Монголын хээр тал тоглоом биш шүү!

. Нөгөө америк эр гавьяа байгуулсан мэт ханхалзаж байгаад нутаг буцсан даа. Бодвол Монгол бол хүн алсан ч шийтгэл хүлээдэггүй, манайхаас (Америкаас) хавьгүй илүү эрх чөлөөтэй орон гэж яриад явж байгаа биз.
Бидний! үл тоомсорлогчдын эгнээнд сүүлдээ манайд сүүгаа дипломатууд ч орж ирж байгаа янзтай. ХБНГУ-аас манайд суугаа ЭСЯ-ны консул Томас Шерер гэгч бардам дээрэнгүй эр бага балчир охиныг бэлгийн хүчирхийлэлд уруу татах гэсэн хэрэгт холбогдсон, Тэрбээр буга намнаж халуун цусыг нь зооглох гол зорилготойгоор Сэлэнгэ нутгийг маань зорьсон юм гэнэ лээ. Тэгж явахдаа хөдөөгийн нэгэн борог айлд бууж. Тэднийх бага насны охинтой юм байж. Ихэмсэг шалиг эр түүнийг нь хуурч машиндаа оруулаад заваарах гэж элдвээр оролдсон гэж байгаа. Ийм юм болсны төлөө гомдол гаргалгүй яахав. Охины эцэг, эх гомдол гаргаж, холбогдох байгууллагууд шалгаад ноён Шерерийн шившигт үйлдлийг нотолсон. Гэлээ ч Өрнөдийн дипломатч уснаас хуурай гараад алга болсон. Дараахан нь нийслэлд нэг муу өвгөнийг бас машинаараа шүргэсэн хэрэг тарьсан. Мөн л гэм халгүй мултарч чадсан. Хэвлэл, мэдээллийнхэн л хуулийнхны чихэнд баахан хонх уяснаас өөр ноцтой юм болоогүй.
Манайд байгаа Польшийн консул Лощик гэгч саяхан монгол жолоочтойгоо алдар цуутай Мэнэнгийн талд маань усанд хаясан чулуу шиг болчихоод дээр доргүй сандаргав. Түймэрт машин нь шатсан байж гэнэ. Өөрсдөө ч арай шатчихаагүй бололтой. Түймэр гарсан нь тэдний машинтай холбоотой байж магадгүй. Чононд бариулсан бол гавлынх нь яс үлдэх учиртай аж. Польшийн Элчин сайд нь хамт явж байгаад буцаж, консул нь жолоочтойгоо цаашаа явсан бололтой гэх мэтээр сонин, хэвлэлүүд мэдээлж байсан. Хэд хоногийн дараа олдсон түүнийг одоо бараг л баатар болгох нь халаг байна. Тэднийг энэ сарын 7-ны орой Дорнод аймгаас онгоцоор нийслэлд ирэхэд сурвалжлагчидтай ч үг солиулалгүй хамгаалж халхавчилсаар авч одсон гэсэн. Харин жолооч М.Галт нь зарим зүйлийг ярьжээ.
Түүний ярьснаас үзвэл тэд дөрөв хоног дан ус уусаар явж 200 шахам км зам туулж амьтан хүнтэй учирсан гэнэ. Тэгэхдээ замд тааралдсан нуур шалбаагийн ч юм уу, бохир усаар гол зогоож явсан бололтой. Тэдний явж байсан газар гарсан түймрийг машиных нь мотор шатсанаас үүдэлтэй гзж жолооч нь хүлээн зөвшөөрчээ. Энэ түймэр тухайн орон нутагт 20-иод сая төгрөгийн хохирол учруулсан гэж одоогоор үзэж буй юм билээ.
Социализмын гэх үе манай улсын түүхэнд гүн шингэсэн. Гүнзгий ч ул мөр үлдээсэн. Тэр үед буюу 1990 оноос өмнө манайд гадаадын Элчин сайдын яам цөөн байсан. Социалист гэгдэх цөөн орныхон л зонхилно. Тэгэхэд гадаадын дипломат ажилтнууд нийслэлээс 45 км-ээс хол газар явахаар бол манай ГЯЯ-нд мэдэгддэг байж. Энэ нь социалист орнуудынхаа хүмүүст элдэв муу, золгүй явдал тохиолдчихвий гэж с эрэмжилдгээс, капита лист орнуудынх бол бидний муу муухай олоод үзчихвий, тагнах турших юм биш байгаа хэмээн болгоомжилдгоос үүдэлтэй байсан гэж муугаар хэлэх нь бий. Ямар ч байсан дипломатууд нь халдашгүй дархан эрх гэдгээрээ түрий барьж зоргоор авирладаггүй, бид ч тэдний амь насны төлөө санаа тавьдаг байсан. Өөрөөр хэлбэл дэгтэй журамтай байж.
Энэ журам 90 оноос хойш алдагдаж. Гадаадынхан хувиараа бол манай хаана ч хэзээ ч очиж, хэнтэй ч уулзаж юуг нь ч сонирхож болно. Тэгэхдээ манайхны хэнд ч мэдэгдэх шаардлагагүй болсон аж. Гагцхүү оршин суугаа орныхоо хуульд хүндэтгэлтэй хандах үүргийг төрөөсөө авсан байдаг. Харин албан ажлын шугамаар ийш тийшээ явах бол өөр. Гадаад хэргийн яамны Ёслолын хэлтсийнхэнд, очих газрынхандаа мэдэгдэнэ. Гадаадын эдгээр хүмүүсийн ажилд дэмжлэг туслалцаа үзүүлээрэй гэх даалгаврыг төр, засгийн байгууллагууд дээрээс нь өгнө. Байнга холбоо барьж байх тул албан ажлаар орон нутагт яваа гадаадын дипломатуудыг хаана байгааг нь аль аль тал нь мэдэж байна.
Мэргэжлийн хүмүүсээс сонирхвол одоо цагт ихэнх оронд байдал ийм л болсон юм байна. Гадаадын нэлээд оронд байгаа манай дипломатууд ч ялгаагүй. Гэхдээ ийм чөлөөтэй, эрх дураар байх эсэх нь тухайн орны нийгэм, улс төрийн байдал, хууль тогтоом-жоос ихэд хамааралтай, Тухайлбал Египет улсад байдал манайхаас шал өөр гэсэн. Эднийх онцгой байдлын хуультай гэдэг орнуудын тоонд ордог юм байна. Ийм оронд гадаадын дипломат ажилтан л бол ямар зэрэглэлийн, ямар албан тушаалтай байхаас нь үл хамааран тусгай хамгаалалт гаргаж өгдөг аж.
Та нар тэнд. юу хийж явсан юм бэ гэж сурвалжлагч асуухад Польшийн консултай Мэнэнгийн талд амиа алдах шахсан монгол жолооч Мэдэхгүй гэж хариулсан байсан. Мэдэхгүй нь үнэн байх. Түүнд битгий хэл, манай төрийн байгууллагад хэлээгүй юм чинь. Ерөөс юу хийх гэж яваагаа дипломат хүн жолоочдоо хэлэх ямар алба байхав.
Гэхдээ манай зарим хэвлэлд бичсэнээр мэргэжлийн тагнуулч польш эр чухамхүү ямар зорилгоор гадныхан битгий хэл монголчууд өөрсдөө яасхийгээд туулья даа гэдэг тэр Мэнэнгийн талд явж байсан нь сонирхол татна. Түүнийг УИХ-ын сонгуулиин бэлтгэл ажлын явцыг сонирхох зорилготой байсан гэж хэвлэлд мэдээлсэн. Тийм байж бодох л юм. Тэгвэл яагаад заавал алс холын Дорнод аймгийг сонгож авав? Үнэхээр манай төрийн сонгуулиин ажлын явцтай танилцах байсан юм бол яагаад Гадаад хэргийн яамнаас аваад Дорнод аймгийн хийгээд замын сумдын Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэнгүй вэ? Элчин сайдаас өөр бараг хэнд ч мэдэгдэлгүй явсан юм байна лээ. Манай Гадаад хэргийн яаманд огт дуулаагүй болохыг Засгийн газрын гишүүн Л.Эрдэнэчулуун нотолсон байсан. Тэрбээр, энэ асуудалд олон улсын жишгийн дагуу хандаж Польшийн консулын эрхийг нь түдгэлзүүлэх улс орноосоо гаргаж явуулах хүртэл арга хэмжээний аль нэгийг нь авахуулах асуудлыг хөндөнө гэж хэлсэн байна лээ. Овоо шүү, төр, засгийн хүмүүс маань ингэж нэг дуугарч баймаар даа.
Польшийн консулыг амьд мэнд үлдсэнд нь баярлахын зэрэгцээ түүний энэ болчимгүй гэхээсээ илүү учир битүүлэг гэмээр үйлдэл манайд ажиллаж, амьдарч буй гадаадын орнууд, олон улсын байгууллагын ажилтнуудад сургамжтай гэж бодогдоно. Дэлхийд алдартай Монголын хээр тал гадныханд битгий хэл монголчууддаа тоглоом биш байдаг юм. Тэнд айл амьтан тааралдах нь битгий хэл, шувууд ч нисэхгүй хэдэн зуун ч км нутаг бий. Тэнд ус ховор. Тэнд гадаадын орнуудынх шиг замд байсгээд л шатахуун түгээх газар, гуанз дайралдахгүй. Явгарсан хүмүүс байтугай машинтай хүмүүс ч талын цагаан зээрийг агнахад төвөгтэй. Ийм амь өрссөн гэмээр аян сэм хийх ямар шалтгаан байсан юм бол, Польшийн консулд?
(өнөөдөр 2004-06-09 135)