Дэлхийн Худалдааны байгууллагын гол хэлэлцээрийн тухай

Хуульчдын дунд Дэлхийн худалдааны байгууллагын талаар та юу мэдэх вэ?, ГАТТ гэж юу вэ? гэсэн асуулт тавихад ДХБ-ын талаар хагас дутуу хариулж, харин ГАТТ-ын талаар дийлэнх нь ямар ч ойлголтгүй байдаг. Тэр ч байтугай, ГАТТ нь ямар нэгэн улсын нийслэл болов уу гэсэн хариултыг өгч байсан тохиолдол ч гарсан. Хуульчид энэ байгууллагын талаар иймэрхүү төвшингийн мэдлэгтэй байхад жирийн иргэдийн энэ талаархи мэдлэг ямар байх нь ойлгомжтой билээ.
Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орохдоо уг байгууллагын өмнө Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн олон амлалт үүргийн дотор ДХБ, түүний гол хэлэлцээрийн талаар ард иргэддээ тайлбарлан таниулж өргөн сурталчлах үүрэг гарцаагүй орж байгаа юм
Иймд энэ байгууллагын талаар, нэн ялангуяа, энэ байгууллагын үндсэн зорилго, чиг үүргийн талаар, түүнчлэн уг байгууллагаас баталсан гол хэлэлцээрүүдийн талаар хуульчдад товч ойлголт өгөх нь зүйтэй гэж үзэж энэхүү өгүүллэгийг бичлээ.
Дэлхийн худалдааны байгууллага ямар байгууллага вэ?
Дэлхийн худалдааны байгууллага гэж засгийн газар хоорондын байгууллага бөгөөд тус байгууллага нь гишүүн орнуудаас худалдааны талаархи үндэсний хууль тогтоомж, дүрэм журмаа хэрхэн бүрдүүлж биелүүлэхээ тодорхойлоход нь тэдэнд тус дэм үзүүлэх зорилготой бөгөөд эрх зүйн болон зохион байгуулалтын үндэс суурийг нь хангадаг.
Энэ байгууллага нь хамтаар шүүн хэлэлцэх, хэлэлцээ хийх болон маргаан шийдвэрлэх замаар улс орнуудын хооронд худалдааны харилцааг хөгжүүлэх тавцан нь болж өгдөг юм.
ДХБ нь 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Маррокогийн Маракеш хотноо болсон уулзалтын үеэр гарын үсэг зурсан Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай хэлэлцээрээр байгуулагдаж албан ёсны үйл ажиллагаагаа 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс явуулж эхэлсэн юм.
ДХБ нь ГАТТ-ын залгамжлагч байгууллага мөн. ДХБ нь ГАТТ-ын зохион байгуулалтын бүтэц, зарчмуудыг өөрийн гэрээ, хэлэлцээрт нэгтгэсэн байна.
2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ДХБ нийт 144 гишүүнтэй бөгөөд дэлхийн худалдааны 90 гаруй хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар 30 гаруй улс уг байгууллагад нэгдэн орох хүсэлтээ гаргаад байна. Эдгээр орон нь хөгжиж буй орнууд буюу эдийн засаг нь шилжилтийн үедээ байгаа улс орнууд юм /Тухайлбал, Армени, Азербайджан, Белорусс, Бутан, Вьетнам, Кампучи, Балба, ОХУ, Украин, Югослав г.м/ ДХБ-ын үндсэн зорилго нь худалдааны урсгалыг саадгүй, чөлөөтэй, шударга ба урьдчилан харж болохуйц байлгах талаар гишүүн орнуудад туслах явдал юм.
ДХБ нь дээрх зорилгоо дараахь арга замаар хэрэгжүүлдэг байна. Үүнд
– худалдааны хэлэлцээрийг удирдан зохион байгуулах;
– худалдааны хэлэлцээ хийхэд зориулсан чуулганы хэлбэрээр үйл ажиллагаагаа
явуулах
– худалдааны маргаан шийдвэрлэх;
– үндэсний худалдааны бодлогыг хянах;
– техник туслалцаа болон сургалт зохиох замаар хөгжиж буй орнуудын худалдааны бодлогын
асуудалд туслалцаа үзүүлэх;
– бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
ГА ТТ-ын товч түүх ба хөгжил
ДХБ-ын үйл ажиллагааны талаар судалж үзэхийн тулд ГАТТ-ын тухай гарцаагүй ярих шаардлагатай болдог. Иймээс ГАТТ гэж юу болох, ГАТТ хэрхэн яаж үүсч хөгжсөн тухай товч дурдах нь зүйтэй юм.
ГАТТ нь дараахь хоёр үндсэн чиг үүрэгтэй
-олон улсын худалдааны байгууллага
-олон талт олон улсын хэлэлцээр
ГАТТ бол ДХБ-ын эрх зүйн үндсийн гол бүрэлдэхүүн хэсэг нь юм.
ГАТТ-ыг байгуулах түүх нь дэлхийн хоёрдугаар дайны дараахь жилүүдэд буюу
1946-1948 онуудад НҮБ-ын хүрээнд Олон улсын худалдааны байгууллага байгуулах талаар чармайлт гаргаж байсан тэр үеэс эхлэлтэй.
ГАТТ нь Дэлхийн II дайны дараа олон улсын худалдаа, валютын солилцоо болон хөгжлийн сангийн асуудлуудыг эрхлэх шинэ байгууллагуудын бүтэц бий болгох зорилт тавьсан Бреттон Вудын системийн нэг хэсгийг бүрдүүлсэн байгууллагуудын нэг нь билээ.
Дайны дараахь тэр үед Бреттон Вудын системийн улс орнууд нь энгийнээр хэлэхэд протекционизмыг халж чөлөөт худалдааг хөгжүүлэхийг хүсч байлаа.
Протекционизм гэдэг нь чөлөөт худалдааны эсрэг зүйл бөгөөд чөлөөт худалдааг хязгаарлахыг хэлнэ.
Чөлөөт худалдааг хязгаарлах нь ямар сөрөг үр дагавартай болохыг түүх бэлхнээ харуулж байгаа билээ.
Тухайлбал, судлаачид Англи, Германыг дэлхийн 1, 2 дугаар дайныг өдөөсөн хоёр гол орон гэж үздэг байна.
Дайн хийх гол шалтгаан нь эдийн засгийн өрсөлдөөн байв. Тэр үеийн хүчирхэг Англи улс нь протекционизмыг дэмжиж чөлөөт худалдаа хийхийг хязгаарлаж байжээ. Англи улс тэр үед Герман улсаас өөрийн колони орнуудтай наймаа хийхэд нь хориг, хязгаар тавьж байжээ. Ийм учраас энэ нь дайн эхлэх гол шалтгаан болсон ч гэж үздэг юм байна.
Дайны дараахь жилүүдэд дэлхийн олон орон протекционист системийг халж чөлөөт худалдааг хөгжүүлэхийг хүсч байлаа.
Тэр үед анхаарал татаж байсан 3 чухал асуудал байв. Үүнд
– олон улсын худалдааг хөгжүүлэх /хил дамжуулан худалдаа хийх/;
– хөрөнгө оруулалтыг дэмжиж
хөгжүүлэх;
– гадаад валютын солилцоог бий
болгон хөгжүүлэх.
Тэр үед дотоодын мөнгийг чөлөөтэй хөрвөх гадаад валютад шилжүүлж болдоггүй байлаа.
Дээрх анхаарал татсан 3 асуудалтай холбогдуулан дайны дараа олон чухал үйл явдал өрнөсөн байна. Тухайлбал
-1945 онд Сан Францискод НҮБ байгуулагдсан. НҮБ-ын хүрээнд улс орнууд Олон улсын худалдааны байгууллага байгуулах чармайлтыг гаргаж эхэлсэн байна.
-1946 онд Олон улсын валютын сан болон Дэлхийн Банк байгуулагджээ. Олон улсын валютын сан, түүнчлэн тэр үед Сэргээн босголт болон хөгжлийн олон улсын банк
хэмээн нэрлэгдэж байсан Дэлхийн банк нь Бреттон Вудын системд татагдан орсон байлаа. Бреттон Вудын системийн орнуудын 2 гол төлөөлөгч нь АНУ болон Англи улс байв.
– 1947 онд Бреттон Вудын системийн орнууд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн өмнөх түр хэлэлцээр-т гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийг Олон улсын худалдааны байгууллага байгуулах хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн боловч ОУХБ нь хэрэг дээрээ хэзээ ч байгуулагдаагүй байна. Учир нь ОУХБ-ыг байгуулах шаардлага, хэрэгцээ байхгүй гэж үзээд ГАТТ-ыг ОУХБ-ын оронд байгуулсан байна.
Ийнхүү ГАТТ-д 1947 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурж 1948 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсөн байна.
Хэдийгээр ГАТТ байгуулагдсанаар олон улсын худалдаанд томоохон хувь нэмэр оруулсан гэдэг нь ойлгомжтой ч ГАТТ нь гагцхүү тун энгийн гэж хэлж болох худалдааг зохицуулж байлаа. Энэ нь тийм ч чанга зохицуулалт биш байв. Тэр үед ГАТТ маш сул байгууллага байв. Ийм ч учраас ГАТТ-ын талаар дахин хэлэлцээ хийж эхэлсэн байна. Дахин хэлэлцээ хийх явц нь хэд хэдэн үе шатыг дамжжээ.
Тухайлбал, ГАТТ-ын хүрээнд тариф бууруулах асуудлаар 1947 онд Женевт, 1949 онд Францын Аннеси хотод, 1950 онд Английн Торки хотод, 1956 онд дахин Женевт бага хурлууд тус тус зохиогджээ. Түүнчлэн ГАТТ-ыг боловсронгуй болгоход Диллоны, Кеннедийн, Токиогийн үе шатууд хэмээн алдаршсан, 1960-1979 оны хооронд хуралдсан бага хурлууд ихээхэн хувь нэмрээ оруулсны зэрэгцээ 1986-1994 оны хооронд үргэлжилсэн Уругвайн үе шат нь ГАТТ-ын хувь заяанд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү олон арван жилийн туршид хийсэн хэлэлцээний үр дүнд ГАТТ-ын системийг боловсронгуй болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд 1994 оноос шинэчлэгдсэн Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр буюу ГАТТ-1994 үйлчилж эхэлсэн байна.
Дэлхийн худалдааны байгууллагын гол хэлэлцээр гэж ямар хэлэлцээрийг хэлэх вэ?
Дэлхийн худалдааны байгууллагаас олон тооны олон талт гэрээ, хэлэлцээр, тохиролцоо, тайлбар, жишиг зэрэг 180 гаруй эрх зүйн баримт бичиг батлан гаргажээ.
Дэлхийн худалдааны байгууллагын гол хэлэлцээрт дараахь багц хэлэлцээр хамаарна. Үүнд
1. 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр
-1947 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн П-ын 1В зүйлийн тайлбартай холбогдсон тохиролцоо;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн XҮII зүйлийн тайлбартай холбогдсон тохиролцоо;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн төлбөрийн тэнцвэрт хамааралтай зүйл, заалтуудтай холбогдсон тохиролцоо;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн ХХ1Ү зүйлийн тайлбартай холбогдсон тохиролцоо;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд үүргээс чөлөөлөгдөх талаархи тохиролцоо;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн ХХҮШ зүйлийг тайлбарлахтай холбогдсон тохиролцоо;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн Марракешийн протокол.
2. Олон талт хэлэлцээр байна
-Барааны худалдааны тухай олон талт хэлэлцээр;
-Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр;
-Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ хэрэглэх тухай хэлэлцээр;
-Сүлжмэл эдлэл болон хувцасны тухай хэлэлцээр;
-Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр;
-Худалдаатай холбогдсон хөрөнгө оруулалтын арга хэмжээний тухай хэлэлцээр;
-1994 оны Тариф, худалдааны тухай ерөнхий хэлэлцээрийн Ү1 зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр /демпингийн эсрэг/;
-1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн ҮП зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр;
-Ачилтын өмнөх хяналт шалгалтын тухай хэлэлцээр;
-Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр;
-Импортын лицензийн журмын тухай хэлэлцээр;
-Татаас болон саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцээр;
-Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээр.
3. Үйлчилгээний худалдааны тухай ерөнхий хэлэлцээр /ГАТС/;
4. Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/;
5. Маргаан шийдвэрлэх асуудлыг зохицуулах дүрэм, журмын тухай харилцан ойлголцох баримт бичиг;
6. Худалдааны бодлого хянах механизмын тухай хэлэлцээр;
7. Олон талт худалдааны хэлэлцээрт
-Иргэний агаарын тээврийн онгоц худалдах тухай хэлэлцээр;
-Засгийн газрын хангалтын тухай хэлэлцээр;
-Сүүн бүтээгдэхүүний тухай олон ул сын хэлэлцээр;
-Үхрийн махны тухай олон улсын хэлэлцээр. /Тайлбар эдгээр 4 хэлэлцээрийг гагцхүү нэгдэн орсон улс орон дагаж мөрдөх үүрэг хүлээнэ/
Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийп тухай
ДХБ байгуулах тухай хэлэлцээрт тэмдэглэсний дагуу 1948-1993 онд мөрдөгдөж байсан ГАТТ буюу Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийг ГАТТ-1947 буюу ТХЕХ-1947 гэж нэрлэх болсон. Харин ДХБ-ын бүрэлдэхүүнд орсон Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг ГАТТ-1994 буюу ТХЕХ-1994 гэж нэрлэдэг бөгөөд ГАТТ-1947, ГАТТ-1994 нь эрх зүйн хувьд өөр өөр баримт бичиг юм.
Одоогийн байдлаар, ГАТТ нь ДХБ-тай зэрэгцэн оршин тогтнож байна. ДХБ-ын бүрэлдэхүүнд ГАТТ-1994 ордог бөгөөд үүнээс үл хамааран ГАТТ-1947 үйл ажиллагаагаа бие даан үргэлжлүүлсэн хэвээр байгаа билээ.
Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр нь дэлхийн экспортын 90 орчим хувийг эзэлдэг 125 улс оролцсон олон талт хэлэлцээр бөгөөд үндсэн зорилго нь гадаад худалдааг аль болох чөлөөтэй хийх, алдагдалгүй байлгах үндсийг бүрдүүлэн улс орнуудын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр, хандив оруулахад оршино.
ГАТТ нь худалдаа хийх үндсэн зарчмуудыг тусгасан гэрээний үүргээс гадна түүнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх олон улсын худалдааны шинэ арга зам боломжийг нээх асуудлыг хэлэлцдэг томоохон байгууллага юм.
Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр нь Оршил, 38 зүйл бүхий 4 хэсэг, 9 хавсралт, оролцогч улс орнуудын үндэсний гаалийн хөнгөлөлтийн жагсаалтуудаас бүрдэнэ.
1 дүгээр хэсэг буюу 1, 2 дугаар зүйл нь татвар хураамж авах горимыг тодорхойлно. 2 дугаар хэсэг буюу 3-23 дугаар зүйлүүдэд тарифын бус арга хэмжээг авах журмыг тодорхойлсон байдаг. 3 дугаар хэсэг буюу 21-30 дугаар зүйлүүд нь зохион байгуулалт-техникийн асуудлыг хамарсан байна. Тусгайлан тэмдэглэхэд, 13 дугаар зүйлд шинэ тулгар орнуудын эдийн засгийн хөгжилд үзүүлэх засгийн газруудын тусламжийн тухай заасан байдаг бөгөөд уг хэлэлцээрт нэмэлт болон орсон 1 дүгээр хэсэгт энэхүү заалтыг өргөжүүлжээ. Худалдаа ба хөгжил гэсэн 1 дүгээр хэегийг 1966 онд нэмэлт болгон оруулсан ба энэ хэсэг нь хөгжиж буй орнуудад үзүүлэх тусгай хөнгөлөлтүүдийг агуулсан байна.
ГА ТТ-ын үндсэн зарчмууд
ГАТТ-ын хүрээнд дор дурдсан хэдэн зарчим нэн чухал үүрэгтэй бөгөөд эдгээр нь бүгд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт тусгагдсан болно. Үүнд
– Үндэсний нэн таатай нөхцөл олгох дэглэм /англиар Most-Faүoured-Nation эсхүл MFN Treayment гэнэ/ гэдэг зарчим бөгөөд энэ зарчмын дагуу хэлэлцээрт оролцогч улс орнууд өөр хоорондоо худалдаа хийхдээ бусад улсынхтай адил хэмжээний татвар суутгах үүрэг хүлээдэг байна. Ийнхүү оролцогч бүх улс ямар нэгэн улсыг ялгаварлан гадуурхалгүй, тэгш эрхийн үндсэн дээр худалдаа хийж, гаалийн хураамж багасах тохиолдолд бүх оролцогч орон түүний үр ашгийг тэгш хүртэх эрхтэй.
– ГАТТ-ын дараагийн чухал зарчим болох Үндэсний дэглэм гэдэг нь татвар ногдуулах /хураах/, дотооддоо бараа таваар худалдаалах, тээвэрлэх, хуваарилах, ашиглахад импортын бараанд дотоодын бараатай өрсөлдөх адил нөхцөл бүрдүүлэхэд оршино. Энэ зарчмын дагуу импортын бараанд ногдуулах татвар нь ижил төрлийн дотоодын бараанд ногдуулах татвараас дээшгүй байх ёстой.
– Тарифын механизмын тусламжтай худалдааны эрх ашгийг хамгаалах зарчим нь ГАТТ-ын бас нэг чухал зарчим мөн. Энэ зарчим ёсоор аливаа гишүүн улс орноос худалдаа, эдийн засгийн эрх ашгаа хамгаалах шаардлага гарах үед тарифаас бусад механизм ашиглахыг нь хориглодог. Тарифын механизмаар дамжуулан тухайн улс орны гадаад худалдааны салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ нь бусад гишүүн улс орны хувьд ил тод байх ёстой.
– Эцэст нь, ГАТТ-ын мөн нэг чухал зарчим болох худалдааны үндсийг тогтвортой хангах зарчмын тухай тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ зарчмын дагуу гишүүн улс орнууд өөр хоорондоо худалдаа хийхдээ хэлэлцэж тохирсон гаалийн хураамжийн төвшинг баримталж байх ёстой. Үүнээс гадна, орон бүр бараа тус бүрээр гаалийн хураамжийн хэмжээгээ тодорхойлж тарифын жагсаалт гаргах ёстой. Тохирсон тарифын хэмжээг дахин хэлэлцэн өөрчилж болох боловч бусад гишүүн улс орон үүний хариуд мөн өөрсдийн тарифыг өөрчлөхийг эрмэлзэх тул ГАТТ ийм хандлагыг төдийлөн дэмждэггүй байна.

/ХЗYТ-ийн Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч, докторант Б.Отгонбаяр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button