Нийгэм хангамжийн эрх

4.1.1. Манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн хэсгээс бүрдэх болсон ба түүнд тохирсон хоёр сан бий болгов. Санг сайн дурын, албан журмын даатгал, хураамжийн гэсэн 2 эх үүсвэрээр бүрдүүлэхээр хуульд заасан. Ядуурлыг бууруулах стратегийн завсрын баримт бичигт дурьдсанаар манай улсын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын 91.8% нь заавал даатгалд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 22.5% нь сайн дурын даатгалд, хүн амын 92.2% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна. Тэтгэврийн даатгалын сангаас 250,0 орчим мянган хүн тэтгэвэр авагч байгаа бөгөөд тэдний тэтгэврийн дундаж нь 2001 оны байдлаар 18000 төгрөг байна. Энэ нь дээрх хүмүүсийн наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй бэрхшээл бий. Зарим аж ахуйн нэгж ажиллагчдынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг цалингаас нь суутгадаг хирнээ даатгалын санд шилжүүлдэггүй. Хүн амын бэлэн мөнгөний орлого муудсанаас даатгалын санд орон сууц, барилга байшин, машин техник, эд бараа хүртэл авдаг болсноор даатгуулагчдын эрхийг зөрчиж байна.
Нийгмийн халамжийн санг төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө, чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, байгууллага, хувь хүнээс олгосон хандив, тусламжаас бүрдүүлэхээр хуульд заасан. Энэ нь өрх гэрт үзүүлэх нийтлэг тусламж, эмзэг бүлгийнхэнд зориулсан тусламж үйлчилгээг эрхэлдэг ба тус сангаас хөгшид, тахир дутуу хүмүүс, тэжээгчээ алдагчид зэрэг 30,0 мянга гаруй хүн тэтгэвэр, олон хүүхэдтэй болон нярай хүүхдээ асарч байгаа эхчүүд, өнчин хүүхдүүд зэрэг 200,0 гаруй мянган хүнд тэтгэмж,тусламж олгож, нийгмийн эмзэг хэсгийн 400 гаруй хүнд асрамжийн үйлчилгээг үзүүлж байна.
Төрөөс нийгмийн халамжийн үйлчилгээнд багагүй зардал гаргаж байгаа боловч, тэр эрх нь үүссэн иргэн бүрт хүрэлцэхгүй байх хуваарилсан хөрөнгийг албан тушаалтнууд хэмнэх нэрээр танаж хорогдуулах, улмаар иргэд хохирох нь түгээмэл байна.
– 2001 оны байдлаар Баянгол дүүргийн нийгмийн халамжийн байгууллагаас дунджаар нийт 1200 эх хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй болсныг тогтоосон. Гэтэл төсвөөс төлөвлөгдсөн 22 сая төгрөгөөр 900 эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгож, үлдсэн 300 эх хаанаас ямар эх үүсвэрээр энэ тэтгэмжийг авах нь тодорхойгүй байна. /Нийгэм соёлын эрхийн тусгай багийн тайлан 2001 он/
Аймгийн халамж үйлчилгээний төвийн нябо Мөнхцэцэгийн ярьснаар халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь бүрэн өгч чадахгүй байна. Учир нь 2000 оны аймгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 740,0 сая төгрөгийн хэрэгцээ байхад 545,0 сая төгрөг батлагдаж иржээ. 2001 оны 10 сарын 01-ээс 5 нэрийн тэтгэмж нэмэгдсэн боловч мөнгө нь орж ирээгүй байна. Уянга суманд хадгаламжийн тэтгэвэр, тэтгэмж 4 дүгээр сараас хойш олгоогүй байна. /Өвөрхангай аймгийн судалгааны тайлан 2001 он/
Нийгмийн хангамжийн төсвийг буруу тооцоолж дутуу баталдгаас иргэд тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүйд хүрч, хуулиуд хоорондоо зөрчилтэй байна. Нийгмийн халамжийн тухай хуульд нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг, нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ний тэтгэвэр тэтгэмж төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай өрхийн тахир дутуу гишүүн эмчлүүлэхээр аймгийн эмнэлэгийн мэргэжлийн комиссын шийдвэрээр нийслэлд ирж буцахад нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно гэсэн заалт бий. Гэтэл энэ мөнгийг төсөвт суулгаагүйгээс өгч, авалцах боломжгүй.
Мөн хуульд жирэмсэн, төрөх, төрсний дараахь үөд эмчийн зааснаар хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээ, үнэ төлбөргүй байна гэсэн байгаа боловч хэрэг дээрээ бүгд төлбөртэй болж, иргэдийн эрх зөрчигдөж байна. Жишээлбэл, сүүлийн 4 жилийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 1-4 өрөө бүхий 493,3 сая төгрөгиин 59 орон сууцыг авч түүнд гол төлөв удирдах ажилтнууд өөрсдөө орж, үнийг нь төлөөгүй байна. /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын албаны 2000 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээс/
4.1.2. Хүн амын 35.6% /1998 оны байдлаар/ нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлогоор амьдарч, нийгмийн халамжийн гадна үлдэж байгаа хүмүүсийн тоо өссөөр байгаа нь өнөөгийн нөхцөлд төрөөс уг асуудалд онцгой анхаарах шаардлагатайг илтгэж байна. Ялангуяа шилжин суурьшигсдаар
иргэний бүртгэлд ороогүй хүмүүсийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй болжээ. Эдгээр хүмүүс нь амьдралын элдэв шалтгаанаар төв суурин руу шилждэг бөгөөд бүртгэлийн хураамж төлөх чадваргүйн улмаас очсон газраа бүртгүүлж харъяат нь болж чаддаггүй. Үүнээс улбаалан хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, ЭМНХ-ийн тусламж авах, орон сууцаар хангагдах, өлсгөлөнгөөс ангид байх, нийгмийн хангамж хүртэх гэх мэт олон зүйл эрхээ эдэлж чадахгүй байна.