Газрын эзэн, эрх зүйн асуудал

Ер нь шинжлэх ухаанд газрыг 3 янзаар үздэг. Үүнд
1.Газар бол газрын хэвлий, дээд давхарга, ландшафт зэргийг багтаасан газрын ертөнц,
газрын бүрхэвч
2.Бүхий л нутаг дэвсгэрт;
3.Ертөнцийн гадаргуу, хөрс
гэсэн утгыг хадгалдаг.
Тэгвэл эрх зүйн үүднээс газар гэдэгт
-газрын гадаргуу;
газрын хөрс;
-ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг ойлгодог.
Үүнээс үзэхэд шинжлэх ухааны ойлголтоор газрыг өргөн хүрээнд, эрх зүйн үүднээс явцуу утгаар тодорхойлжээ. Энэхүү тодорхой утга нь газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын хүрээг тодорхойлоход арга зүйн ач холбогдолтой.
Монгол Улс ямар хэмжээний газартай вэ?
Монгол Улс 1 сая 564 мянган ам. километр нутагтай ба энэ нь дэлхийн газрын гадаргуугийн 0.31 хувийг эзэлдэг. Монгол газрынхаа хэмжээгээр дэлхийд 17 дугаарт, нэг хүнд ногдох газрын хэмжээгээр нэгдүгээрт ордог. Хэрэв дэлхийн дунджаар нэг хүнд 2,7 га газар оногддог бол Монголд 70 га газар оногддог ажээ. Хоёр их гүрний дунд оршдог энэ их өргөн уудам газрыг өвөг дээдэс маань олон зууны туршид амиа хайрлахгүй хамгаалан тэмцэж, Монголын төр мэргэн бодлогын үрээр бидний үеийг хүртэл бүрэн бүтэн байлгаж ирсэн нь монгол үндэстний нэгэн бахархал мөн.
Тус улсын бүх газар төрийн болон хувийн өмчийн хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл санг бүрдүүлэх бөгөөд түүний 83,4 хувь нь хөдөө аж ахуйн, 0,3 хувь нь хот тосгон, бусад суурины 0.24 хувь нь зам, шугам сүлжээний 11.69 хувь нь ойн сангийн, үлдэх хувь нь улсын тусгай хэрэгцээний газар юм.
Монголд урьд нь хувийн өмч байсан уу?
Энэ нь эрдэмтдийн дунд маргаантай асуудлын нэг. Монголын нэрт түүхч, доктор (8с.О) Гүнжийн Сүхбаатар Монголд газар хааны мэдэлд улсын өмчид байсан гэж үздэг. Манай улсын Ерөнхий сайд асан, эдийн засгийн ухааны доктор (РҺ.О) М.Энхсайхан Хэргийн учир нь газар, бэлчээр нутаг феодалын хувийн өмчид байж, тэдний газар өмчлөл, бэлчээр зохицуулалтаар илэрч байсантай холбоотой гэж бичжээ. Хуульч Ц.Сарантуяа Газрыг хэн ч хувьдаа авч, өөрийн дур хүслээр захиран зарцуулж чадахгүй. Бидний хэн ч шууд утгаараа газрын өмчтөн, газрыг өмчлөх биш, бид зөвхөн газрыг эзэмшигч, ашиглагчид гэж 1991 онд бичиж байв. Гэвч одоо байдал өөр болж, шинэ нөхцөл бий болжээ.
Бидний бодлоор бол нүүдлийн мал аж ахуйн олон зууны туршид эрхэлж байсан Монголчуудын хувьд газар өмчлөх нь сонгодог утгаараа хэрэгжиж байгаагүй, тийм нийгэм, эдийн засгийн нөхцөл ч байсангүй. Өвөлжөө бууцыг үе дамжуулан эзэмшиж байсан хэдий ч түүнийгээ иргэний гүйлгээнд оруулан зарж борлуулж байсангүй. Энэ нь газар өмчлөл бус, харин нутаг эзэмшил юм. Энэ хоёр ойлголтыг зарцуулах эрх бий эсэхээр гол шалгуур болгож ойлгоогүйгээс хоорондоо хольж хутгах явдал гарч байгаа бололтой.
Монголын их хаад газар нутгийг ҮР хүүхэд, шадар туслахууддаа хуваан өгч байсан нь түүнийг хувьд өмчлүүлж, цааш нь худалдаж байсан гэсэн үг огтхон ч биш, харин хамгаалан
эзэмшиж бай гэсэн үг юм. Эзэн Чингис хэлэхдээ Гурван голын урсгалын зүлэг бол манай өвгөдийн хөгжин бадарсан газар орон тул лавтайяа үүрд мандан бататгатугай. Яав ч гадны ардыг бүү суулгагтун гэжээ.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, дэлхий нийтийн жишгээр хөгжиж буй өдгөө цагт газрын нийгмийн асуудал өөрөөр тавигдах болсныг хаа сайгүй ухаарах болжээ.
Хууль гарахаас өмнө газрыг хувьдаа өмчилж байв уу?
Мөнөөх эдийн засгийн эрдэмтэн М.Энхсайхан одоо ч газрыг Монголд хувьдаа өмчилж байна гэж 1991 онд бичээд, түүнийгээ хашаа байшин зарах нэрээр газрыг иргэний гүйлгээнд оруулж байгаагаар тайлбарласан нь үндэстэй зүйл юм Үнэхээр зах зээл, сургууль, цэцэрлэг ойр, хот, суурины төв хэсэгт орших байрлалын хувьд ашигтай хашаа байшинг зарах үнэ захдуу газрын хашаа байшинг зарах үнээс өндөр байгаа нь 1990-ээд оны үеэс ажиглагдаж, одоо нэгэнт бодит зүйл болж биелэлээ олж байна. Иймд газрыг иргэний гүйлгээнд оруулах явдал бүр хэдэн жилийн өмнөөс эхэлж, харин ч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль амьдралаас хоцорч гарсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл хүссэн хүсээгүй Монгол Улс газрыг хувьд өмчлүүлэх нийгэм, эдийн засгийн зайлшгүй шаардлагатай үед нэгэнт тулж ирснийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, эрх зүйн зохицуулалтыг хийхээс өөр аргагүй байдалд хүрчээ.
Өнөөгийн Монголын иргэн газрын шинэ эзэн мөн.
Урьд нь эзэн гэдгийг помещик, хөрөнгөтөн гэдэг утгаар ойлгож байв.Тэгвэл одоо жирийн монгол иргэн газрын эзэн болох боломжтой болов. Үүний эрх зүйн үндсийг Монгол Улсын шинэ Үндсэн хууль Зөвхөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж болно гэсэн заалтаар бий болгож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гарснаар эрх зүйн орчин нь бүрдэж байна.
Газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүж болно гэсэн нь өмчлүүлэхгүй ч байж болно гэсэн утга хараахан биш бөгөөд харин тус улсын иргэн газар өмчлөхийг зөвшөөрч, уг эрхийг нээлттэй болгосон хэрэг юм. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно гэж Үндсэн хуульд заасан нь иргэд газар өмчлөх талаар хязгаарлагдмал эрхийн чадамжтай болохыг харуулна.
Үндсэн хуульд Монголын түүхэнд анх удаа газрын эзэн гэдэг ойлголтыг хэрэглэсэн бөгөөд төр, газрын эзний хооронд үүсэх харилцааны эрх зүйн үндсийг бататган бэхжүүлж, Төрийн газрын эзэнд газартай холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаарашиглавал хураан авч болно гэж заажээ.
Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээний газар, мөн газрын хэвлийг иргэдэд өмчлүүлэхгүй юм. Тус улсын иргэд газрын эрх зүйн харилцааны субъект төдийгүй, газар өмчлөх эрхийн субьектийн давхар статустай болов. Энэ нь газрын эзэн-иргэн шинэ эрх, үүргийг бий болгож эрх зүйн байдлыг нь өвөрмөцөөр зохицуулахад хүргэв. Газрын эзэн өөрийн өмчтэй болж, байгалийн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг захиран зарцуулах эрхээр хангагдаж байгаа нь тус улсын түүхэнд гарсан нэгэн шинэ үзэгдэл бөгөөд энэ нь нийгэм, эздийн засгийн бодит шаардлагаар нөхцөлдөн бий болсон юм. Төр нь иргэнд нэгэнт өмчлүүлбэл түүний өмчид хууль бусаар халдах эрхгүй бөгөөд өмчлөх эрхийн баталгааг хангах үүргийг өөртөө хүлээх ёстой. Иргэн өөрийн өмчөө яасан ч яахав гэсэн байдлаар бус газарт эзний ёсоор хандаж, хуулийн хүрээнд захиран зарцуулах эрхээ эдлэх нь зүйтэй.
Урьд нь иргэн эрх зүйн харилцаанд зөвхөн газар эзэмших, ашиглах эрхтэй оролцож байсан бол одоо үүгээр хязгаарлагдахгүй, шинээр захиран зарцуулах эрхтэй болж байгаа нь газрын эзэн болж буйг илтгэн харуулж байна. Газрын эзэн газар өмчлөгч, газар өмчлөх эрхийн субъект гэсэн ойлголт нь хувийн газар өмчлөлийн эрх зүйн харилцаанд ижил утгатай юм. Хувийн газар өмчлөлийн эрх зүйн харилцаа нь газрын эрх зүйн харилцааны нэгэн шинэ төрөл бөгөөд иргэдийн газар өмчлөх эрх нь эрх зүйн бие даасан институт болно.
Энэ нь Иргэний эрх зүйн өмчийн эрх зүй, Газрын эрх зүйн газар өмчлөх эрх гэсэн ойлголтын хүрээнд давхар судлагдах учиртай., хууль зүйн шинжлэх ухааны нэгэн шинэ чиглэл юм. Иргэдийн хувийн газар өмчлөлийн эрх зүйн харилцааны субъект нь тухайн газрын эзэн болно. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх эрхийн чадамжтай, тус улсын 18 насанд хүрсэн иргэн субъект болно. Уг эрх зүйн харилцааны объект нь тэрхүү. субьектэд төрөөс олгосон тодорхой хэмжээний газар болно. Төрөөс гэдэг нь эрх зүйн тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах байдлаар хэрэгжинэ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийслэлд нэг иргэний гэр бүлд 0,07 хүртэл га, аймагт 0,35 хүртэл га, сум, тосгонд 0,5 хүртэл га газрыг өмчлүүлэхээр заасан нь иргэдийн хувийн газар өмчлөлийн эрх зүйн харилцааны обьект болно гэсэн үг юм. Иргэдийн газар өмчлөлийн эрх зүйн харилцааны агуулга нь тухайн газар өмчлөгч-субьектийн газрынхаа талаар эдлэх эрх, биелүүлэх үүрэг төдийгүй, эрх үүргээ хэрэгжүүлэх талаар явуулах үйл ажиллагааны цогц гэдэг утгаар бүхэлд нь үзэх шаардлагатай. Иргэдийн газар өмчлөх эрхийн агуулга нь
-газар эзэмших ;
-газар ашиглах;.
-газрыг захиран зарцуулах;
-газрыг хамгаалах гэсэн 4 үндсэн элемэнтээр тодорхойлогдоно.
Энд эхний 3 эрх нь уламжлалт шинж чанартай бөгөөд харин 4 дэх эрхийг бид онолын хувьд зайлшгүй байх ёстой элемэнт гэж үзэж байгаа юм. Хэрэв газар эзэмших нь газрыг мэдэлдээ байлгах, газар ашиглах нь газрын ашигтай чанарыг илрүүлэн гаргаж авах, газрыг захиран зарцуулах нь түүнийг бусдад шилжүүлэх, худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэрэг боломжтой байхыг хэлдэг бол газрыг хамгаалах нь газрын бүтэн байдлыг хангах, эвдрэл, гэмтэл, бохирдолд оруулахгүй байх, хууль бус эзэмшлээс сэргийлэх явдал мөн. Өмчийн олон хэлбэр бий болж байгаа зах зээлийн харилцааны нөхцөлд өмчид хууль бусаар халдах явдал олонтаа гарч байгаа нь өмч хамгаалахыг өмчлөх эрхийн бүрэлдэхүүн хэсэг, дөрөв дэх чухал элемэнт болох эрх зүйн үндэслэлийг зайлшгүй нөхцөлдүүлж байгаа болно. Иймд өмчлөх эрхийн агуулгад шинэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хуучныхаа янзаар догма байдлаар хандах нь өнөөгийн эрх зүйн сэтгэлгээнд төдийлөн таарахгүй юм гэдгийг эрх биш ухаарах учиртай. Мөн өмчийн эрх зүй нь өмчийн харилцааг тусгайлан зохицуулсан хууль зүйн хэм хэмжээний бүрдэл цогц, эрх зүйн институт болдог өмчлөх эрх нь иргэдийн өмчтэй байх боломж, субъектив эрх хэмээн заагтай үзэх нь онол практикийн хувьд төдийгүй, эрх зүйн зохицуулалтыг нарийвчлахад арга зүйн ач холбогдолтой.
Төр, эрх зүйн шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич, МУИС-ийн тэргүүлэх профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Т.Сэнгэдорж