Бодгаяад монгол сүм барих асуудлаар гэрээ байгуулав

Буддын шашинтай бусад улс орнуудын нэгэн адил бурхан багшийн гэгээрсэн газарт үндэснийхээ онцлогийг харуулсан ур хийц, зан үйл бүхий сүм барих асуудлыг 1990-ээд оноос манай тал санал болгосоор иржээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2001 онд Энэтхэг улсад хийсэн дээд хэмжээний айлчлалынхаа үеэр уг сүмийг барих газрыг сонгон шавыг тавьсан байна. Харин энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Энхбаярын тус улсад хийсэн айлчлалын үеэр дээрх газрыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн ашиглуулах асуудлыг Энэтхэгийн тал хүлээн зөвшөөрч, сүмийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол үйлдсэн билээ.
Олон түмний сүсэг бишрэл, нийтийн эрх ашгийн үүднээс төр, засгийн зүгээс олон жилийн турш санаа тавьсан асуудал өнөөдөр биеллээ олохын үндэс суурь бүрдэж байгаад баярлаж буйгаа Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гэрээнд гарын үсэг зурах үеэр хэлж, ерөөлийн үгс айлтгалаа. Энэхүү ёслолд Ерөнхий сайд Н.Энхбаяр, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Байгаль орчны сайд У.Барсболд, Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Энэтхэг улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шанкар Гупта нар оролцсоноос гадна зарим сүм, хийдийн тэргүүн нар байлцсан юм.