Итгэл үнэмшилтэй байх, мэдээлэл хайх, хүлээн авах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэ

2.5.1. Хүний итгэл үнэмшилтэй байх эрх нь хүний заяамал, салшгүй эрх боловч төрийн зохих албан тушаал хашиж буйтайгаар холбогдож өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлэхэд хуульд заасан зарим хязгаарлалтыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Цэцийн тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэгт тодорхой зарим албан тушаалд томилогдсон, сонгогдсон хүн намын гишүүнээсээ түдгэлзэх, үзэл бодлоо илэрхийлэхэд эрхэлж буй албандаа хүндэтгэлтэй хандах гэсэн хязгаарлалтууд бий.
Харин хүнийг тодорхой итгэл үнэмшилтэй байснаар нь ялгаварлан гадуурхах, ажил хөдөлмөрөөс нь халж солих хууль, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтмол гарсаар байна. Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуулийн дараа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг олон тоогоор ажлаас халах уламжлал тогтоод бараг арваад жилийн нүүрийг үзсэн.
2.5.2. 2000 оны байдлаар 220 нэрийн сонин, сэтгүүл тогтмол хугацаанд нэг удаа 1.2 сая хувиар хэвлэгдэж, бие даасан сувагт 4 телевиз, кабельт сүлжээний 16, теле студи 50, өргөн долгионы АМ радио 8, богино долгионы РМ радио 14, радиогийн 6 студи, 11 мэдээллийн агентлаг, 6 интернэтийн мэдээллийн online сүлжээ үйл ажиллагаа явуулж байна.
1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсан нь дээрх бац эрхүүдийг баталгаажуулахад гарсан том ахиц болсон юм.
Энэ хуулиар төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад цагдан хяналт тогтоохыг, тийм хяналт тавих байгууллага байгуулахыг, мөн тийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхийг, төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг тус тус хориглосон.
Түүнчлэн салбарын олон арван хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, энэ талын эрх чөлөөтэй холбоотой заалтууд нилээд тусгагдсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр өмчлөхийг хориглосон нь энэ эрхүүдийн бодитойгоор хэрэгжих давуу тал нь мөн боловч тэдгээрийн цаашдын хэрэгжилтэд саад, тотгор болох, хууль зөрчсөн зүйлүүд ч байсаар байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт тааруу, хуулиудад үндэслэлгүй хязгаарлалт, хориглолт бас хийдэл байгаагаас гадна үндэсний радио, телевиз, дээр нь 52 сонин, сэтгүүл засаг төрийн байгууллагын өмчид буюу эрх мэдэлд байна.
Эдгээр бүлэг эрхийг зохицуулж буй хуулиудыг судалж үзэхэд дараах байдал ажиглагдаж байна.
а/ Хуульд урьдын адил үүрэгдэх, захиргаадах шинжтэй заалтууд тусгагдсаар байна. Хувийн болсон чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрийн харьяаных шиг үүрэг ногдуулдаг төдийгүй, түүнийгээ биелүүлэхгүй бол хууль зүйн хариуцлага хүлээлгэх тухай заадаг зуршил хууль тогтоох хүрээнд байсаар байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 2001 онд Хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх үүрэгтэй гэсэн өөрчлөлт оруулсан нь дур зоргын шинжтэй гажуудал мөн /Б.Чимид
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, УБ, 2001 он, 14 дэх талд/.
б/ Хориглосон зарим заалтууд хүний эрхийн зарчмын талаасаа эргэлзээ төрүүлж байна. Жишээлбэл …санал авах хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. Нам, эвслийн харьяанд байгаа хэвлэлээс бусад аль нэг нам, эвслийн нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно /УИХ-ын сонгуулийн хууль, 1992 он, 5,21 дүгээр зүйл/.
Монголын Үндэсний радио, телевизээр Сонгуулийн Ерөнхий Хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж болохгүй /Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, 1993 он, 28 -р зүйл/.
в/ Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 267 тоот тогтоолоор баталсан Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг бүртгэх журам-ын дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх зүйн зохицуулалт журамлагдсан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж авах, хяналт тавих процессын ажиллагааг нь Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хууль зүйн сайдын 1991 оны А/352 тоот тушаалаар баталсан Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг бүртгэх, хяналт тавих заавар-ын дагуу зохицуулж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2000 оны 50 тоот тушаалаар улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг баталсан бөгөөд уг тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Удирдлагын зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэн, сайдын гарын үсгээр баталгаажсан гэрчилгээ олгодог байна. Эдгээр журам, заавраар тогтоосон эрх хэмжээний хүрээнд дүн шинжилгээ хийж үзэхэд
1. Тус журам, заавраар аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа явуулах, татан буулгах эсэхийг бие даан шийдвэрлэх эрхийг зөвхөн төрийн бүх шатны байгууллага, нам эвсэл, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжид олгосон байна. Энэ нь Үндсэн хуулиар тунхаглагдсан Хүн бүр эрх зүйн этгээд байна болон нийгэм, өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс …байгууллага байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй гэснийг илт зөрчиж байна.
2. Тус журмын 1-д өгүүлсэн хоригийн биелэлтэд хяналт тавих зорилгоор тогтмол хэвлэлийн нэг хувийг хэвлэгдсэн даруй Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр заасан нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хориглосон төрөөс мэдээллийн агуулгад цэнзур тогтоохгүй гэснийг зөрчиж байна. Мөн тус журамд Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, түүнчлэн холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг Хууль зүйн яам дүрэмдээ заасны дагуу зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж заасан, Хууль зүйн сайдын тушаалаар баталсан зааварт хэвлэл мэдээллийн хэрэгслийн зорилго чиглэл, нийтлэлийн чиглэлийг үүсгэн байгуулагчаар батлуулж, түүнд нь тус яам хяналт тавина гэсэн нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй гэснийг зөрчиж байгаа ба холбогдох хууль тогтоомж гэж чухам ямар хууль тогтоомжийг заасан нь бүрхэг байна. Энэ тодорхой бус байдлаас шалтгаалан энэ үгийг хэн нэгэн өөрт ашигтайгаар тайлбарлан, эрхийг хязгаарлаж болзошгүй байна.
2.5.3. Улсын Их Хурал 1994 онд Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль батлан гаргасан. Энэ хууль хэдийгээр иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зорилгоор тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаажуулсан гол чухал баримт мөн боловч эргэн хянах, боловсронгуй болгож, сайжруулах заалт багагүй байна. Монгол улсын Үндсэн Хуулийн Цэц 1996 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Ламжавын Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол улсын хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоохыг хүссэн өргөдлийг хүлээн авч хэлэлцсэн байна. Д.Ламжав Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан өгсөн тайлбартаа Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д Цуглааныг зохион баигуулагч бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ гэсэн заалтууд нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа оролцогч улсууд тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ.
Үндсэн Хуулийн Цэц өргөдлийг хянан хэлэлцээд жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Их Хурал 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн боловч Үндсэн Хуулийн Цэц 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын дээрх шийдвэрийг авч хэлэлцээд түрүүчийн дүгнэлтээ хэвээр үлдээж шийдвэрлэснээр гомдолд дурдсан хуулийн заалтын хэсэг хүчингүйд тооцогдож дурдсан хязгаарлалт үгүй болжээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 19 дэх хэсэгт Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч зөвшөөрөл авна гээд мөн зүйлийн 3 дахь хэсэгт Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 өдрийн дотор түүнийг зөвшөөрсөн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.
Энэ заалтад жагсаал, цуглааныг зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа /ажлын 6 өдөр/ хэт удаан байхаар тусгасан байна.
2.5.4. Манай Үндсэн хуульд зөвхөн мэдээлэл хайх, хүлээн авах эрх тусгагдсан бөгөөд олж авсан мэдээллээ түгээх эрх тусгагдаагүй байна. Мэдээлэл хайх эрхийг хэрэгжүүлэхэд нууцын холбогдолтой зүй ёсны хаалт, хязгаарлалт байна. Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой хязгаарлалтууд бий.
Харин төрийн нууцын жагсаалт хэтэрхий өргөн байгаа, байгууллагын дарга, эрх баригчид өөрсдийн үзэмжээр байгууллагынхаа нууцыг тогтоодог, төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг өргөн олон нийтэд түгээх нэгдсэн сүлжээ, уламжлал тогтоогүй зэрэг нь иргэд, ялангуяа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүссэн мэдээллээ олж авч чадахгүйд хүрэх, улмаар зарим мэдээллийн төлөө ял зэмлэл хүлээх нь байна