Нотлох баримтыг шалгуулах эрх

Нотлох баримтыг шалгуулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалттай нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй гэсэн ЭБШХ-ийн дээрх заалт нь агуулгын хувьд зөрчилдөж байна. Тухайлбал ЭБШХ-ийн 204-р зүйлд сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч нь зөвхөн хүсэлт гаргах эрхтэй бөгөөд… Хүсэлтийг мөрдөн баицаагч хянаж үзээд түүнийг хангасан буюу хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, уг тогтоолыг яллагдагч буюу түүний өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасан нь Үндсэн хуулийн энэ эрхийн эсрэг бөгөөд үзэмжийн хэрэг болжээ.
Практик дээр мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаад яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан тодорхой хүсэлтүүдийг ихэнх тохиолдолд мөрдөн байцаагч нар ЭБШХ-ийн энэхүү 204-р зүйлээр хэрэгсэхгүй болгож хаадаг байна.
Шүүхийн. таслан шийдвэрлэх тогтоол хүчингүй болсон, өөрчлөгдсөн, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан зонхилох шалтгаан нь нотлох баримт шалгуулах эрхийг хангаагүйтэй холбоотой байна.
УДШ-ийн Судалгааны төвийн танилцуулгад давж заалдах шатны магадлал хүчингүй болж байгаа гол шалтгаан нь. . . нотлох баримтын зөрүүг шалгаагүй, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэх, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шалгаж тогтоогоогүй. . . явдал мөн гэж дүгнэжээ.
Улсын Дээд Шүүхийн эрүүгийн давж заалдах шатны 2000-5-12-ны өдрийн 99-р магадлалаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч иргэн К-д холбогдох хэргийг хянаад Би Г-г алаагүй, энэ хэрэг гарах үед Төв аймгийн Архуст суманд амьдарч байсан гэсэн шүүгдэгч К-ийн хүсэлтийг шалгуулах тухай хүсэлтийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан байна.
Шалгуулах эрхийн нөгөө талд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын шалгах үүрэг байх ёстой бөгөөд тэд иргэдийн хүсэлтийг хянах биш, заавал шалгах үүрэг хүлээж байх нь Үндсэн хуулийн үзэл санаа юм.