Байгалийн цагдаатай болъё

Энэчлэн сайхан ойтой байсан Туул голын эх орчмын хангайгаас эхлээд, оргүй хоосон болсон шинэсэн ой, хусан төгөл, бургасан шугай, заган шугуй гэхчилэн устан арилаад, заримыг нь өнөө үеийнхэн үзээгүй болохоох мэдэх ч аргагүй, тэр байтугай өвгөд хөгшид ч мартахад хүрч буй устсан ой шугуйн жагсаалтыг улсын хэмжээнд гаргая гэвэл нөр их судалгаа шинжилгэний ажил болох буй за. Бас энд тэндгүй ой шугуй устах аюулд тулж буй тухай хэвлэл мэдээллээр тасралтгүй яригдаж бичигдсээр байна. Yүнийг тэрлэгч миний бие ч тийнхүү устсан ой, шугуйн хэсгийг харж байна. 1963 оны хавар Богд уулын Богины аманд түймэр гарч, оюутан бид дайчлагдан унтрааж байсан тэр түймэрт шатсан ойн ул дэвсгэр өнөө хүртэл нүцгэн хэвээр байгааг би харж байна. 1980-аад оны сүүлч үед Улаанбаатарын III цахилгаан станцад ажиллаж байхдаа ус хангамжийн гүний худгуудаа эргэхээр хааяа очиход, одоогийн Буян компаний цогцолбороос цааш Туул голын шугуй мөн сайхан байдагсан. Гэтэл уржнан жил Оросын байгууллагын зугаалгын талбай байсан газрыг хүртэл явж үзэхэд, тэндэх бургасан шугуйн наад зах нь гурваны нэг нь хожуул болсон байлаа. Ийнхүү дуулж сонсоход үзэж харахад бодож санахад даанч хайран даанч харамсалтай. Даанч гэж дээ бүр ч дэндүү…..Энэ тухай хэлхсэн хэдхэн үгнээс минь ушигч та ой шугуй маань хожуул болсон, ой шугуй маань устсан гэж бичсэн байгааг анзаарч буй биз. Энэ ой шугуй маань өөрөө хожуул болоогүй өөрөө устаагүй харин хүмүүс бид л ой шугуйгаа хожуул болгосон, устгасан, монголчууд бид өөрсдөө л буруутай гэдгийг өөртөө ба уншигч танд, энд тусгайлан тодруулан хэлэх гэсэн хэрэг билээ. Бас өвөг дээдэс маань үеэс үед хайрлан хамгаалсаар бидэнд үлдээсэн ой шугуйг бидний дараахь үед бас л үлдэхээр хамгаалах ажлыг зохион байгуулж чадаагүй гэм дутагдалыг нь төр засагт мөн нэгэн удаа сануулан хэлэх гэснийх билээ. Энд би зөвхөн ой, шугуйн тухай дурдаж, арав хүрэхгүй жилийн өмнө үндэсний соёл амралтын хүрээлэнд хүртэл орж ирж байсан Хан уулын халтар хаиун бугаас эхлэн үзэгдэж харагдахаа болсон ан гөрөөс, загас шувуу, цэцэг жимсний дурдаагүйн би мэдэхгүйдээ биш, гагцхүү цаг цаас барахаас цэрвэснийх бөгөөд ой шугуй гэсний цаана байгаль орчноо бүхэлд нь хэлж байгааг хэн л эс ойлгов гэж дээ гэдгийг ч бас цухас дурдъя. Биднээс өмнөх үед их хаадын зарлиг, шашин номын бишрүүлгээр ой шугуй маань хамгаалагдсаар ирсэн. Yүнийг тэрлэгч миний үеийнхэн бол эх эцгийн үг сургаалыг дагаж, дээр нь ойн цагдаа-гаас айхын учир хувь хүний тухайд ой шугуйдаа гэм учруулахгүй явж ирсэн билээ. Гэтэл өнөө үед эх эцгийн сургаал гэж байхгүй, харин ч эх эцгүүд маань өөрсдөө ой шугуйгаа хөнөөлт хорхой шавьжтай өрсөлдөн сүйтгэгчид болон хувирчээ. Бас хуучин цагийн шашин номын бишрүүлэг огт байхгүй, шинэ цагийн ухааруулаг ч байхгүйтэй адил байна. Харин төр засгийн хууль тогтоомжууд гэж байх боловч тэдгээр нь дутуу дулим үлбэгэр сул, хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь ч бас л адилхан болохоор төрийн дуу хоолой маань төдхөн замрах хадны цуурай л гэмээр болжээ. Цуурай гэснээс хүүхэд ахуй цагт бядгүй цангинуур дуугаа цуурайгаар өртөөлүүлэн өндөр хайрханы энгэр элгээд бэлчсэн хонь мал эргүүлж л явлаа даа. Ингэхээр одоо яах билээ? Ямар боловч иргэдээсээ эхлэн төр засгаа хүртэл сүйтгэж сүйтгүүлсээр сууж яавч болохгүй цагт тулж ирснийг дээр доргүй ухаарч хөдөлцгөөх хэрэгтэй байна. Юуны өмнө ялимгүй ч гэсэн бишрэл шүтлэгтэй ард түмэн, эцэг эхийн сургаалыг эрх биш дагаж байсан, бас ойн цагдаагаас эмээж явсан, төрж өссөн нутаг гэсэн сэтгэлтэй надаас ахмад болон миний үе тэнгийн өвөө эмээ нартаа хандаж, байгаль эхээ хайрлан хамгаалах өвөг дээдсийнхээ сургаалыг үр хүүхэд, ач зээ нартаа сануулан сургах журамт үүргээ ухаарч, үгэлж дууллаа гэхээс халшралгүй ярьж хэл, өөрсдөө үлгэр дууриал үзүүлэхийг уриалж байна. Өнөөгийн өвөө эмээ бидний тоо бас ч тийм цөөнгүй болохоор бидний хүч нөлөө бага биш. Гагцхүү өнөөгийн хүүхэд залуус аашилж загнавал бүр адардаг, ая эвээр нь хэлбэл тэрхэн удаадаа боловч гэмээ орхидгийг санууштай. Нөгөө талаар эх нутаг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талын хичээл сургалт, номлол айлтгал, мэдээлэл сурталчилгаа хэмжээ чанараар нь эргэн үзэж, өргөжүүлэн эрчимжүүлэх нь нэн чухал байгааг тунгаан болгоож идэвхийлэн ажиллахыг сурагн хүмүүжүүлэгчид, шашин номынхон, сэтгүүлч, зохиолч, судлаач эрдэмтэн олондоо хичээнгүйлэн уриалж байна. Та нар маань чухамхүү нийгмийн оюун санааг залж чиглүүлэгч жолоо цулбуурыг атгагч нар мөн билээ. Би болоод миний үеийнхэн ой шугуйгаа хөнөөн сүйтгэхэд оролцоогүй гэдгээ ойн цагдаагаас эмээж явсантайгаа холбож өмнө нь тайлбарласан билээ. Бидний айж эмээж явсан ойн цагдаа нар маань тийм аймар мундаг хүмүүс байсан уу гэвэл бас тийм биш жирийн л хүмүүс, харин төрийн хууль цаазыг үнэхээр төрийн л гэсээр өндөр дуугаар хэлж таниулсан, өчүүхөн боловч гэм гаргагчийг өөхшүүлж зүгээр өнгөрүүлдэггүй, өвгөн голдуу насны буурь суурьтай морь унасан монгол хүмүүс л байдаг байсан. Бид тухайн үедээ ойн цагдаа л гэж ойлгож, нэрлэж явсан тэр албан тушаалын хүмүүс одоо үед бүр ч олон болж байгаль хамгаалагчид гэгдэх болсон боловч, байгаль маань ердөөр ч хамгаалагдсан юмгүй төр, засгийн багагүй мөнгө л хий дэмий үрэгдэх болсон байна. Би ингэж хэлэхдээ сонин хэвлэлд бичигдсээр байгаа зүйлүүд, телевизээр нүүр царайгаа харуулан ярьж байгаа байгаль хамгаалагчидын өөрсдийн ярианаас, бас Яармагийн хот руу орох, буцах зууртаа байгаль хамгаалагчийн гэр орны хажуугаар зурайн харагдах жим замаар гэгээн цагаан өдрөөр модны хулгайчид модоо үүрэх нь үүрч өнхүүрлэх нь өнхрүүлсээр Богд хан уулнаас бууж явахыг байнга үзэж харж явдаг зэргийг үндэслэл болгож байгаа юм. Ийм учраас байгаль хамгаалагч нараа жинхэнэ ойн цагдаа болгож өгөөч гэж төр засгаасаа хүсч байна. Тэгэхдээ бүр замын цагдаа, эрүүгийн цагдаа, хэв журмын цагдаагийн адил танграг өргөж төрийн дүрэмт хувцас өмссөн, бороохой, гав, гижнээс эхлээд халуун зэвсэг хүрртэл барьсан, хэрэг болоход хэл өгч туслалцаа дуудах холбоо харилцааны хэрэгсэлтэй, хурдан шалмаг морь унаатай жинхэнэ төрийн цагдаагаар ядаж Дархан цаазтай газруудаа хамгаалуулдаг болмоор санагдана. Бас хууль бусаар огтолсон мод, газрын баялагийг хурааж улсад оруулсан орлогоос нь зохих хувиар ой хамгаалагчийг урамшуулдаг ч байж болмоор. Хариуцсан газар нутгаас нь хууль бусаар байгалийн баялаг ашигдлагсдсан нь илэрбэл тухайн нутгийн цагдаад мөн зохих хариуцлага хүлээлгэдэг баймаар гэхчилэн олон зүйл бодогдоно. Байгаль орчинд гэм хор учруулсан, байгалийн баялагийг зүй бусаар ашигласан, дархан цаазтай газар нутаг, ан амьтан, ус ургамалд хөнөөл учруулсан этгээдэд үзүүлэх төрийн цээрлэлийг бүх арга хэлбэрээр нь чангатгах явдал чухал шаардлагатай байна. Байгаль орчны хамгаалалын асуудал нь орон нутгийн ард иргэдийн идэвхтэй оролцоо зүтгэлгүйгээр үл шийдвэрлэгдэх асуудал учир, орон нутаг байгалиа хамгаалсан иргэдийн гавьяа зүтгэлийг хөхиүлэн сайшааж, тийнхүү зүтгэх санаа сэтгэлийн болон материалаг урамшууллын хүчтэй хөшүүрэг бий болгох нь маш чухал юм. Зах зээлийн харилцааны үед хүмүүсийн эдийн засгийн сонирхол нь аливаа асуудал шийдвэрлэх арга хэрэгсэл болдгийг байгаль хамгаалалд харгалзахгүй байж болохгүй. Төрийн цагдаа, хууль цааз, шагнал, шийтгэл гэсэн эдгээр асуудал бол байгаль орчноо хамгаалах талаархи төр, засгийн үүрэг бөгөөд энэ үүрэг эхлээд биелэгдэж байвал, дараа нь бусдын үүрэг биелэдэг гэдгийг эцэст нь тэмдэглэж байна.
/өнөөдөр 2004-5-28/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button