Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалтын тайлбар
Тайлбар
1 .Орон байр гэдэгт тухайн иргэний хууль ёсоор эзэмшин амьдарч байгаа болон тухайн үед түр эзгүй байгаа амьдрах, амрах, ажиллахад зориулалттай орон байрны аль аль нь хамаарна. Орон байр тухайн иргэний өмч мөн эсэх нь үүнд ач холбогдолгүй бөгөөд гагцхүү хууль ёсоор түр болон удаан хугацаагаар эзэмшиж байх нь халдашгүй байдлын хамгаалалтад багтах үндэслэл болно.
2. Энэ хуульд заасан онцгой тохиолдолд өөрөөр хэлбэл, ЭБШ ажиллагааны явцад иргэдийн орон байранд нэгжлэг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн прокурорын зөвшөөрлөөр нэвтрэн орж болно. Энэ тохиолдолд оршин суугч иргэнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин уг орон байранд үзлэг хийх, гэрч, хохирогчийг байцаах, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг байцаан шийтгэх ажиллагаа явуулах шаардлагатай бол оршин суугч иргэний зөвшөөрлийг авсны үндсэн дээр орон байранд нь нэвтрэн орж болно.
12 дугаар зүйл. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хамгаалах
12.1. Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.
Тайлбар
1. 1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараах утгаар ойлгоно
а/ захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг;
б/ эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад евчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;
в/ хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг;
г/гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг /мөн хуулийн 4.2-т/ болон хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно /мөн хуулийн 4.3-т/ гэжээ.
2. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц гэсэн ойлголтыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж буй хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль тогтоомжид
заасан тодорхойлолтын хүрээнд авч үзнэ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хувь хүний нууцын тухай хуульд эрүүл мэнд ба хөрөнгийн нууцын талаар тусгасан нь
хувийн нууцад багтах учир энэ зүйлд заасан журамд нэгэн адил хамаарна.
3. ЭБШ ажиллагааны явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.