Төрсөн хүүхдийг төрөөгүй хүүхдээр зодуулж яана вэ?

. Нэлээдгүй уламжлал болсон Хүүхдийн баяраа сая тэмдэглэв. Сонгуулийн өмнөх ажилтай давхацсан нь онцлог байсан байх. Тиймээ, бидний амьдралд шинээр хэвшил болоод байгаа зүйл гэвэл дөрвөн жил тутамд нэг удаа хувь заяаныхаа сонгуулийг хийх эрхээ эдлэх болсон явдал билээ. Ард түмэн нэг өдөр засаг барьж, түүнд таалагдах гэсэн улс төрийн нам хүчнүүд сонирхлыг хөдөлгөж итгэл авах зорилгоор хөтөлбөр дэвшүүлэн өрсөлддөг нь ардчилсан ба ардчиллаж буй хаана ч байдаг л жам. Сонгогч Танд хандаж хувь нэр дэвшигчээ ийм гавъяатай, тийм гайхалтай гэхчилэн явуулдаг сурталчилгааны асуудлыг нь орхиё. Таны мэргэн ухаан мэдтүгэй. Харин аль намыг сонговол сонгогч та, таны үр хүүхэд, таны улс нийгэм ямар замаар явах гээд байна вэ гэдгийг тодруулахад олон хариуг авах зорилгоор тухайн нам эвслээс дэвшүүлж буй хөтөлбөр зорилтод анхаарлаа хандуулах нь чухал гэж үзнэ. Тэр тусмаа хун бүрт шууд хамаарах гогцоо асуудал бол гэр бүл хүүхдийн хөгжлийн асуудал гэхэд хэн ч маргахгүй байх. Аль аль талынх нь хөтөлбөрт байгаа тийм юмыг дэмжинэ, өргөжүүлнэ, хурдасгана, чанаржуулна, шинэ шатанд гаргана, дорвитой өөрчилнө, ноцтой арга хэмжээ авна гэх мэт ерөнхий амлалтыг нь бас орхиё. Харин хэн хүнд барьцтай бөгөөд ойлгомжтой юуг санал болгож вэ гэдэг дээр авч үзье. Энд нэг талаас Ардчилсан эвслийн хүүхэд бүрт сар бур 10000 төгрөг, Хувьсгалт намын шинээр төрсөн хүүхдэд 100000 төгрөг, шинээр бүртгүүлсэн гэр бүлд 500000 төгрөг гэсэн амлалт зүй ёсоор олны анхаарлын төвд яригдсаар байна. Хүүхэд болон гэр бүлийн хөгжлийн тухай түүхэн ойлголт нийгмийн олон янзын зохион байгуулалтыг даван туулж шилдэг олон ухаантны бясалгалаар боловсрон хөгжсөн түүхтэй билээ. Гэсэн хэдий ч хүүхэд бүрийн төрийн бодлогоор анхаарч жаргалтай амьдрах баталгааг хангах баримтлал дөнгөж 50 гаруйхан жилийн түүхтэй гэхэд гайхмаар. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш соёл иргэншил буй болгосон эцэстээ хоёр ч удаа дэлхийн дайн дэгдээж соёлт бүтээл нь сүйрлийн ирмэгт тулж ирсэн тэр үед эцсийн эцэст энэ дүгнэлтэд хүргэж л дээ. Энэхүү онолын үндсийг тавьсан эрдэмтэн болох английн алдарт эмч ба психоаналитик Жон Боулби өнгөрсөн зууны 50-иад онд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн онцлогийг судалж байгаад тэрхүү гайхамшигт нээлтээ хийжээ. Үүнийг нь өрнөдийн соёлт ертөнц шууд хүлээн зөвшөөрч бодлогоор хэрэгжүүлснээр 50-иад онд бараг эмэгтэй хүн эх болсноор гэр бүлийн хөгжлийн түүхийн алтан үеийг бүрдүүлсэн билээ. Энэ ханд-лага хөгжил Монголд ч мэдрэгдэж нэлээд өөрчлөлт авчирсныг бид бүхэн өөрсдөө гэрчилнэ. Хүний түүх элдэв туршилтаар дүүрэн байсан билээ. Эртний Грекийн Спарта хотод сул дорой төрсөн хүүхдийг шууд хаднаас чулууддаг байсан. Энэ бол төрийн шууд шийдвэр байв. Германы нэгэн судлаачийн зохиолд гарсан баримтыг дурдъя. 1419 онд Италийн Флоренци хотод нэгэн асрамжийн газар жилдээ 5000 хүүхэд хүлээн авч байсан бүртгэл байгаа аж. Хүн ам цөөтэй диваажин мэт байгальтай баялагтай Тоскана нутагт байдаг 16 асрамжийн газрын нэг нь л гэхэд энэ. Өөр нэг баримт Францын нийслэл Парис хотын цагдаагийн газрын 1780 оны нэгэн рапортад тэмдэглэснээр тухайн жил төрсөн 21000 хүүхдээс зөвхөн нэг мянга нь эцэг эх дээрээ үлдэж бусдыг нь гадагш өгсөн байх юм. Тэдгээр асрах газар гэгч нь халдварт өвчний уурхай байсан бөгөөд тэнд очсон хүүхдүүд алах ял авсан ялтангаас өөрцгүй байж л дээ. Хүн сайн явсандаа л ийм юмыг хүсэж хийхгүй нь мэдээж. Төрийн гаж бодлогын шууд тусгал гэвэл энэ. Одоо тоталитар дэглэмд асуудалд яаж ханддаг вэ гэсэн жишээг дурдъя. Гитлер өөрийн солиотой санаархлаа хэрэгжүү-лэхийн тулд герман эхчүүдийг фюрерийн төлөө хүүхэд түрүүлэх демагог суртал ухуулганд автуулж, эхийн загалмайн одон ээргээр урамшуулан олон олон цэрэг төрүүлэх зорилтыг хэрэгжүүлж байсан аж. Оросын нэгэн сонинд гарсан Хрущевын туслахын дурдатгалд нэгэн аймшигт баримтыг дурджээ. 1946 онд Украйнд ургац алдаж өлсгөлөн болж. Хрущев нэгэн хамтралчин эмэгтэйн гэрээр ороход нас барсан охиноо ширээн дээр тавьчихсан тэр эмэгтэй өнгөрсөн долоо хоногт Ванька хүүгээ идсэн, одоо Манькагаа, хэд хоног амьд явах нь ээ гэснийг сонсоод цочирдсон тэрээр улс төрийн товчоонд илтгэхэд, Сталин ихэд хилэгнэж Никита Чи муу народник, бид аугаа их зүйл хэрэгжүүлж байхад ийм юм ярьж явдаг гэхчилэн бут ниргэснийг дурьджээ. Одоо ч энэ бүхэн янз бүрийн хэлбэрээр байсаар оршсоор. Саяхан Хойт Солонгост аймшигт дэлбэрэлт болж олон хүн тэр дотроо хүүхэд амь үрэгдсэнийг хүн бүр сонссон. Хэрэв цаг тухайд нь эрх баригчид нь гадны тусламжийг хүлээн авсан бол илүү олон хүүхдийн амийг аврах байлаа. Энэ бол нэг тал. Гэтэл гадаадын олон агентлагийн харуулснаар нэлээд хүмүүс хоёр Кимийн хөргийг аврах гэж үр хүүхдээ золиослож байсныг юу гэж ойлгох вэ. Филиппинд өөрийн нүдээр харсан нэг жишээ хэлье. Сэргэлэн гэгчийн нэг охин гуйлга гуйхаар гараа тосоход дотор харанхуйлсан зүйл гэвэл түүний бүх хуруу нь мухар байв. Энэ ямар гээчийн өвчин бэ гэж нутгийн эалуугаас асуухад, эх нь гуйлга гуйлгах гээд нялхад нь тайрчихсан, харин ийм хөөрхөн охин болно гэж мэдсэн бол биеэ үнэлэгч болгодог байж гэж л энэ авгай бодож суугаадаа гээд эх рүү нь үзэн ядангуй заав. Ийм байдалд хүргэсэн төр засгийг дутуугүй үзэн ядмаар санагдав. Энэ бүх аймшигт жишээ бидэнд тодорхой өгүүлнэ бус уу. Өнөөдөр нам төрийн удирдагч болж томрох нэг хэрэг маргааш түүх хариугаа гашуун авна шүү гэдэг нь ойлгомжтой. Гэр бүл хүүхдийн талаар
намууд нэгдсэн нэг хөтөлбөртэй болох хэрэгтэй. Энэ сонгуулийн маргааны асуу-дал биш. Ямар маргаан явж байгааг хар л даа. Би тэдийг амлаж байна, үгүй би тэдийг амлаж байна гэх мэт мэтгэлцээн туйлын эмгэнэлтэй.
Тухайлбал, шинээр бүртгүүлсэн гэр бүлд 500000 төгрөг олгоно гэдэг төрийн бод-логыг олон хүн хүлээж авахгүй байгаа нь зөв. Үүгээр босгочихдог гэр бүл байгаа гэвэл хэн ч итгэхгүй. Харин ч гэр бүл бүртгүүлж тогловол нэг оройн баарны мөнгө болох 500 ногооныг чинь даая гэж ойлговол үнэнд нийцнэ. Хээл хахууль ч ихсэнэ. Нөгөөтэйгүур эвслийн дэвшүүлсэн орон сууцтай болгоё гэсэн хөтөлбөрийг бүтэхгүй зүйл гээд сууж байдаг туйлын буруу. 40 мянган орон сууц барих зорилт заавал хэрэгжих ёстой. Үүний цаана наанадаж 40000 гэр бүлийн жар-гал түүнээс олон хүүхдийн ирээдүй байгаа гэвэл хэн ч ойлгоно. Бүтээн байгуулалт ярьдаг нам хүндээ хамгийн ойрхон энэ бүтээн байгуулалтыг битгий эсэргүүцээсэй. Наад зах нь гэхэд олон жилийн турш үргэлжлээд байгаа бид бүгдийг залхааж гүйцсэн шилжилтийн үе гэгч дуусч байгаагийн баталгаа шинэ үе эхэлсний дохио болно.
Хүүхдийн мөнгөний тухайд. Энэ засгийн газрын хамгийн их намчирхдаг сайдын нэг бол хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Цанжид гэж би ойлгодог. Өөр намын үед байгуулсан гээд Монгол-Германы сургуулийг зориудаар дампууруулж, өшөөгөө авч олон хүүхдийн хувь заяагаар тоглосон баримтыг дурдахад хангалттай гэж бодож байна.
Түүний бичиж өгөөд ерөнхий сайд нь сая тунхаглаад байгаа хүүхдийн талаархи үзэл баримтлал гэдэгт нь манайх нэг сая гаруй хүүхэдтэй ийм учраас хүүхдийн талаар явуулах бодлого чухал гэсэн байх юм. Энэ бол анхнаасаа бодлогын буруу суурь дэсвгэр. Манайх одоо байгаа хүүхдийнхээ тооноос бус угаасаа соёлжсон нийгэм байгуулах л гэж байгаа юм бол хүүхдийн талаар төрийн бодлого гаргаж түүнийг намаас үл шалтгаалан хэрэгжүүлэх нь зүйд нийцнэ. Хүүхэд манай ирээдүй гэж цуцалтгүй тунхаглаж залхсан улс бид. Одоо Монгол төр төр
шиг байж хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээх цаг хэдийнээ болсон. Хүүхдэд өдрийн талхыг залгуулах үүрэг бол хамгийн эн тэргүүнд шийдэх зүйл. Төр ард түмний эцэг. Олон жилийн социалист туршилтын уршгаар бэлэнчлэх сэтгэлгээнд донтсон үр хүүхдийнхээ өмнө иргэний үүргээ биелүүлж чадахгүй цөөнгүй эцэг эхчүүдийн хомрогонд тэдгээр хүүхдийн хувь заяаг тоглуулж болохгүй. Тэр эцэг одоо үүргээ биелүүлдэг цаг иржээ. Эвслийн хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэдэг гарцаагүй зөв шийдэл билээ. Үүнийг эсэргүүцэгч бол эх оронч бус хүчин гэж ойлгогдох болно. Үүний хариуд шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг олгоно гэж зорилт дэвшүүлжээ. Хүүхдийн төрөлт сүүлийн 10 гаруй жилд асар багассаныг хүн бүр гадарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, төрд зовлон багатай шийдэх бодолтой аж. Манайд шинээр төрсөн хүүхдээ л анхааръя одоо байгаа нь зураг төөргөөрөө л болно биз гэсэн хүйтэн циник бодлого сайныг авчрахгүй нь мэдээж. Энэ золиосны үеийнхэн чинь шинэ үеэ амьдрах орчингүй болгож хариугаа авна гэдэг бол түүхээс бэлхнээ харагдаж байна.
Үнэхээр ч жишээ нь ээж нь Эрээнд ганзага хийгээд, аав нь Өвөрхангайд шороо зөөгөөд ард үлдсэн 4 хүүхдээ тэжээхийн тулд туйлдан байгаа тэр гэр бүлд та 2 дахиад хүүхэд гаргачих тэгвэл бид 100 ногоон шидье гэдэг бол тоглоом тохуу юу? Амьдарч байгаа сая хүүхдийн асуудал ярьж байхад төрөөгүй хүүхдийн асуудал сөргүүлэн тавина гэдэг бол наанадаж хариуцлагагүй явдал. Манай одоогийн Засгийн газар их дайнч л даа. Дотроо ч намаар ялгаварлан их тэмцэнэ, гаднаа ч дайнд шууд оролцоно. Дайн яав ч сайныг авчирдаггүй гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Өөрсдөөсөө хол байлгахыг залбирч бусдын гашуун сургамжаас суралцаж чадвал сайн төр гэдгээ нотолно. Манайх 1990 онд хүний эрхээс өөрийн эрхэнд шилжиж хөл толгойгоо олохгүй нэгэн багахан дайны чинээтэй үр дагавар амсаж байгаа. Гэхдээ л нийгэм ямар ч онцгой тохиолдолд очсон амьдралаас завсардах аюул нүүрлэсэн хүүхдийг төр ивээлдээ авч хүн болгодог жишээ дэлхийн түүхэнд цөөнгүй бий. Дайны дараах Герман улсын жишээ тодхон харуулна. Нэгэн хэрцгий дайнч засаг гарч ирээд улс орноо нэг самраад хаячихсан түүхийг бид бүгд сайн мэднэ, гэвч ухаанлаг хичээнгүй ард түмэн нь үйлээ үзсэн ч үр хүүхдээ анхаарсаар өндийгээд ирсэн. Бид ч бас бодох ёстой. Өнөөдөр байгаа хэдэн хүүхдээ аваад явчихаж чадахгүй юм бол тиим арчаагүй төрөөр ч яах юм, бурх-наас заяасан энэ их баялгаар ч яах юм, магтаад байгаа ч баригдаж өгдөггүй мянганы замаар ч яах юм.
(өдрийн сонин 2004.06.05 140)