Мөнгө хүүлэгчдийн ноёрхол

жилийнх нь төсвийг хотойлгохоор их мөнгө бидэнд хэрэг болж байна. Ийм үед банкнаас өөр түнш байгаа билүү.
Сайн түншийн маань тэрхүү зээл хүүтэйгээ, шимтгэлтэйгээ халаасанд тань тун амархан ороод ирэх вий. Харин гартлаа хэр удах бол. Манай сонин энэ удаагийн Цоорхой халаас булан Монгол дахь банкуудын хүү, тэр дундаа иргэдийн зээлийн асуудлыг сөхөж байна.
Хаана байна аа, тэр хямд хүү
Манайд, манайд…хэмээн банкууд реклам сурталчилгаагаар үйлчлүүлэгчдээ бөмбөгдөж сууна. Хаа сайгүй л бага хүү, хөнгөлөлт, урамшуулал амлаж буй дүр зураг тод харагдана. Чухам тэрхүү хямд хүү хаана, хэнд байна аа.
Бизнесмэнүүдийн үзэж буйгаар өнөөдрийн байдлаар Голомт болон Худалдаа хөгжлийн банкны зээлийн хүүгийн хэмжээ бусадтай харьцуулахад харьцангуй уян хатан байдаг аж. Эдгээр томхон банкуудын хүү доод тал нь 2.2, бур 2.1 хувь хүртэл доошилдог гэнэ. Гэхдээ энэ нь олон удаагийн болон иххэмжээний мөнгө зээлсэн хүмүүст хамаатай.
Угаасаа Монгол дахь арилжааны банкуудын зээлийн хүү, тавьж буй шаардлагын хувьд ялгараад байх гойд содон зүйл нэг их байхгүй ээ. Гэхдээ цөөн хэдэн банкны хүү, болзлыг одоо сонирхьё. Эндээс бага зэргийнх нь ялгаа танд харагдах биз.
Жишээ нь, Капитрон банкны иргэдэд олгож байгаа зээлийн хүү 2.7-3.2 хувь. Хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой энэхүү зээлийн хэмжээ нь 20 сая төгрөг, хугацаа нь 12 сар гэжээ. Мэдээж зээлдэгч маань өр төлбөргүй, барьцаанд тавих хөрөнгө нь банкны шаардлага хангасан, зөвхөн өөрийн эзэмшлийнх байх ёстой хэмээ танилцуулга дээр нь дурдсан байна.
Түүнчлэн тус банкны орон сууц барьцаалсан зээлийн хэмжээ, хүү бүгд дээрхтэй адил. Энэ зээл нь өөрийн эзэмшлийн орон сууцаа барьцаалан ахуйн хэрэглээ болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан аж. Тавьж буй шаардлага нь гэвэл өөрийн гэсэн байртай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авсан, хамтран эзэмшигчид нь барьцаанд тавихыг зөвшөөрсөн байх гэжээ.
Харин Зоос банкны орон сууц худалдан авах зээл 2.2 хувь, Энд давуу тал харагдаж байна. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг тэд гурван сараар тогтоожээ. Мөн зээлийн хугацаа нь гурван жил, 15 сая төгрөг.
АНОД банкны хувьд сүүлийн үед Азийн хөгжлийн банкны орон сууцны төслийн зээл олгоод тун завгүй. Уг зээлийн хүү сарын 1.1 хувьтай байгаа. Энэ зээлийг авсан иргэдийн төлөх хүүнээс гурван хүн хүртэж буй. Азийн хөгжлийн банк, АНОД, Засгийн газар. Харин иргэдэд сарын 3.5 хувийн хүүтэй олгодог зээлээ одоогоор хаачихаад байгаа сурагтай.
Хүүгийн дарамт ба туршлагатай зээлдэгчид
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт банкуудын зээлдэгчид дүүрэн бий. Угаасаа тэнд өдөр бүр дугаарлан зогсох хүмүүсийн бараг тал хувь нь орон сууцаа барьцаалан зээлдэгчид. Зээлийн хүүгийн дарамтын талаар бодит мэдээлэл өгөх нэг эх сурвалж нь тэд. Гэрээ, бичиг баримтаа бариад гиеүрч зогсоо хүмүүсийн нэг нь Сүхбаатар дүүргийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг С.Энхболд байв. Тэрээр
-Үнэнийг хэлэхэд зээлийн хүү дэндүү өндөр байна. Гэлээ гээд ямар ч арга алга. Хувиараа бизнес эрхлэх санаатай. Орон сууцаа барьцаалаад гурван жилийн хугацаатай 10 сая төгрөгийн зээл авах гэж байгаа. Сарын 2.5 хувийн хүү төлнө. Ингээд бодоход 10 сая төгрөгөөс сард 250 мянган төгрөг хүүнд өгнө гэсэн үг л дээ. Энэ хүүг яаж төлнө гэж бодоод сууж байна. Жилийн дотор ойролцоогоор гурван сая төгрөгийн хүү төлөхөөр байгаа биз.
Гэхдээ зэзл авсан банкныхаа нэрийг хэлээд яахав дээ. Уг нь энэ банкнаас анх зээл авна гэж ярьж байхад хүүгийн урамшуулал үзүүлнэ, сар сараар 0.2 хувиар бууруулна гэж байсан юм. Яг авдаг дээр ийм хямдрал алга. Бага мөнгө, бас анхны удаа зээлж байгаа болохоор урамшуулдаггүй гэнэ. Өөр банкны хүүгийн талаар судлах хэрэгтэй байсан ч хугацаа тулчихаад яаж ч чадсангүй. Тэгээд ч мөнгө яаралтай хэрэгтэй байгаа хүмүүсийг банкны эдийн засагчид сайн мэддэг юм шиг байна. Зээл авах гэж баахан бичиг баримт, цаас бэлдчихээд байхад хүүгээ бууруулахгүй гэхээр нь орхиод явчихаж чадсангүй. Угаасаа тэр банкинд таньдаг хүн байхгүй болохоор хоёр өрөө байраа олигтойхон үнэлүүлэх ч арга байсангүй. Туршлагагүйтчихлээ гэв.
Өнөөдөр олон хүн түүнтэй адил зовлонд унаж байгаа. Үнэндээ банкуудын одоогийн хүүгийн хувь хэмжээ, түүнийг тооцож буй аргачлал зээлдэгчдэд дарамт болон хувирчээ.
Татвар зээлийн хүүгийн заримыг залгичихдаг
Банкууд амласандаа хүрдэггүй хэмээн иргэд гомдоллож байна. Хүүгээ бууруулна гэж хүмүүсийг хуурдаг хэмээн тэд бухимдаж сууна. Өнөөдөр Монголд мөнгө хүүлэгчид л баяжиж байна. Банкны ноёрхол яах аргагүй тогтчихоод байна. Хэдийгээр өндөр хүүтэй ч монголчууд зээл авахгүигээр амьдрахарга алга. Үүнийг манай арилжааны банкууд тун овжин ашиглаж байгаа. Тэд мөнгөний хэрэгцээтэй байгаа хүмүүсээс хүү хэрхэн идэхээ хүртэл маш сайн мэддэг.
Арилжааны банк л гэнэ. Тэд чинь иргэдэд зээл өгөхдөө арилжаа явуулж, өөрөөр хэлбэл, хүүгээ хэдэн хувиар, хэрхэн бууруулах талаар ярьж, зөвлөлдөх ёстой биз дээ. Гэтэл арилжаа буу хэл, ам хэлцлээ ч сайн хийж чадахгүй эдийн засагчид зөндөө байна хэмээн нэгэн нэр хүндтэй бизнесмэн ярьсан удаатай.
Харин одоо банкнаас гурав дахь удаагаа 10-аас дээш сая төгрөгийн зээл авсан хүний яриаг сонсъё.
-Зээл авах талд ч би бараг мэргэжлийн болоод байгаа ш дээ. Хоёр хүүхэд маань гадаадад байдаг юм. Багийг нь одоо явуулах гээд бөөн ажил ундарчихаад. Үнэнийг хэлэхэд манай арилжааны банкууд хүүгийн хувь тооцож, иргэдээ мөлжихөөс өөр юм алга.
Тухайлбал, сурталчилгаа танилцуулга дээрээ 3.5-2.2 хувь хуртэл бууруулна гээд биччихсэн байдгийг мэднэ биз дээ. Амьдрал дээр энэ нь биелдэггүй. Ялангуяа олон удаа зээл авч гаршаагүй хүмүүст хүүгийнхээ хамгийн дээд хувиар тооцох жишээтэй. Янз бүрийн юм яриад толгойг нь эргүүлчихнэ. Ингэж ард түмнээ хуурч, хүүгээр шулж болохгүй шүү дээ. Би ч яах вэ. Одоо банкинд таньдаг хүнтэй, бас урамшуулал хөнгөлөлтийг нь яаж хүртэхээ бага ч гэсэн мэднэ хэмээн ярилаа.
Харин банкны ажилтнуудын ярьж буйгаар Бид ямар ч үндэслэлгуй иргэдээ хүүний хувь хэмжээгээр шулаад байгаа юм биш. Яг үнэн хэрэгтээ манай улсын татварын бодлого банкуудаараа дамжуулж иргэдээ шулж буй хэрэг гэж ойлгож болно. Төр бизнесийн үйл ажиллагааны бүх шатанд л татвар авч байна шүү дээ. Тухайлбал, нэг ширхэг талхны анхны үнэ хэдэн төгрөг гэж бодож байна. Үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараас авахуулаад янз бүрийн татварууд нийлээд нөгөө талхны чинь тал үнийг шахам залгичихдаг юм. Банкны үйл ажиллагаа, зээлийн хүү үүнээс ялгарах юм байхгүй. Ийм нөхцөлд зээлийн хүү өндөр байхаас ч өөр аргагүй хэмээн банкирууд
өөрсдийгөө зөвтгөв.
Уг нь дэлхийн олон оронд зээлийн хүүг бууруулах талд төрөөс нь бодлогын чанартай арга хэмжээ байнга авдаг гэх. Энд нэг жишээ татъя. Их Британид гэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаггүй бараа үйлчилгээ цөөнгүй байдаг аж. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, ном, эмийн импортын бараа, орон сууц барилга, тээвэр, санхүү болон даатгалын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлдөг байна.
Түүнчлэн Баруун Европын ихэнх оронд өргөн хэрэглээний хүнсний бараа болон зарим төрлийн үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үйлчилгээ, банк, даатгалын үйлчилгээг чөлөөлөх, эсвэл энэ төрлийн татвараас тодорхой хувиар хөнгөлдөг гэнэ. Иймэрхүү байдлаар татварын уян хатан бодлого явуулснаар банкууд нь зээлийн хүүг харьцангуй бага түвшинд барих нөхцөл хэмээн бүрддэг тэмдэглэжээ.
Банкны хүү буурах гарц байна уу?
Ийм гарц байгаа болов уу. Ядаж энэ жил банкны хүү хоёр хувь хүртэл буурах боломжтой юу? Энэ асуултад эдийн засагчид үгүй хэмээн хариулж байна, Тэгвэл банкны хүү буурахгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ? Энэ талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат
-Огт буурахгүй биш ээ. Ерөнхийдөө зээлийн хүү сүүлийн үед доошилж байгаа. Гэхдээ маш удаан, бага багаар. Хүүгийн хэмжээ хурдан хугацаанд буурахгүй байгаад хоёр үндсэн шалтгаан бий. Өнөөдөр банкны хадгаламжийн хүү өндөр байна. Түүнчлэн банкууд үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлэх боллоо. Нэвтрүүлж буй шинэ үйлчилгээ, уг үйл ажиллагаа бүрт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь өсч байна гэсэн үг. Ийм нөхцөлд хүүгээ бууруулах боломжгүй шүү дээ.
Мөн зээлийн эрсдэл дорвитой буурахгүй байна. Үүнийг бууруулах талд төр, засгаас анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл, зээл найдвартай төлөгддөг хууль тогтоомж боловсруулах, шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай.
Хэдийгээр зээлийн хүүг бууруулахад эдгээр банкуудын өрсөлдөөн нөлөөлөх ч үүнд төр, засгийн оролцоо тун чухал. Өнөөдөр банкууд орлого олж байж хадгаламжийнхаа хүүг төлөх учиртай. Угтаа бол тэдний орлого нэмэгдэхийн хэрээр Монголд зээлийн хүү буурах боломжтой юм гэж ярилаа.
Хятадад банкны зээлийн хүүг улсаас нь жил бур тогтоодог журамтай. Тиймдээ ч тус улсын
зээлийн хүүгийн хувь бүр атаархмаар бага. Тодруулбал, тэнд зээлийн хүү нь сарын 0.3, хадгаламж нь 0.1 хувьтай байдаг гээд боддоо. Хэрэв та ийм хэмжээний хүүтэй 10 сая төгрөгийн зээл авбал, сард ердөө 20 мянган төгрөг төлнө гэсэн үг. Харин манайд энэ тоо 200-400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Асар их ялгаатай байгаа биз. Угаасаа манай банкууд өндөр хүүтэйгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байна.
Монголд өнөөдөр дээрх хэмжээнд хүртэл зээлийн хүүг буруулах боломжгүй нь
ойлгомжтой. Гэхдээ банкуудын зээлийн хүүг төр, засаг жил бүр тогтоож болохгүй гэж үү. Ойрын жилүүдэд банкны хүү хоёр, цаашлаад 1.5 хувь хүртэл доошлох боломж бий юу. Үүнд эдийн засагчид ямар бодолтой байна вэ?
Энэ нь бараг боломжгүй зүйл л дээ. Хятад улсын төр, засаг нь банкуудынхаа тухайн жилд олгох зээлийн хүүг нэг түвшинд маш багаар тогтоодог. Энэ нь нэг талаар сайн ч, сөрөг үр дагавар ихтэй байдаг юм. Тэгээд ч тус улс өнөөдөр зээлийн эрсдэл өндөртэй орны тоонд ордог. Хамгийн гол нь эдийн засгийн чадвартай том гүрэн болохоор энэ эрсдэлээс хамгаалаад байгаа хэрэг. Харин Монгол Улс ингэж чадахгүй шүү дээ гэсэн тайлбар өглөө.
Тэгэхээр эдийн засагчдын ярьж буйгаар банкуудын хүү нэг хэсэгтээ л доошлохгүй нь. Харин энэ зуур иргэдийн халаасны цоорхой улам бүр томорч, тэр хэрээр мөнгө хүүлэгчдийн хэтэвч зузаарсаар. Тэдний хэтэвч үнэхээр зузаарч буй эсэхийг ч тандахад амархаан. Сүүлийн хэдхэн жилийн дотор банкуудын санхүүгийн чадавхи, нийт актив нь хэрхэн сайжирч, өсч буйг Монголбанкнаас гаргасан статистик судалгаанаас тодорхой харагдах биз ээ.
(өнөөдөр 2004-06-15 140)