Баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний тухайд

Хуулийн 35 дугаар зүйлд сэжигтний эрх, 36 дугаар зүйлд яллагдагчийн эрх, 41 дүгээр зүйлд өмгөөлөгчийн эрх болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд оролцогч талуудын эрхийг тусгасан. Эдгээр эрх нь ихэвчлэн өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийн холбогдох тогтоол, бичиг баримттай танилцах, зарим нэг хүсэлт гаргах, гомдол гаргах гэсэн мэтгэлцээний нөгөө эрх тэгш тал болох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үзэмж, хандлагаар шууд шийдвэрлэгдэх эрх байгаа нь анхаарал татна.
Нэгэнт сэжигтэн, яллагдагч нь бүх л талаараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос ямар нэг байдлаар хараат байдалд, баривчлагдсан буюу цагдан хоригдсон үед бүрэн хэмжээгээр хараат байдалд ордог учраас хуульд заасан тэдгээр эрхүүд нь бодитойгоор хэрэгжих боломж эргэлзээтэй болдог. Жишээ нь хоригдож буй хүн хуулийн 35.2.3-д заасан баримт сэлт гаргаж өгөх, эрхээ хэрхэн яаж эдлэх вэ?
Хуульд (35.2.8 ба 36.3.4) сэжигтэн, яллагдагч нь өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхтэй гэж заасан. Энэ бол маш чухал асуудал бөгөөд өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын уулзалт ярианы агуулга, нууцлалыг хэн ч, тэр тусмаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сонирхох ямар ч эрхгүй, хэрэв тиим оролдлого хийвэл тэр нь хууль бус арга ажиллагаа, үйлдэл болно гэсэн үг. Гэвч хуулийн энә заалт амьдралд тэр бүр хэрэгждэггүй, ноцтой хэрэгт холбогдогсдын өмгөөлөгчтэйгээ уулзах уулзалтыг нийтийн уулзалтанд зориулсан газарт бус тусгайлсан өрөөнд зориуд зохион байгуулдаг, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ уулзахын тулд хэд хэдэн газраас, заримдаа мөрдөн байцаах хэлтсийн дарга, мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авахад хүрдэг байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгт сэрдэгдсэн этгээдийн эрхэд халдах үндэслэл, боломж ба уг халдлагыг хязгаарлахад чиглэгдсэн үр нөлөө бүхий хяналтын механизм, чөлөөлөгдөх болзол журам нь энэ хуулийн энэрэнгүй, хүний эрхийн чиглэл баримжаатай болохын нэг чухал үзүүлэлт болдог байна. Асуудлын энэ өнцгөөс авч үзвэл уг хуульд ихээхэн шүүмжлэлтэй хандаж болмоор.
Юуны өмнө гэмт хэрэгт сэжиглэж бусдыг баривчилж, хорьж болох үндэслэлийг тодорхой заасан атлаа, буцаагаад нөгөө хүнээ суллах, хорих цагдах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх болзол журмыг хуульд ор тас орхигдуулснаас практик ажилтнуудын дунд хоригдогсдыг шүүхэд шилжихээс өмнө нь гаргасан ч, эс гаргасан ч дурын хэрэг мэтээр хандах, үндэслэлгүйгээр ёс юм шиг удаан хугацаагаар хорих нь ихээхэн түгээмэл байна. Зүй нь хэрэг нь нэгэнт тогтоогдсон, тодорхой хаягтай, эд хөрөнгөтэй, эсхүл ихээхэн маргаантай, эргэлзээтэй хэрэгт сэжиглэгсэд, хүүхэд эмэгтэйчүүдийг нэн даруй суллах болзол журмыг хуульчилж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт тодорхой нөхцөл, болзол бий болсон үед нэн даруй цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байх үүргийг хуулиар ноогдуулж өгөх нь энә хуулийг хүнлэг, энэрэнгүй болгох нэг чухал алхам болно.
Хүний халдашгүй чөлөөтэй байх Үндсэн хуулийн эрхтэй Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд тусгагдсан сэжигтэн, яллагдагчийг баривчлах, саатуулах, цагдан хорих үндэслэл, журам хэрхэн уялдаж, гэм буруугүй хүн хууль бус баривчилгаа, хоригдолтоос эгнэгт ангид байх баталгаа хэр найдвартай байж чадах нь хүний эрхийн талаасаа маш чухал үзүүлэлт юм. Хуулийн наймдугаар бүлэг бүхэлдээ сэжигтнийг баривчлах асуудлыг зохицуулж байна. Сэжигтнийг гурван тохиолдолд, нэгдүгээрт, сэжигтэн оргон зугатахыг завдсан, хоёрдугаарт, хүнд гэмт хэрэгт, гуравдугаарт, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэж буй бол баривч-лахаар (хуулийн 58 дугаар зүйл) заасан. Үүний оргон зугатахыг завдсан сэжигтнийг болон онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэгсдийг баривчлахыг зүй ёсны гэж үзэж болох боловч хүнд гэмт хэрэгт холбогдогсдыг заавал баривчилж байхаар хуульчилсны үндэслэлийг зөвтгөхөд төвөгтэй юм. Эрүүгийн хуулиас үзэхэд нийтдээ 352 үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд үүнээс 65 үйлдлийг хөнгөн, 185 үйлдлийг хүндэвтэр, 68 үйлдлийг хүнд, 34 үйлдлийг онц хүнд гэмт хэрэгт тооцжээ. ЭБШХ-ийн дээрх заалтаас үзэхэд нийтдээ (хүнд, онц хүнд) 102 үйлдэлд хардагдаж сэрдэгдсэн хүнийг зөвхөн зүйл ангийг нь хараад шууд баривчлах үндэслэл нээлттэй байна. ЭБШХ-ийн 58.1 нь императив шинжтэй норм юм. Учир нь зөвхөн баривчилна гэж таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хувилбаргүйгээр тогтоожээ. Шууд баривчлагдах хүнд гэмт хэрэгт татварын хэрэг, гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдах, газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэх мэтийн дараа нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдох магадлал багатай, эсхүл мөрдөн байцаалтын явцад шүүхэд шилжих эсэх нь шийдвэрлэгддэг үйлдлүүд зонхилж байна. Тэгэхээр ийм хэргүүдэд сэрдэгдсэн хүмүүсийг эхнээс нь шууд л баривчилж хорихоор хуульчилсан нь хүний халдашгүй эрхийг ноцтойгоор зөрчихөд хүргэж болзошгүй заалт юм.
Харин Эрүүгийн байцаан шийтгэх өмнөх хуульд сэжигтнийг тодорхой үндэслэл бүхий үед албадан саатуулах эрхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт олгосон (хуулийн 137-р зүйл) байсан нь шинэ хуулийн баривчилна гэсэн императив заалтаас өөр, сонголт хийхийг зөвшөөрсөн утга агуулгатай байсан нь илт байна.
Баривчлах, цагдан хориход олгох зевшөөр-лийг зөвхөн шүүх гаргах болсон нь байцаан шийтгэх шинэ хуулийн хүний эрхийг баталгаа-жуулахад чиглэсэн дорвитой алхмын нэг гэж зүй ёсоор үнэлэх ёстой. Бусдын эрх чөлөөнд халдах зөвшеөрлийг гэмт хэргийг илрүүлэх шууд үүрэг хүлээсэн субьект (прокурор) захиргааны журмаар бус, харин шүүх яллагч болон өмгөөлөгч талын байр суурь, хэргийн талаархи зарим мэдээ баримтыг харьцуулан авч үзэж, ямар нэг хэмжээгээр мэтгэлцээний үр дүнг харгалзан олгох болсон. Энэ нь хүний эрхэд яах аргагүй эерэг үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй бөгөөд манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, стандартад бүрнээ нийцэж буй юм.
Шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнөх шатанд, тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаал-танд сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих үндэслэл журам нь ЭБШХ-ийн хүний эрхтэй холбоотой хамгийн хурц, төвөгтэй асуудал байдаг.
Уг хуулийн 68 дугаар зүйлд цагдан хорих үндэслэл, журмыг тодорхойлсон байх бөгөөд хүнд, онц хүнд хэргийн холбогдогчдыг оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно. Үүнээс үзэхэд хорих үндэслэл нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын дур зоргын хандлага, үзэмжээр шийдэгдэхээр байгаа бөгөөд практик дээр оргон зайлах, гэмт хэрэг дахин үйлдэх, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах зэрэг нь юугаар илэрсэн буюу тогтоогдсон байх нь тодорхойгүй байдаг.
Цагдан хорихтой холбоотой хүний эрхийн өөр нэг анхаарал татсан, чухал асуудал бол хорих хугацаа ба түүнийг сунгах журам байдаг.
Шинэ хуульд хорих дээд хугацааг зарим онц хүнд хэргийн хувьд 30 сараар (хуулийн 69.4.), хорьж мөрдөх ерөнхий хугацааг 24 сараар (хуулийн 69.3.) тогтоосон. Хуучин хуульд хүндэвтэр гэмт хэрэгт холбогдогсдыг хоёр сараас дээш хугацаагаар хорихыг зөвшөөр-дөггүй байсан бол (хуулийн 95-р зүйл) шинэ хуулиар энэ хугацаа 24 сар болж, даруй 12
дахин өссөн. Үүнийг аль ч шалгуураар зөв гэж үзэх боломжгүй юм.
Ер нь шүүхээс өмнөх шатанд хорих хугацааг аль болох богино хугацаанд, ялангуяа нийгмийн аюулаар бага гэмт хэрэгт холбогдогчдыг хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг журамд шилжих нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ойрын ирээдүйн зорилго. Манай улс нэгдэн орсон олон улсын гэрээнүүдээр ийм үүрэг хүлээж байхад хүндэвтэр гэмт хэрэгт холбогдогсдын хувьд хорих хугацааг ингэж нэмсэн нь зүй ёсны шүүмжлэлтэй тулгарна.
Хуульд насанд хүрээгүй хүмүүсийг 18 сараар (хуулийн 366.4) хорьж мөрдөн байцаалт явуулахаар заасан нь Хүүхдийн эрхийн тухай конвенц болон бусад олон улсын гэрээнд тогтоосон насанд хүрээгүй хүмүүсийг шүүхээс өмнөх шатанд аль болох ахар богино хугацаанд хорих тухай шаардлагад огтхон ч нийцэхгүй болно.
Хамгийн ойрын харьцуулалтыг хэлэхэд ОХУ-ын ЭБШХ-д насанд хүрсэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан хорьж мөрдөх эцсийн хугацааг 18 сараар (ОХУ-ын ЭБШХ-ийн 97-р зүйл) тогтоосон байх жишээтэй.
Өмнөх хуулиасаа хүний эрхийн хувьд дордуулсан өөр нэг асуудал бол хорьж мөрдөх хугацааг сунгах журам.
Хуучин хуулиар хоёр сараас дээших хугацааг сар тутамд тогтоол үйлдэж сунгуулах шаардлагатай байсан бол одоо шинэ хуулиар заавал сар тутамд биш, хэдэн сараар ч нэгтгэн сунгуулах боломжийг (хуулийн 69.5) мөрдөн байцаагч, прокурорт олгосон нь сэжигтэн, яллагдагчийн эрхийн байдлыг ноцтойгоор хүндрүүлж буй болно.