Төр засаг энэ дөрвөн жил миний эсрэг ажилласан

-Нутаг ус гэдэг хүний сэтгэлийг үргэлж даллан дуудаж байдаг. Нутагтаа яаран тэмүүлээд очих үе байдаг л байх. Та тийм үеэ дурсвал?
-Тэгэлгүй яахав. оюутан байхдаа нутаг уснаасаа бүр эх орноосоо хол явж үзэж байгаа хүн чинь санахын зовлонг тэгэхэд л мэдэрсэндээ. Өсөж төрсөн нутаг ус гэдэг бол үнэхээр салж болдогүй зүйл. Зуны амралт бол маш том баяр байлаа. Амралтаарааа гэртээ ирэх гэж учиргүй яардаг, учиргүй их баярладаг байлаа. Одоо ч гэсэн би юм л бол нутагруугаа тэмүүлдэг. Миний нутаг ч санахгүй байхын аргагүй үнэхээр сайхан нутаг шүү дээ. Тэр сайхан нутаг орон, уул ус, байгаль цаг агаар нь надад эрүүл саруул бие, эрч хүч, тэсвэр хатуужлыг өгсөн. Би далай ээжийнхээ эрэг дээр өсөж өндийсөн, далай ээжээ дээдэлж шүтэж явдаг хүний нэг. Далай ээж минь ч намайг үргэлж харж тэтгэж явдаг гэж боддог.
-Та энэ парламентын хамгийн сахилгагүй гишүүн байлаа шүү дээ. Тэгвэл сахилгагүй бага насны чинь тухай дурсвал. Ер нь багадаа ямархуу хүүхэд байв даа?
–Би өөрийгөө багадаа зөв сахилгагүй хүүхэд байсан юм болов уу гэж боддог юм. Сахилгагүй хүүхэд гэхээр худлаа хэлдэг, хулгай хийдэг эсвэл хүүхэд зоддог ч юм уу, тийм хүүхдийг хэлдэг байсан байх. Би бол хичээлдээ сайн онц сурдаг нийгмийн идэвхитэй, тамхи татах гэх мэт элдэв муу зуршил байхгүй тийм л хүүхэд байлаа. Гэхдээ ҮI анги хүртлээ ангийн атман байсан. Хүүхдүүдтэй зодоон хийгээд, атман юм чинь зоддог л байсан байх даа. ҮI ангиас хойш онц сурах ёстой юм байна, зодоон хийж болохгүй юм байна гээд больсон доо. Энэ үеэс л ухаан суусан юм шиг байгаа юм.
-Та 2000 онд бие даагч гэсэн субьектээр ялалт байгуулан улс төрд цахиур хагалан гарч ирсэн. Та яагаад гэнэтхэн улс төрд орох болов? Ялангуяа энэ бие даагчаар оролцох болсон сэдлээ эргэн дурсвал?
-Би өөрөө юманд их сониуч хүн. Аливаа шинэ юмруу тэмүүлж шинэ юмыг үзэж сонирхож явдаг хүн л дээ. Тийм болохоор надад улс төрөөр оролдьё гэдэг бодол төрсөн. Өөрөөр хэлбэл энэ улс орныхоо төлөө зүтгэе, дуу хоолойгоо хүргэе гэж бодож зүтгэсэн. Энэ бодлыг төрүүлэхэд миний нутгийн найз нөхөд их нөлөөлсөндөө. Чи манайхаас дэвшээч боломж байна гээд л үнэхээр би өөрөө бодоод ч юу нь болохгүй байх вэ гэж бодсон.
-Бие даагч маань ард түмнээс итгэл хүлээгээд парламентэд суудал аваад гараад ирлээ. Гэтэл заавал аль нэг намд харьяалагдах ёстой байсан юмуу? Яагаад заавал ардчилсан намыг сонгосон юм бэ?
-Хэрвээ надаас өөр, эсвэл над шиг мөртлөө тийм ховдог шунахай өөдгүй бялдууч этгээд байсан бол Хувьсгалт намд гишүүнээр ороод энд тэндхийн төсөл цохиод телевиз, радиогоор магтуулаад явах л байсан байх л даа. Тийм биз. Би тэгж хүсээгүй. Ялагдсан ардчилсан намд орж энэ ардчиллын төлөө энэ Монгол улсын төлөө тэмцье гэж бодсон. Би өөрийгөө тэмцэгч гэж бодож байгаа. Тэмцэхийг ч хүсдэг. Үнэхээр энэ Хувьсгалт намын эрх баригчид ардчиллаас ухарсан хуучирсан үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ. Ийм учраас үүнийг залруулах гэж, олон түмэнд мэдэгдэх үүний төлөө тэмцэх гэж Ардчилсан намд орсон. Ардчилсан нам манай намуудаас хамгийн дэвшилттэй, хамгийн дотоод ардчилалтай хамгийн сайн нам. Энэ намд ороод явна гэдэг бол миний хувьд бол их аз завшаан.
-Би таныг бие дааж нэр дэвшиж байсан болохоор зориуд асуугаад байна л даа. Хувьсгалт нам өөрийн гишүүдээсээ бие даан нэр дэвшихийг үгүйсгээд байгаа. Энэ нь эргээд намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үздэг юмуу?
-Нам болгон өөрийн дотоод дүрэм журам нь ямар байдаг түүнээс л болно. Тэр хүнийг бие даалаа гээд намаас нь хөөдөг, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхдаг нь маш буруу. Хувьсгалт нам Оюунхорол гишүүнийг сая намаас нь хөөлөө энэ бол хуучимсаг юм харуулж байгаа юм л даа. Манай намаас бие дааж байгаа хүн байж болно ш дээ. Ингэлээ гээд бид намаасаа хөөсөн шийд гаргаагүй л байна.
-Ардчилсан намыг хувийн амбицдаа хөтлөгдөөд лидер хүмүүсээ сонгосонгүй. Энэ нь дотроо хагаралтай байгаа, төлөвших болоогүйн илрэл гэж сөрөг хүчин дүгнэсэн.
-Ер нь их хуралд суудалтай 3 нам хувьд квотын асуудлыг шийдэх гэдэг амаргүй. Суудлын тоо хязгаартай суудал горилогчид ихтэй байхад маргаан гарах нь мэдээж. Нөгөөтэйгүүр хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар тойроггүй хоцорсон байж болно. Би үүнийг тийм сүйдтэй буруу юм гэж бодохгүй байна. Бид намын шийдвэр гэхээсээ илүү орон нутгийн анхан шатны байгууллагаас хэн нь дэвшиж гарч ирсэн түүнийгээ л дэвшүүлж байгаа.
-Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, төр парламентыг хүчтэй хяналттай болгоход яах ёстой вэ?
-Сонгогчид, Монголын ард түмэн өөрсдөө шийдэх зүйл ш дээ. Хүчтэй засаглал гэдэг бол хяналттай хүчтэй сөрөг хүчинтэй засаглалыг хэлдэг. Ардчилал өндөр хөгжсөн орнууд үүнийг баримталдаг. Монголчууд бид үүнийг мэдээгүй байж байгаад одооноос харин ойлгож эхэлж байх шиг байна. Энэ ойлголтоо бататгаж ҮI-сарын 27-нд Арчилсан хүчиндээ саналаа өгөх ёстой гэж бодож байна.
Нийгэмд тэнцвэртэй хүчтэй парламент хэрэгтэй гэдгийг монголын ард түмэнд өнгөрсөн 2000 оны сонгууль харууллаа. Үүнийг хүмүүст ойлгуулж хүргэхэд би тодорхой хэмжээний тус дөхөм, гүүр болсон гэж хувьдаа боддог юм. Харин төр засаг энэ дөрвөн жил миний эсрэг ажилласан.
-Манайд бүх юм улс төрийн хараат болоод бизнесээ явуулах арга зам нь улс төр болчихсон юм уу? Хөгжилтэй орнуудад бизнес бол улс төрөөс ангид, хараат бус бие даан голдрилоороо явдаг том салбар байдаг. Манайд энэ ямар байдаг юм бол?
-Бизнесийг улс төргүйгээр хийж болдог ш дээ. Би ямар ч байсан 2000 он хүртэл улс төргүйгээр бизнес хийгээд болоод л байсан. Өнөөдөр ч гэсэн миний бизнес, манай компанын үйл ажиллагаа улс төргүйгээр явж л байна. Тэр байтугай 2000-2004 оны хооронд харин ч миний бизнесийг нухчин дарах үйл ажиллагаа явуулаад дийлээгүй ш дээ. Намайг энэ дөрвөн жил их хавчлаа. Тэгээд дийлээгүй. Би улс төрөөр бизнесээ өөд нь татаад байсан юм алга. Өнөөдрийг хүртэл ямар ч нэмэр байхгүй харин ч нэрмээс болж байна. Гэхдээ бид олон талын салбар дээр ажилладаг учраас биднийг Хувьсгалт нам яаж ч чадаагүй л дээ.
-Тэгээд бизнесийнхэн яагаад улс төрлүү хошуураад байдаг юм бэ?.
-Монгол чинь өөрөө цөөхөн хүнтэй. Энэ улс төрд чинь мэдлэг боловсролтой чадвартай хүмүүс нь л орох ёстой ш дээ. Тэр хүн бизнесмэн байна уу хэн байна ерөөс хамаагүй. Улс төрч, УИХ-ын гишүүн хэн ч байж болно. Тийм биз дээ. Монголын парламентэд 76 хуульч ороод суучихсан байна гэж бодъё л доо. Тэд улс орноо удирдах чадвар эдийн засгийн мэдлэггүй хэдэн хуулиа янштал цээжилчихсэн нөхдүүд ороод суучихвал одоо юу болох вэ? Энэ эдийн засаг энэ мөнгөний уналт энэ гадаад харилцаа энэ болгон унаад өгнө биз дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ парламентэд монголын сор болсон юмаа мэддэг чаддаг тийм л хүмүүс байх ёстой. Тэр хаанаас ирэх нь хамаа байхгүй.
-Өнгөрсөн хугацаанд та улс төрд өөрийн гэсэн орон зайг бий болгож, ард түмэнд өөрийгөө таниулж чадсан. Харин таныг ард түмэн ямар өнцгөөс нь хараасай гэж боддог вэ?
-Намайг аль болох байгаагаар минь зөв ойлгоосой гэж боддог юм. Харамсалтай нь энэ дөрвөн жилд намайг ард түмэнд Хувьсгалт нам буруу ойлгуулахыг оролдсон. Гэхдээ даравч дардайна булавч бултайна гэгчээр намайг олон хүмүүс залуучууд ойлгож байдгийг би мэдсэн. Түүнд би их баярладаг. Ер нь намайг бодитоор нь, олон түмэнд нээлттэй байсан бол өшөө олон хүмүүс эерэгээр ойлгож болох байсан гэж боддог.
-Намын дэд даргийн хувьд зориуд асуухад хүүхэд бүрт 10 мянган төгрөг буюу жилд 120 тэрбум төгрөг гаргах нь хэр үндэслэлтэй амлалт юм бэ? Yнэхээр хэрэгжиж чадах уу?
-10 мянган төргөгийг сар бүр хүүхэдэд гэдэг энэ санааг анх гаргаж ирсэн хүн нь би. Энэ утгаараа эвслийн мөрийн хөтөлбөрийг хамт хийлцсэн хүний хувьд үүнийг биелүүлэхийн төлөө тууштай явна. Ердөө хагас жилийн дараа буюу 20005-01-05 гэхэд энэ мөнгийг өгөөд эхэлнэ. Амлалт нь тодорхой байна ш дээ. 10.0 төгрөг өгье л гэсэн. Үүнийг биелүүлэхгүй бол амлахгүй ш дээ. Өнөөдөр засгийн эрх авахын тулд амласан хоосон амлалт бус.. Зохих хугацааны дараа 10.0 төгрөг өгсөн үү үгүй юу гээд л ард түмэн дор нь л мэднэ Энэ бол амлалт биелэлт хоёрыг шалгахад хамгийн амархан бодит зүйл. Тийм биз дээ. Хувьсгалт нам цалин хөлс хоёр дахин нэмнэ гэчихээд нэмээгүй л байна. Худлаа 10-20 хувь нэмсэн болж байгаад одоо болохоор нэмчихсэн юм шиг юм яриад байгаа. Үнэндээ бол хүмүүсийн цалин хөлс хоёр дахин нэмэгдээгүй л байхгүй юу. Тооны аргаар дүн гарчихаад цалин тэтгэвэр нэмсэн юм шиг юм яриад байгаа юм. 10.0 төгрөг яах юм. Нэг бол 10 мянган төгрөг үгүй бол 10 төгрөг биш. Үүн шиг биелэхэд амархан зүйл байхгүй, хүн болгон ойлгоход амар. Бид нар хүмүүсийг хуурах ойлголт байхгүй. Өгөх боломжтой учраас амласан юм. МАХН өнөөдөр төр засаг барьж байгаа түүгээрээ далимдуулж байхгүй гэдэг суртал нэвтрүүлэг их хийж байгаа юм. ХУ нам суртал нэвтрүүлэгтээ сайн ш дээ. Суртал нэвтрүүлэгээ хагалттай хийгээд байгаа болохоос биш яг үнэндээ бол үүнийг өгч чадах л зүйл байхгүй юу. Өгч чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Маш их боломж байна.
-Та чинь бас парламентийн Хэвлэлийн баатар болж байсан байхаа? Таныхаар манайд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна гэж боддог вэ?
-Манайд хэвлэлийн эрх чөлөөг байгаа юм уу. Хаачихсан ш дээ. Америкийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол орныг хэвлэлийн эрх чөлөөний хувьд хагас дарангуйлалтай орны нэг гэж тодорхойлсон ш дээ.
-Та их хурлын гишүүн болоод сайн муу элдвээр л хэлүүллээ. Өнгөрөх дөрвөн жил таны хувьд хүнд байсан уу? Шантарч болимоор үе байв уу?
-Yгүй ээ.Би хэзээ чшантарч байгаагүй. Яагаад шантардаггүй вэ гэхээр би өөрөө тэмцэгч. Түүнчлэн намайг маш олон хүмүүс дэмжиж, итгэж, урам зориг өгдөг байхгүй юу. Тэгэхээр надаас ямар ч бэрхшээл гарсан би давж гардаг. Яагаад гэвэл миний ард маш том дэмжлэг миний ард түмэн байдаг учраас.
-Та тойрогтоо хэр юм хийв дээ?
-Би гайгүй сайн л гэж бодож байгаа. Би тойрогтоо үргэлж очиж олон түмэнтэйгээ уулзсан, дандаа шинэ шинэ зүйл санаачилж янз бүрийн л зүйл хийлээ дээ. Ямар ч байсан энэ төр засгаас илүү их юм тойрогтоо хийж чадсан. Цаашид ч чадах юм байна гэж ойлгосон. Би намайг сонгосон тэр хүмүүсийн л төлөө явж байгаа тийм биз дээ. Тэдний амьдрал сайхан байгаасай түргэн өөдлөөсөй гэж санаж сэтгэж үйл ажиллагаагаа зориулж байна. Сайн санаанаы үзүүрт тос гэдэг биз дээ.
-Та сөрөг хүчнийхээ үүргийг хэр биелүүлсэн гэж бодож байна? Хүчтэй сөрөг хүчин байж чадав уу?
-Энэ парламентэд сөрөг хүчин гэж байхгүй ш дээ. Бид даан ч цөөхөн байлаа. Гэсэнч ганц хүний хувьд хангалттай тэмцсэн гэж бодож байгаа.
-Таны хувьд үүнийг л хийж амжсангүй гэж харамсах зүйл?
– Зөндөө бий. Энэ дөрвөн жилийн хугацаанд монгол орныг хурдтай хөгжүүлэх боломж, юм хийх зүйл дэндүү их байсан. Бизнесийн орчинг чөлөөтөй болгох, хүмүүсийн бизнесийн идэвхи санаачлагыг дэмжих, банкны хүүг бууруулах, хүн амыг орон сууцаар хангах, монгол орны нэр хүндийг гадаадад өргөх, монгол оронд жуулчин авчрах, олон улсын худалдааны чөлөөт бүс байгуулах, монгол хүмүүсийг ажилтай орлоготой болгох гээд маш их боломжууд байсан. Түүний хийж чадаагүй алдсан. Хувьсгалт нам буюу эрх баригчдын хувьд санаа байгаагүй дээ бус хийж чадаагүй дээ байгаа юм. Түүнийг хийх авъяас, тийм хүч чадал байгаагүй. Уг хийхийг хүссэн, хичээсэн даанч өөрсдийнх нь эрдэм мэдлэг хүсэл бодол нь дарчихсан юм.
-Энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулбал та хамгийн түрүүн юу хийх вэ?
-Би өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаа. Хэрэв төр баривал монголчуудынхаа төлөө хийх маш олон санаанууд байдаг.. Тэрийг одоо яриад яах вэ. Эрх барисан хойноо яръя.
Нямдорж гишүүн та хоёрын нөгөө алдартай хэрэг юу болсон бэ?
– Шүүх дээр л яваа.
-Улс төрийн сөрөг хүчний үл ойлголцол нь эргээд өс хозон болдог уу? Нямдож сайд Гүндалай, Энхсайхан, Баабар гурав миний өрсөлдөгчөөр л дуусна гэж байсан. Энэ нь эвлэрэхгүй гэсэн үгүү?
-Тэр хүн элдэв балай юм юу ярих нь надад хамаа байхгүй. Юу гэж балайрч байгааг нь би ойлгодоггүй ш дээ, их л балайрч байдаг юм. Тэр хүнээс ямар ч ухаантай үг гардаггүй ш дээ. Монголын төрийн төлөө юу хийсэн юм. Юу ч хийж чадаагүй л байхгүй юу.
-Таны дүү Дэлгэрдалайгаа намын даргийнхаа тойрогт өрсөлдүүлэх болсон. Энэ нь ямар нэг бодлогын чанартай зүйл байв уу, зөрчил байсан уу?
-Байгаагүй байгаагүй. Тэр тойрог дээр Энхсайхан миний дүү хоёр л хоёр талаасаа тулахгүй юу даа. Тэгээд л тэр. Түүнээс биш бид Энхсайхан даргын тойрог дээр дүүгээ дэвшүүлсэн юм биш ш дээ. Харин бодлогын чанартай учраас монгол орныхоо төлөө энэ ардчилалын төлөө нэрээ татаж авлаа.
-Та энэ нийгэм улс төрийн харицаанд даанч дээ гэж халаглах үе?
-Зөндөө би бараг дөрвөн жилийн турш халагласан. Хамгийн хүчгүй арчаагүй хуйвалдагчдын үүр уурхай болсон энэ төр засгийнхаа төлөө дэндүү харамсдаг.
-Монгол хөгжилд гарц бий юу?
-Байгаа. Би Монголыг хөгжилд итгэдэг. Бидэнд урагшаа харсан эрч хүчтэй, XXI зуунд монгол орныг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулж чадах тийм бодлого улс төрийн орчин хэрэгтэй ш дээ. Тэр бол ардчилалсан хүчин.
-Энэ жилийн сонгуулийн өнгийг тодорхойлбол?
-Цэнхэр-ардчилал ялна.
-Ялаас өөр арга байхгүй. ХУ намыг харал даа, монголын ард түмнээр тоглож байна ш дээ. Эдний мунхруулж байгаа нь хоосон цаас гэж үзэж байна. Энэ суртал нэвтрүүлэгийг нь хар, цацаж байгаа энэ их мөнгийг нь хар. Хэний мөнгийг цацаад байгаа юм. Эд нар хэний мөнгөөр хэнийг худалдаж авах гээд байгаа юм ичихэд яана, ичихгүй байна ш дээ.