Та сард, жилд хэдэн удаа ууранд ордог вэ?

Халуун ууранд орсны дараа арьс таталдан улайхад ихээхэн хөлөрч үүнээс үүдэн арьсны өнгөн давхраа тэлж үхсэн эд эс гуужин унадаг. Бүх биеийн арьс чангарч гөлгөр болдог. Халуун агаар цусны эргэлтийг түргэсгэж арьсны эд эсийг чангатгаж, уян хатан байдлыг бий болгодог. Зүрх, уушги, бөөр, мэдрэлийн болон дааврын системүүд болон бие организм бүхлээрээ цэвэршиж хөлсөөр дамжин биед хуримтлагдаж байсан хорт бодисууд гадагшилна. Үүнээс үүдэн цусны эргэлт сайжирна. Хэдий чинээ халуун уур саунд орно төдий чинээ биеэ эрүүлжүүлээд зогсохгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Саунд орохын тулд
Халуун уур буюу саунд шууд гүйгээд орчихож болохгүй. Эхлээд бүлээн шүршүүрт орон дараа нь биедээ тос түрхэнэ. Тосоо түрхчихээд иллэгний самаар бүх биеийг зөөлөн самнаж өгнө. Энэ нь арьсны гүнд байх эд эсийг хөлрөлтийн явцад цэвэрлэх үйл явцыг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Мөн хөлрөхийн өмнө нүүрний будаг тосыг арилгасан байна. Халуун ууранд суухдаа үсэндээ зориулалтын тосыг шингэтэл түрхээд уурнаас хамгаалан малгай өмсөнө. Халуун ууранд суухдаа хэдий чинээ хөлөрч чадна тэр болтлоо суух хэрэгтэй. Ингээд түр гадагшилж бүлээн шүршүүрт зогсоод дахин ууранд суух хэрэгтэй. Саунд ороод уурны дээд хэмжээ хүрэх цэгт хэвтэх нь илүү тохиромжтой байдаг. Эхний үед хэт удаан байж болохгүй. Халуун ууранд байхдаа дотроос халууцуулах шингэн зүйл огт ууж болохгүй. Үүнд архи, шар айраг, спиртийн төрлийн ундаа орно. Алкогол судсыг өргөсгөх аюултай байдаг. Саунд орсноор ядаргаа арилах бөгөөд булчингийн ачаалал болон хөндүүр арилна. Мөн эрч хүчийг нэмнэ. Сэтгэл санааг ариусгана.