ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГАА БА ХҮНИЙ ЭРХ
Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдолтой албан ёсны болон онол-практикийн тайлбарууд ч нэгэнтээ гарч, хуулийг шүүн таслах ажиллагаанд хэрэглэх талаар хуулийн байгууллагуудын ажилтнуудын дунд сургалт семинар ч ид явагдаж байна.
Практик ажилтнуудын гол анхаарал уг хуулийг байцаан шийтгэх ажиллагаанд хэрхэн зөв, нэг мөр ойлгож хэрэглэх, гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шүүн таслахад юуг анхаарах, өөрөөр хэлбэл хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхэд төвлөрч буй бололтой.
Харин энэхүү шинэ ЭБШХ нь өмнөх ийм хуулиудаасаа юугаараа онцлог, шинэлэг,
дэвшилттэй болсон, манай улсын нэгдэн орсон олон улсын Гэрээнүүд болон олон улсын түв-шинд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байцаан шийтгэх ажиллагааны стандарт жишигт хэр зэрэг нийцэж буй талаар, цаашлаад хүний эрхийг баталгаатай хангах нөхцөл боломжийн тухайд яригдаж эхлээгүй, энэ чигт судлаачдын анхаарал нэг их төвлөрөөгүй, тийм захиалга, өдөөлт ч хийгдээгүй байна.
Байцаан шийтгэх хуульд (2002 он) илт ололттой, дэвшилттэй, шинэлэг, хүний эрхийг хамгаалахад албан тушаалтны дур зоргын авирлалт, хууль бус үйлдлээс хамгаалахад чиглэгдсэн олон чухал заалтууд оржээ. Тухайлбал, хуулийн хоёрдугаар бүлэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны гол зарчим, зорилтууд гэмт хэрэг нэг бүрийг бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий харгис, нэр төрийг нь доромжлохгүй байх, сэжигтнийг баривчлах үед өмгөөлөгч авах, шүүхэд гомдол гаргах, өөриинхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулах, эрүүгийн хууль болон байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зэрэг нь хүний эрхийг баталгаатай болгох, хилсээр, хуулийн үндэслэлгүйгээр хүнийг шүүж шийтгэхээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн байцаан шийтгэх ажиллагааг эсрэг тэсрэг нотлох баримтыг зэрэгцүүлэн авч үзэж, зөвхөн эрх тэгш бүхий яллагч, өмгөөлөгч (шүүгдэгч) талуудын
мэтгэлцээний үндсэн дээр явуулахаар заасан. Байцаан шйитгэх хуульд тогтоосон дээрх заалтууд болон бусад ололттой, хүнлэг энэрэнгүй олон зүйл хэсгийг бүхэлд нь авч үзэж дүгнэвэл, байцаан шийтгэх өмнөх хуулиудаасаа илүү дэвшилттэй, мөрдөж мөшгих, байцаан саатуулах, хэргийн үндэслэлгүй сэрдлэг хардлагаас гэм буруугүй хүнийг аль болох хамгаалахад чиглэгдэж чадсанаараа ялгарч буй гэж хэлэх үндэслэлтэй.
Энэ удаад Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хууль нь хүний эрхийн үндсэн зарчим, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрүүд болон нийтээр хүлээн зөвшөөр-сөн дэглэм, стандартад хэр зэрэг нийцэж байгааг зарим талаар харьцуулж, зарим талаар нь шүүмжлэлтэйгээр авч үзэхийг оролдов. Энэ бүхэн нь цаашдаа энэ чухал хуулийг шинэчлэх, боловсронгуй болгоход анхааран авч үзэх, судлаач эрдэмтдэд санаа бодлоо хуваалцаж, хэлэлцэхэд ч тустай байгаасай гэж хүснэ.