Эрүүл мэндээ хамгаалуулах эрх

4.2.1. Хүүхдийн эндэгдлийг багасгах
Нялхас ба 5 хүртэлх насны хүүхдийн 1000 амьд төрөлтөд ногдох эндэгдэл 1989 онд 60,4 байсан бол 2000 онд 31,2 болтлоо буурчээ. Үүнд Засгийн Газраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр хүүхдийн 90 гаруй хувийг хөхөөр хооллох зэрэг арчилгааны уламжлалт аргыг өргөжүүлсэн зэрэг нь эөрэгээр нөлөөлөв.
4.2.2 Эхийн эндэгдлийг бууруулах
Сүүлийн 10 жилээр үзвэл эхийн эндэгдэл 1993 он хүртэл огцом өсөөд аажмаар буурчээ. Тийм огцом өссөн шалтгаан нь амаржихын өмнө, хойно асарчсувилдаг амрах байрын нилээд нь 1990 оноос хаагдсан, эмэгтэйчүүд мэргэжлийн хяналтаас хөндийрсөн зэргээс болсон гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Эх үрсийн эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөр-ийн хүрээнд сургалт зохион байгуулж, эмчилгээ оношлогооны чанар, эмнэлэгийн тоног төхөөрөмж, зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эм тарианы хангамжийг сайжруулснаар эхийн эндэгдэл 1993 оноос буурч эхэлсэн. Гэвч харилцаа холбоо хөгжөөгүй, түргэн тусламжийн үйлчилгээний чанар муудсан нь уул эндэгдлийн түвшин тууштай буурахгүйн гол шалтгаан болж байна. /Хүний хөгжлийн илтгэл, 2000 ОН /Түүнчлэн сумдын эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг/ сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
4.2.3. Халдварт өвчин, тухайн нутгийн өвчин, мэргэжлийн болон
бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүл мэндээ
хамгаалуулах эрхэд онцгой байр суурийг эзэлдэг.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 1990 онд 28,0 мянга байснаа 2000 онд 36,9 болсны дотор бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2 дахин өссөн байна. Энэ нь цаашид ДОХ-оор өвчлөгсөд нэмэгдэх аюулын дохио юм. Халдварт өвчин буурахгүй байгаа нь хүн амын дунд ядуурал гүнзгийрч хоол хүнсний ариун цэвэр муудаж байгаатай холбоотой байна.
1990 онд эмнэлгийн тоо 1868 байсан бол 2000 онд 1434, больницийн орны тоо 26,4 мянга байсан бол 17,9 мянга болж буурсан нь эмнэлгийн үйлчилгээний хүртээмж багассан гэсэн хэрэг мөн. 10000 хүнд ногдох их эмч 1990 оноос хойш төдийлөн буураагүй ч, дунд мэргэжилтэн 1990-1995 онд 61 хувь хүртэл буурч 1996 оноос уг бууралт зогссон байна. Улсын төсөв ёсоор эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал буурсан нь тус салбарын үндсэн үзүүлэлт буурах нэг гол шалтгаан болсон.
4.2.4. Төрөөс иргэдийнхээ эрүүл мэндийн зардлыг даадаг байсан социалист тогтолцоотой харьцуулахад энэ салбарын төсөв эрс буурсан хэдий ч эрүүл мэндийн даатгалын сангийн тал хувийг иргэд өөрсдөө даах болсноор санхүүжилтийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал алхам хийв. Тэгсэн хэдий ч хөгжсөн орнуудын тогтолцоог бодвол болхи, иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байгаа дутагдал байна. Эрүүл мэндийн даатгалтай өвчтөнийг хэвтэж эмчлүүлж байгаа нөхцөлд өөрөөс нь зардал гаргуулах ёсгүй байтал эмчилгээ, эмийн зардал гаргуулах, гаргасан эм, тарпаны үнийг буцааж олгохгүй байх, өөр эмнэлэгт шилжин хэвтэх тохиолдолд өвчтөнөөс заавал нэмэлт зардал гарах зэргээр иргэдийн эрхийг хохироож байна. Төсөв хэмнэх бодлого нь хөдөө орон нутагт ямар гажуудлыг бий болгож байгааг дараах жишээнээс харж болох юм.
– Сумын Засаг дарга, сумын эмнэлгийн эрхлэгч нарын хооронд байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай Өвөрхангай аймгийн Засаг даргын 1999 оны 18 тоот захирамж гаргасан байна. Уг гэрээний үлгэрчилсэн загварт Төсвийн хэмнэлт гаргасан сумын эмнэлгийн эрхлэгчид нийт хэмнэлтийн 1/3-тэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно, уг урамшуулал нь түүний 12 сарын цалингаас хэтрэх ёсгүй, 1/3-тэй тэнцэх хэсгийг эмнэлгийн ажилтнуудад урамшуулал болгоно, үлдсэн 1/3-ийг эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зориулсан арга хэмжээнд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр зарцуулах гэсэн заалт оржээ. Иргэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний зардлыг авдаг. Эрүүл мэндийн даатгал нь нэг хоносон ч, 10 хоносон ч 22500 төгрөг байдаг. Дээд шатны байгууллагаас төсвөө хэмнэ өргүй гар гэдэг үүрэг өгдөг учир төсөв хэмнэх явдал ажлын гол үзүүлэлт болдог. Иймд байгууллагын төсөв захирагч нар өөрсдийн ажлыг сайн -гэж үнэлүүлж их хэмжээний урамшил хүртэхийн тулд халаалтын хугацааг богиносгох, хоёр хүний хийх ажлыг нэг хүнээр хийлгэх, хоёр удаа хоол өгөх байсан бол нэг удаа өгөх, 5 төрлийн эм тариа хийх байсан бол 3-ыг өгөх, эмнэлэгт зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай өвчтнүүдийг эм тариа бичиж гэр рүү нь буцаах гэх мэтээр төсөв хэмнэж байгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг ноцтой зөрчиж байна. /Өвөрхангай аймгийн судалгааны багийн тайлан 2001он/
Үүнээс харахад төсөв хэмнэх бодлогоос ашиг тус хүртэж байгаа хүн нь ганц эрхлэгч болоод иргэд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн үйлчилгээ хүртэх эрх нь хохирч үлдэх болж байна. Угаас хомсхон төсвийг хэмнэнэ гэдэг нь эрүүл мэндээ хамгаалуулах иргэдийн эрхийг хохироохоос өөр ашиг тус үгүй биз ээ. Эрүүл мэндийн зарим үйлчилгээ үнэ төлбөртэй болж, өмчийн олон хэлбэр нэвтэрч байгаа нь хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг сонгох боломж бүрдүүлж байгаа хэдий ч ядуу хүмүүсийн хувьд энэ үйлчилгээнд хамрагдах боломж буурсан. Чинээлэг хүн амын эрүүл мэндэд зарцуулах зардал ядуу хэсгийнхээс 9 дахин их байгаа болох нь амьжиргааны түвшин тогтоох судалгаанаас харагдаж байна. Мөн ядуучууд, малчид, алс хязгаар нутгийн хүмүүст хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн хүртээмж бага, эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээгүй, чанар муутай байна. Энэ нь тэгш бус байдал даамжирсныг харуулж байна. Ихэнх аймгуудын багийн эмч нь байргүй, хөдөөгийн малчдад эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхдээ унааны бензин унаа тэрэгний түлшний мөнгийг авдаг, эмийн хүрэлцээ муу учраас өвчтөнөөс өөрөөс нь эм, тариа гаргуулдаг боловч мөнгийг нь олгодоггүй гэх мэтчилэн дутагдлууд нийтлэг байлаа. Түүнээс гадна хөдөөгийн эмнэлгийн эмч нарын мэргэжлийн ур чадвар сул, эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээгүй, шинжилгээний багаж төхөөрөмжгүйгээс аймгийн төв, хот суурин газарт очиж шинжилгээ өгч, оношоо тодруулахын тулд их зардал гаргадаг гэх мэтчилэн зөрчлүүд байна.