МАХН-ын удирдлага худлаа ярьсан нь илчлэгдлээ
Ноён Луис Аяала Танай оронд анх удаа ирсэндээ баяртай байна. Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш Монголд болж байгаа үйл явдлыг үргэлж ажиглаж байнгын мэдээлэлтэй байдаг. Социнтерн дэлхийд болсон томоохон өөрчлөлтүүдэд байнга оролцож ирсэн олон улсын цорын ганц байгууллага. Монгол улс эдгээр өөрчлөлтийн нэг хэсэг болсоор ирлээ. Миний хувьд гишүүн намынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ирсэн. Монголд болж буй өөрчлөлтүүдийг биеэр харж, сонсож, мэдээлэл авч бодит байдалтай танилцах зорилготой гэв. Дараа нь тэбээр байгууллагынхаа талаар товч мэдээлэл өглөө. Тэндхийн янз бүрийн статус, гишүүнчлэлтэй 168 байгууллагыг эгнээндээ нэгтгэж 140-өөд оронд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг аж. Гишүүн намуудаас нь 60 гаруй нь засгийн эрх барьж байгаа юм байна. Арчдчиллын төлөө тэмцэл Монголд гаднаас нэвтэрсэн биш, Монголын ард түмний зүрхэнд эрх чөлөөний төлөө сэтгэл байсантай холбоотой гэж ноён Луис Аяала хэллээ. Дараа нь тэрбээр сэтгүүлч сурважлагчдын асуултад хариулсан юм. Өдрийн сонин-ны сурвалжлагчийн МАХН-ын Социалист Интернациональд элсэхэд намынхаа одоогийн нэрийг солих, ахмад гишүүдээсээ салж залуучуудад тулгуурлах зөвлөмж өгсөн гэдэг. Yүний учир юу вэ. Танайх гишүүн болсон намдаа юуг болзол болгодог вэ гэсэн асуултад ноён Луис Аяала Манайх олон улсын байгууллага. Биеэ даасан, тусгаар тогтносон улс төрийн намуудаас бүрддэг. Тэд дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэх эрхтэй. Бид тухайн улс төрийн намын баримталдаг асуудал, бие даасан байдлыг хүндэтгэдэг. Бид МАХН-д тийм нөхцөл тавиагүй. Намын нэр солих намын гишүүдийн бүтцийн талаар ямар ч санал, хүсэлт тавиагүй. Хоёр тайлбар өгье. Нэгд Социнтерний гишүүн олон нам өөр өөрийн гэсэн нэртэй байдаг. Тэдний нэр тухайн улсын түүхэн уламжлал, үндэсний онцлог, хөгжлийн байдал зэргээс шалтгаалдаг. Ардчилал хөгжсөн оронд хуучин нэрээ хадгалж үлдсэн Ардчиллын төлөө гэдэг нам байж байх жишээтэй. Германы социал демократ, Английн хөдөлмөрийн гэх мэт нам байна. Намууд нэрээ өөрсдөө сонгож болно. Гол харгалздаг зарчим бол тухайн намын барьж буй бодлого. Тэр нь Социнтерний үзэл баримтлалд нийцэж байвал нэр хамаагүй. Гишүүн намуудыг нэгтгэж буй зүйл бол нийтлэг үзэл зорилго юм. Нэр бол тодорхойлогч хүчин зүйл биш. Хоёрт Гишүүнчлэлийн хувьд нийгмийн аль нэг бүлгийг түлхүү дэмжиж нөгөөг эсэргүүцнэ гэсэн зүйл байхгүй. Эрх тэгш гэж үздэг. Бас нэг эрхэмлэдэг зүйл бол гишүүдийн үзэл санааг дэмжих явдал. Манай байгууллага нийгмийн бүх талын оролцоог жигд хангахыг хүсдэг гэсэн хариулт өглөө. Эндээс нэг зүйл ажилагдаж байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн намаа Социнтернд элсүүлээд ирсний дараа Yнэн сонинд өгсөн ярилцлагадаа Социнтерн намынхаа нэрийг солих санал тавьсан тухай ярьж МАХН гэдэг товчлолыг хадгалахуйц Монголын ардчилсан хөгжлийн нам гэх зэрэг хувилбар бодож буйгаа хэлсэн байдаг. УИХ дахь олонхийн бүлгийн дарга Ж.Бямбадорж ч ийм зүйл ярьсан. Гэтэл ноён Луис Аяалагийн хариултаас үзвэл Социнтерн гишүүнээр элссэн намдаа болзол санал тавиагүй юм байна. МАХН-ын удирдлага намынхаа нэрийг сольж шинэ нам болгохыг хүсдэг, ахмад гишүүдээсээ ангижрахыг хүсдэгээ л Социнтерний болзол санал мэтээр ярьсан бололтой нь ийнхүү илчлэгдлээ. МАХН-ын удирдлага бүр 1998 оноос Социнтернд элсэхдээ нэрээ солих талаар ярьж, хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан билээ. Намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Л.Энэбиш нар тэр жил Ардын эрх сонинд энэ сэдвээр ярилцлага өгсөн байдаг. Нөгөө талаар Монгол улсын Их Хурлын сонгууль бол манай орны дотоод хэрэг. Түүнд зөвхөн гадаадын ажиглагчид, сэтгүүлчид хөндлөнгийн ажиглалт хийж шударга болсон эсэхийг хянах эрхтэй. Гэтэл олон улсын байгууллагын төлөөлөгчийг ирүүлэн сонгуулийн сурталчилгааны ажилд оролцуулж байгаа нь сонгуульд өрсөлдөж байгаа бусад нам, эвсэл сонгогчдод ташаагдахгүй байна. Ноён Луис Аяалаг МАХН-ын гишүүн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтайн сонгуулийн тойрогт аваачсан нь сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр болсон гэж үзэхээр байгаа юм. Сонгуульд МАХН-тай өрсөлдөгч бусад хүчин ч энэ мэтээр гадаадын байгууллагын тусламж дэмжлэгийг авч болох юм биш үү.