Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал

ОУХБ-аас гаргасан, Монгол улсын нэгдэн орсон 13 конвенцийн агуулгыг дотоодын хууль тогтоомжинд тусгасан байдлыг судлахад эдгээр конвенцийн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрдээгүй, хууль хэрэглэгчид конвенцийн заалтуудыг мэддэггүй, дотоодын хуулиудад бүрэн тодорхойлж чадаагүй байдал харагдаж байна.
3.4.2. Монгол улсын Үндсэн хуульд заасан Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх-ээ хүн хэрэгжүүлэх үндсэн арга зам бол өөртөө хөдөлмөрлөхөөс гадна Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах явдал юм.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч нэг тал нь (ажилтан) нөгөөгөөс (ажил олгогчоос) санхүүгийн хараат байдалтай байдгийг анхаарч, түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалан тэнцвэржүүлэх шаардлагын үүднээс судлахад юуны өмнө хүнийг ажилд авах, ажлаас халах, цалин хөлс олгох, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах хүрээнд зөрчил нилээд илэрчээ.
Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байгаа нь хүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрхийг зөрчөөд зогсохгүй эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ч давхар зөрчдөг. Энэ нь хөдөлмөрийн таатай орчноор хангуулах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд заналхийлж байдаг учраас хөдөлмөрийн улсын хяналтыг чанаржуулах, байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах талаар хамтын гэрээнд тусгах талаар ҮЭБ, хөдөлмөрчдийн санал санаачилгыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал юм. Дорнод аймагт 558 ажилтныг хамарч хийсэн судалгаанд ажил олгогч нь дарамт шахалт үзүүлдэг үү гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 26,2% нь албан тушаалаараа дарамталдаг гэж хариулжээ. Ажиллагчдын 49.9% нь байгууллага албан тушаалтнаас дарамт шахалт үзүүлдэг боловч шүүхэд ханддаггүй, ажлын байраа алдахаас айдаг, хуулийн байгууллага зөв шийдвэр гаргадаггүй гэж үззж байна.
Түүний дотор судалгаанд хамрагдсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд Тиань Пинь Гармент, Түүд Лайк Гармент, Носерн Менч зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд, өдөрт 9-12 цагаар ажиллуулаад хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгох хуулийн заалтыг зөрчдөг гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Илүү цагаар ажиллагчдын 62.0 хувь нь зохих хөлсөө авч чаддаггүй нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн.
Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоход ямар саад бэрхшээл учирч байгааг судалсан дүнгээс үзэхэд нийслэлийн хэмжээнд тулгарч байгаа гол бэрхшээл нь нэгдүгээрт, ажилд ороход танил тал хардаг /18.9 хувь/, хоёрдугаарт, цалин бага /14.4 хувь/, гуравдугаарт, мэргэжилгүй /11.2 хувь/ гэсэн шалтгаанууд байна. Мөн шинээр ажилд ороход ажил олгогчид хахууль авдаг /10.0 хувь/ , нас, хүйсээр ялгадаг /5.6 хувь/ зэрэг нэлээд ноцтой шалтгаанууд хүний уг эрхийн зөрчлийн үндэс болжээ. Судалгаанд хамрагдсан 180 гаруй хүний 77,8 хувь нь авч буй цалин тэтгэвэр амьдралд хүрэлцдэггүй гэж хариулсан нь төрөөс цалин, хөлсийг, ашиг хуваарилсантай уялдуулах тухайлсан бодлого боловсруулж явуулах шаардлагатайг харуулж байна.Цалин, тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь төр засгаас хамааралтай эсэх талаар юу гэж бодож байгааг харуулав.
Нийт хариулагчдын 65.6 хувь нь цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгаа явдлыг төр засгаас хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа нь хүмүүс төдий хэмжээгээр өөрсдийн хүрэлцээтэй цалин хөлс авах эрхээ мэддэгийг харуулж байгаа боловч уг эрхээ хангуулах талаар төдийлэн амжилт олж чадахгүй байна. Хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, амьжиргааны түвшний харьцаа төвөөс алслагдах тутамд тэнцвэргүй болж байна.
3.4.3. Улсын хэмжээнд буй нийт ажил олгогч ААН, байгууллагад хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын албаны хөдөлмөрийн хяналтын хэлтэс 2000 онд 982 ААН-д үзлэг шалгалт хийхэд 2599 зөрчил илрүүлсэн баримт байна.
Тус хяналтын албанд 82 улсын байцаагч ажиллаж байгаагийн аймаг дүүрэг тус бүр бүрт 2 улсын байцаагч ажиллаж байна. /Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын улсын байцаагч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч/
Хөлслөн авагчдын тоотой харьцуулахад хяналтын байцаагчийн тоо үнэхээр цөөхөн байгаа нь зөрчлийг тэр бүр илрүүлэх боломжгүй байгааг харуулна.
2001 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн өргөдөл 239 хүлээн авснаас 153 хэргийг шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн шүүх 2001 оны сүүлчийн хагас жилд 13 хүний маргаан шийдвэрлэсний 10 нь буюу 77.7% нь ажлаас үндэсгүй халагдсан гэж тогтоожээ.
Эдгээрээс үзвэл хөдөлмөрийн харилцааны хүрээнд хууль зүй, эдийн засгийн хувьд давуу байдалтай тал болох ажил олгогч нь ажилтны эрхийг хууль бусаар хөндөх, хязгаарлах явдал тархмал байна.