Бурхан багшийн хамгийн том хөргийг Монголд зална

Бурхан Багшийн 12 зохионгуй хэмээх зээгт наамал бүтээл нь 70×50 метр буюу багахан уулыг бүхэлд нь нөмрөх хэмжээтэй бөгөөд дэлхийн 16 орны хорь орчим мянган уран бүтээлчид сайн дураараа оролцож 2002 оны дөрөвдүгээр сард дуусгасан байна. Хөргийг 2002 оны арванхоёрдугаар сард Япон, 2003 оны арванхоёрдугаар сард Энэтхэг, 2004 оны гуравдугаар сард АНУ-ыг дамжин дэлхийг тойрч буй хамгийн том Бурхан багшийн хөргийг ийнхүү Монголын ард түмэнд дэлгэн сонирхуулах гэж байгаа юм. Есөн есөн 81 хэсгээс бүрдсэн уг бүтээлийн гурван хэсгийг буюу Маяа хатны баруун суганаас мэндэлсний зохионгуй-г /ЗА/ Монголын Дашчойлон хийдийн хамба лам Дамбажав тэгүүтэй уран бүтээлчид урлажээ. Бурхан багшийн хөргийг бүтээхэд нийт дөрвөн сая ам доллар зарцуулсан ба үүнд олон орны пүүс, компани, олон нийтийн байгууллагууд хандив өргөж хувь нэмрээ оруулсан байна.
Бурхан багшийн 12 зохионгуй-г Монголд залах үйл ажиллагааг Монгол-Японы засгийн газар, нийслэлийн засаг даргын Тамгын газар, Монгол шуудан ХХК, Мандал төсөл хамтран зохион байгуулж байгаа юм. Эл үйл явдалд зориулан Монгол шуудан ХХК багц марк хэвлэж, Бурхан багшийн мэндэлсэн зургадугаар сарын 3-ны билэг дэмбэрэлтэй өдрийг сонгож маркийн анхны өдөр болгон дэлхий нийтэд зарлажээ.
Бурхан багшийн 12 зохионгуй хөрөг
Бурхан багшийн тухай түүийн сурвалж бичигт дурдсанаар 2500 гаруй жилийн тэртээ эдүгээ хүмүүн төрөлхтнөө Бурхан Будда хэмээн алдаршсан Сиддхарта хөвгүүн нь Энэтхэгийн Лумбини цэцэрлэг (одоогийн Балба) хэмээх ариун газарт Шагжийн язгуурт хан хүү болон мэндэлсэн хэмээн тэмдэглэсэн байна. Сиддхарта нь хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх үнэн зам мөрийг олохийн тулд өөрийн ордныг орхиж, олон жилийн хатуу бэрх, баясалгал даян үйлдсэний эцэст 35 насны сүүдэртээ төгс гэгээрч Бурханы хутгыг олжээ. Бурхан багш хамаг амьтны тусын тулд номын хүрдээ тасралтгүй эргүүлсээр 80 насны сүүдэртээ Гүшинагарт нирваан дүрийг үзүүлж номын агаарт заларсан байна.