Сонгуультай зуны амралт

Yүний тулд мэдээж тодорхой хэмжээний хөлс хүч, хөдөлмөр зарцуулах хэрэгтэй байх л даа. Батаа өнгөрсөн зун жуулчид дагуулаад бүтэн гурван сар хөдөөгүүр тэнэжээ. Хэлний чиглэлээр суралцдаг түүний хувьд энэ нь асар их туршлага ч болж. Тэр хичээлийн шинэ жил эхлэхэд төлбөрөө хийгээд зогссонгүй, өөрийгөө сайхан хувцасласан байлаа. Оюутнууд амралтаараа юу хийдэг вэ? Сүүлчийн хичээл дуусав уу, үгүй юу тэд ажлын эрэлд гардаг. Зарим нэг нь мэргэжлийн дагуу оффисийн аятайхан ажил хийх бодолтой байхад зарим нь хар бол ямар ч хамаагүй, мөнгө л олж байвал болоо гэх. Гэхдээ даржин оюутнуудын хувьд танил тал, ах дүүгийнх нь туслалцаагүйгээр боломжийн ажил олох нь тун ховор. Тиймдээ ч тэдэнд голдуу л баар, цэнгээний газрын үйлчлэгч, зөөгч, сав угаагч, ачаа буулгагч, хамгаалагч, барилгын ажил, эс бөгөөс аль нэг үйлдвэрт савалгааны тасагт зэрэг хар бор ажил л ноогддог. Гэхдээ тэдний хэлдгээр заваан гээд цамаархаад байгаа энэ ажил нь зарим үед бүр олдох ч үгүй гээч. Харин энэ жилийн хувьд тэд тун өөдрөг байцгаана. Яагаад гэхээр сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшээд буй улс төрчдөд гар хурууны үзүүрт зарах хамгийн хямдхан, бас тэгээд дуулгавартай ажиллах хүчин бол яахын аргагүй оюутнууд. Суралчилганы материал тараах, шоу хөтлөх, зохион байгуулах, нийтийг уриалах гээд залуусын дуу хоолой тэдэнд мэдээж хэрэг чухал байхаас яахав. Энэ сарын сүүлч хүртэл залуус маань ямартаа ч ажил хайж гутлаа ханзартал тэнэх шаардлагагүй болох нь. Ажлынхаа хөлсөнд төдий их биш ч бололцооны мөнгө амлаад байгаа хэмээн сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж буй нэгэн оюутан ярьсан юм.
/өнөөдөр 2004-6-07/