Гандангийн зам өнгөө засжээ.

Нарийн замыг өргөтгөн хатуу хучилттай замтай болж. Замын голоор зүлэг суулгаж 365 ширхэг мод тарьж. Улаанбаатар хот байгуулагдсаны ойг бэлэгдэж буй нь тэр. Шив шинэхэн ногоон хайс дотроо ургасан мод, зүлгэнд улам өнгө нэмнэ.Баянгол дүүрэг өнөө жил хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийнэ. Одоогоор 200 сая төрөгийн ажил хийгээд байна. Энэ гудамжийг цэцэрлэгжүүлэн тохижуулахад 90 сая төгрөг зарцуулсан. Өнгө зүсээ өөрчилсөн гудамжинд хуучныг санагдуулсан хэдэн ТYЦ навсайна. Монгол орныг зорин ирэх гадаад дотоодын зочин гийчин энэ гудамжаар л явна. Юутай ч гудамж тохижиж нүүр улаймааргүй болж. Харин өнгө зүсээ алдсан тэр хэдэн ТYЦ л тэнд хэрэггүй байна. Мэдээж хэн нэгэн хүний өмч, цаашилбал амьдралыг нь залгуулдаг ажлын байр байх л даа. Гэхдээ заавал энэ ариун газар монголчуудын гол шүтээнийг гутаан байх хэрэггүй баймаар.
Төмөр замын хэрэг эрхлэх газрын зүүн талаар Баянгол дүүргийн өндөрлөг хүртэл Амарсанаагийн гудамж үргэлжилдэг. Энэ гудамж өнөө жил Сөүлийн гудамжний дүү болно. Баянгол дүүрэгтэй шууд харилцаатай БНСУ-ын Чун Гун дүүрэг өөрийн хөрөнгөөр гудамжийг тохижуулна. Тэд нэг тэрбум 300 сая төгрөг зориулах юм билээ. Сонгос нөхөд тохижилтын ажилд нухацтай хандаж байгаа бололтой. Таван ч удаа ажлын хэсэг ирж гудамжны байдал, манай нөхцөлтөй танилцан судалсан гэнэ. Өчигдөр Солонгосоос ойрын үед ажилдаа орно гэсэн факс Баянгол дүүргийн засаг даргад ирж. Уртаашаа 800 метр энэ гудамжны явган хүний зам, замын хашлагыг шинэчлэн, 38 ширхэг гэрлийн шон байрлуулан гэрэлтүүлэг тавих гэнэ. Мөн гэрлийн чимэглэлүүд, хоёр дүүргийн бэлгэ тэмдгийг байрлуулах гээд Солонгосын гудамжны загвараар тохижуулах юм. Тохижилтод зориулах бүх материал, гэрлийг Солонгосоос авчирах бөгөөд мэрэгжилтнүүд нь ажиллана. Ийнхүү шинэчлэгдэх Амарсанаагийн гудамжны тохижилтын ажил есдүгээр сарын 1-ний өмнө дуусах ажээ. Ард Аюушийн өргөн чөлөө 1.8 километр урт. Дүүргийнхэн жилийн жилд энэ гудамжийг тохижуулдаг. Дүүргийн өндөрлөг бүхий аюулгүйн тойрог нов ногоон болжээ. Тэнд бас усан оргилуур байгуулчихаж. Баянголынхон өнөө жил энэ гудамжны ногоон байгууламжид бүхэлд нь услалтын систем тавиад дуусч байна.
Жил жилд хэл ам таталж байдаг хэсэг энэ гудамж бий. Тэр нь хорооллын автозамын хоорондох шороо. Гурав, дөрөвдүгээр хорооллын инженерийн гол шугам сүлжээ доогуур нь байрлах энэ хэсэгт мод тарьж болдоггүй. Хэзээ ч гэмтэл гарч болох учраас хучилт нь чөлөөтөй байх ёстой. Гэвч гоё хайсаар хүрээлэгдсэн улаан шороо жаахан салхи гарахад л босч олныг бухимдуулдаг байлаа. Өнөө жил битүү зүлгээр хучигджээ. Хайс ч ногоон, зүлэг нь ч ногоон энэ гудамж сэтгэлд нэг л өег. Дүүргийн Засаг даргын тамгын газар үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийнхэн гудамжийг ийм болгох гэж шөнө өдөргүй ажиллан угсралтын системтэй болгосон нь үр дүнгээ өгчээ. Баянголынхон 30-аад мянган бут сөөг, 700 гаруй мод шинээр тарьж. Хот өнгө нэмж, хаа сайгүй тохижилт, үйлчилгээний ажилтан, ажилчид мод зүлэг тарьж хайс хашлага хийж, будаж угааж, зүлэг модоо услаж харагдана. Энэ хүмүүс хаваржингаа ийнхүү хотыг гоёх гэж харштлаа өдрийг бардаг. Хот гоё сайхан байх нь зөвхөн тэдний ажил юм шиг, тэд өөрийнхөө төлөө л ингэж яваа мэт аашлах мэт хотын иргэд олон. Өдөрт тарьж суулгасан модыг, шинээр хийсэн хайсыг шөнөөр хулгайлсаар. Зөвхөн Занабазарын гудамжинд шинээр тарьсан 300 гаруй модны 11-ийг нь тарьсан шөнө нь хулгайлчихаж. Төмөр үнэд орж өлөн нүдтэнгүүд дэл сул юу байгааг ангуучлах болсонд хайс, хашлага өртөх болов. Хоёр гуравхан хоногийн өмнө шинээр хийсэн будаг нь шив шинэхэн хайснаас лав л тавыг онгойтол ухаж аваад ачаад явж. Нийслэлийн ИТХ-аас жил бүр тодорхой зорилт дэвшүүлнэ. Тэр бүрт хотын өнгө үзэмж сайжирч, хот тэлсээр байдаг. Өнөө жил хот орчноо тохижуулан цэцэрлэгжүүлэх зорилттой. Энэ хүрээнд хотын орхигдож буй цэцэрлэгжилт сэргэж, шинэчлэгдэж байна. Баягол дүүргийнхэн энэ ажилд эртнээс бэлтгэлтэй оролцсоноос ийнхүү гол гол гудамж, өргөн чөлөө зүс нэмлээ.
/өнөөдөр 2004-5-28/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button