Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ

Хүмүүнд зэрэг зиндаа, баян хоосны ялгал төрлөхөөс заяагаагүй. Юу гэвэл эрдэмд шамдаж, түмэн зүйлийн учир шалтгааныг мэдсэн хүүхэд болбоос мудаг агаад эд баялагаар баян, харин үл суралцагч хүүхэд хожмоо ядуу бөгөөд дорд мунхаг болох юм гэсэн үг билээ. Иймээс хүүхэд багачуул минь бүгдээрээ эрдэм номд хичээгүйлэн шамдан суралц. Эрдэмд харанхуй хүн шиг гарз хохирол үгүй гэнэ. Yл мэдэх шиг аюултай зүйл бас үгүй гэнэ. Эрдэм номд шамдан суралцахад хичээл зүтгэл, бүхнээс илүү чухал. Хүмүүний мандах буурахыг чадлаа шавахсан хичээл зүтгэл л шийддэг. Хүүхдүүд та нар билэг авьяастай бол хичээл зүтгэл түүний чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг чинь орлох болно. Тиймээс хүүхэд бүхэн чадлаараа хичээж зүтгээд байх хэрэгтэй. Хүүхэд бүхэн өөртөө хатуу өрөөл бусдад зөөлөн, даруухан, атлаа ухаалаг, бие биенээ хүндэтгэн дээдэлцгээдэг, бусдын зовлон зүдгүүрийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг, зөөлөн сэтэглтэй байхыг та бүхээс хичээнгүйлэн хүсэж байна. Хүүхэд бүхэн өмнө тодорхой зорилго тавьж хичнээн зүтгэвээс амжилтад заавал хүрнэ. Ажилла!ажилла бас дахин ажилла гэсэн лоозон дэвшүүлж, түүнээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлж чадвал амжилт үргэлж чамтай хамт байна. Yнэнхүү хичээл чармайлт болон чин зүтгэл нь амжилтад хүрэх цорын ганц бат найдвартай зам билээ. Хүүхдүүд та бүхэн өнөө үеийнхэн, өөрийн эцэг эхээсээ эх орноо хүлээж авна. Эх орноо хүлээн авах өндөр дээд хариуцлагад өөрийн биеэ одооноос бэлтгэх хэрэгтэй. Эх үрсийн элбэрлийг сахиж, удам залгах үрсээ хүний дайтай хүн, шударга журамт иргэн болгон төлөвшүүлэхэд эцэг эхчүүд цаг ямагт санаа тавьж, хайраа дотроо, халаа гаднаа байлгаж, хатуужил тэсвэр суулган, өөрөө өөрийгөө аваад явах чадвар хүний эрхэм сайн чанар, эрдэм мэдлэгийг эзэмшүүлэхийн төлөө үргэлж сургамжлан залж чиглүүлж байхын чухлыг сануулан хэлье. Монголын үрс хүүхдүүдэд аз жаргал хүсэн ерөөж байна. Аз жаргал чиний гар хүрэх газарт чамайг хүлээж байна. Хичээл чармайлт бол аз жаргалыг төрүүлэгч ээж нь мөн гэдгийг үргэлж санаж, хичээж, чармайж зүтгэгтүн. Монголын үрс маш олон болтугай.