Шударга шүүхээр шүүлгэх эрх

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхгүй удааж, иргэдийг чирэгдүүлдэг хууль зөрчиж, буруу шийдвэрлэдзг танил тал хардаг байхад шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаатай хэрэгжиж байна гэх итгэл бага байна. Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтарч хийлгэсэн Монгол дахь авилгалын талаарх олон нийтийн санаа бодол, байр суурь гэсэн судалгаагаар хамгийн их авилгалд автсан байгууллагууд, эдний дотор судалгаанд хамрагдагчдын үнэлгээгээр гааль /73.5%/, банк /63.8%/, харин шүүх 48.8 хувиар гуравт орсон нь хэдийгээр давхар нотолгоогүй ч олон түмэнд итгэл алдаж буйн илрэл юм.
2000 онд 5 шүүгч ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн учир огцорсон , 2001 оны эхний хагаст 24 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн /Шүүх эрх мэдэл-сэтгүүл, 2000 он, №4, 2001 он № 2/ байна.
Гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн, шүүн таслах ажилд ноцтой дутагдал гаргасны учир 2001 он гарсаар 8 шүүгчийг огцруулах саналыг Шүүхийн Өрөнхий зөвлөлөөс оруулсан байна.
Дорноговь аймгийн сум дундын шүүхийн өрөнхий шүүгчээр ажиллаж байсан Б гэгч нь эд мөрийн баримтаар хураагдсан 211 кг угаасан ноолуурыг тухайн үеийн ханшаар нэг кг-ыг нь 35000 төгрөгөөр, нийтдээ 7.385.000 төгрөгөөр үнэлсэн зохих газрын үнэлгээ байхад шүүхийн гүйцэтгэх хуудсанд нэг кг-ыг нь 15000 төгрөгөөр бодож, нийт 3.165.000 төгрөгийг улсад оруулахаар тогтоож, улсад 4.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шүүгч Т нь 1996 онд хүлээн авсан эрүүгийн хэргийг 2000 онд шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хурлын протоколоос үзэхэд шүүгдэгч Г-г биш өөр хүнийг шүүх хуралдаанд оруулж хууль ноцтой зөрчсөн. /Зууны мэдээ сонин, 2001-4-23, №97/
Нийслэлийн нэг дүүргийн өрөнхий шүүгч Шүүхийн нэр хүнд иргэдийн дунд унаж байгаа гэдэгтэй санал нэг байна. Энэ нь хувийн болон харилцааны соёл, ажил хэргийн чадвар муутай шүүгчдээс болж байгаа юм. Эдийн засгийн хувьд хараат бус байж чадахгүй байна. Цалингаа хугацаандаа авч чаддаггүй, гэрэл цахилгаан, харилцуур утсаа таслуулчихсан шүүх, шүүгчдийн хэвийн ажиллах нөхцлийг төрөөс хангаж өгч чадахгүй байна шүү дээ.
Ер нь бол шүүх засаглалын Үндсэн хуульд тунхагласан зарчим өнөөдөр хоосон нэр томъёо төдий байна /Зууны мэдээ-сонин, 2001 -4- 23,№97/ гэж илэн далангүй ярьсан байна.
Нийслэлийн шүүхээр хяналтын журмаар хянагдсан иргэний хэргийн судалгаанаас үзэхэд, зарим шүүх ИХШХШ тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэрэг шийдвэрлэх, шийдвэр тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд үйлдэлгүй ноцтой зөрчил гаргах, нэхэмжлэлийн шаардлагаас халих, аль эсвэл дутуу орхих, дээд шатны шүүхийн магадлалд дурдсан заалтыг биелүүлэхгүй байх, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх мэт дутагдал ихсэх хандлагатай байна /Нийслэлийн шүүхээс гаргасан тойм мэдээ, 2000 он/.