйчүүдийн, эрчүүдийн хийгээд залуучуудын ахмад (өндөр) настны гэх мэт нам байдгийг дуулаагүй юм байна./өнөөдөр 2004-5-28/