Өмгөөлөл ба байцаан шийтгэх ажиллагаа

Гэвч энэ тэгш эрх нь зөвхөн шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар саналаа илэрхийлэхтэй л холбоотой байдаг.
Энэ нь шүүх хуралдаанаас өмнө дан ганц яллах талын санаачлага, оролцоогоор
цуглуулсан нотлох баримтыг шинжлэхэд л санал өгөхөөр хязгаарлагдаж буй учраас өмгөөлөх талын хувьд ихээхэн учир дутагдалтай эрх тэгш байдал юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулахад өмгөөллийн тал ямар эрхтэй байх нь байцаан шийтгэх ажиллагааг шударга, үнэн зөв явуулахад шийдвэрлэх ач холбогдолтой.
Хуулийн өмгөөлөгчийн эрх, үүргийг тусгасан 41 дүгээр зүйлээс үзэхэд нотлох баримт, бичиг баримт, мэдээллийг цуглуулах талаар өмгөөлөгч нь зөвхөн хүсэлт гаргах л эрхтэй, харин тэрхүү эрх нь хэрхэн хэрэгжих нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үзэмжээр шийдвэрлэгдэхээр тусгагдсан байна. Хэрэв сэжигтэн, яллагдагчийн талд шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримтыг өмгөөлөгч хүссээр байхад яллагч тал гаргуулан авч, хавтаст хэрэгт оруулахгүй байвал яах вэ? Тэр нотлох баримтыг өмгөөлөгч өөрөө бэхжүүлэн авах буюу шүүх хуралдаанд танилцуулах, байцаалгах эрх, боломж хэр нээлттэй эсэхээс хэргийн шударга шийдвэрлэлт хамааралтай юм.
Манай хуульд өмгөөлөх тал нь шүүхээс ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр шүүх хуралдаанд гэрч дуудаж байцаалгах эрх эдэлдэггүй ба аль нэг нотлох баримтыг хавтаст хэрэгт авахуулах хүсэлт нь зөвхөн яллах талын үзэмжээр шийдвэрлэгдэхээр байгаа нь цаашид хуулийг боловсронгуй болгоход зайлшгүй анхаарал хандуулбал зохих асуудал юм.
Ер нь байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийг ёс төдий байлцуулах, тэдний гаргасан үндэслэл бүхий санал хүсэлтийг харгалзан үзэж биелүүлээгүйгээс болж хэргийн шийдвэрлэлт удаашрах, заримдаа хүнийг хилс ташаа шийтгэх, хохироох явдал гарч байна.
Урьдчилан хоригдсон этгээдүүдийн хувьд өмгөөлөгч авах, цаг хугацаанд нь чанартай хууль зүйн туслалцааг хүртэх боломж тэр бүр байдаггүй, төлбөрийн чадваргүйгээс болж хохирох нь элбэг байна. ХЭҮК-оос 2002 онд явуулсан судалгаагаар цагдан хорих байруу-дад хоригдож байсан 783 хүний 42,4 хувь нь өмгөөлөгч огт авалгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож байсан бөгөөд өмгөөлөгчийг гол төлөв яллаг-дагчаар татагдсанаас хойш авдаг байна.
Судалгаанд хамрагдсан дээрх хүмүүсийн дөнгөж 19,1 хувь нь өмгөөлөгч байцаалтанд байнга оролцогч гэсэн ба 33,1 хувь нь өмгөөлөгчийг баицаалтанд оролцуулах талаар гаргасан хүсэлтийг мөрдөн байцаагч хангадаггүй гэж хариулсан байв.
Байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө эрс өөрчлөлт, эргэлт гаргах бодит боломж, нөлөөлөл хуулинд тусгагдаж чадсан эсэхээс өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөө шууд хамаарна. Энэ талаар хуульд учир дутагдалтай зүйл их байна. Өмгөөлөгч нь процессын эсрэг талдаа хүсэлт санал тавьдаг учраас хичнээн үндэслэлтэй байлаа ч ихэвчлэн шийдвэрлэгддэггүй үлддэг. Иймд процессыг зөвхөн шүүх хуралдааны үед төдийгүй, бүхэлд нь хэрэг бүртгэхээс авахуулаад шүүхийн шатуудыг дуустал нь мэтгэлцэх зарчимд шилжүүлбэл, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн санал хүсэлтийг зөвхөн шүүх шийдвэрлэдэг журамд шилжих нь талуудын эрх тэгш байдлыг хангах гарц юм.