339 нэр дэвшигчийн 262-ыг нь бүртгэжээ.

Энэ есөн субъектээс МАХН, Эх орон-Ардчилал эвсэл 76 тойрогт нэр дэвшүүлжээ. Одоогийн байдлаар 339 хүний нэр дэвшсэнээс 262-ыг нь тойргийн хороод бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сурталчилгаа хийх ,өрсөлдөх эрхтэй болоод байна. Залуучууд намаас нэрийг нь дэвшүүлсэн 62 хүнийг бүгдийг нь, эвслээс 76 нэр дэвшүүлсний нэгийг нь, Ногоон намын 11 хүний нэгийг нь, МУНН-ын 12 хүний хоёрыг нь, БНН-ын 43 хүний дөрвийг нь, бие даагч 22 хүний дөрвийг нь бүртгэсэнгүй. Энэ нь нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу болоогүй, баримт материал нь дутуу, нэг намаас гарч нөгөө намд орох асуудлаа гүйцэд шийдвэрлээгүй, бие даагчид 801 хүний гарын үсэг цуглуулж чадаагүй зэрэг шалтгаанаас болсон байна. 6-7 хүн өрсөлдөх тойрог тун цөөн, дийлэнх нь хоёр өрсөлдөгчтөй байгаа аж. Нийт нэр дэвшигчдийн 36 нь эмэгтэй, дундаж нас 43, хамгийн залуу нь 26, ахмад нь 63 настай байна. Тэдний дотор 35 хүртлэх насны 23, 35-40 насны 32, 40-50 насны 148, 50-60 насны 53, 60-аас дээш насны таван хүн байгаа юм. Нэр дэвшигчдийн 259 нь дээд, гурав нь тусгай дунд боловсролтой, академич хоёр, доктор 66, профессор 42 байна. Мэргэжлийн нь хувьд авч үзвэл хуульч 50, эдийн засагч 37, төрөл бүрийн инженер 83, багш 44, хүний эмч ес, ХАА-ын мэргэжилтэн долоо байна. Одоо сонгогчдийн бүртгэх, оршин суугаа газрыг нь нэг бүрчлэн шалган тогтоох, шилжилт хөлдөлгөөнийг шинэчлэн баталгаажуулах ажил орон даяар хийж байна. СЕХ-ны гишүүд энэ долоо хоногоос хөдөө орон нутагт ажиллана. Сонгуульд ажиглагчаар оролцох гадаадын зарим хүн үнэмлэхээ авсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button