Шинэ шүүхийн хийх ажил мундахгүй

Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар 21 аймаг, нийслэлд тус бүр захиргааны хэргийн шүүх, Улсын Дээд шүүхэд захиргааны хэргийн танхим байгуулахаар зааж, тэдгээрт ажиллах 76 шүүгчийн орон тоог Улсын Их Хурлын тогтоолоор тогтоож өгсөн. Мөн түүнчлэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, захиргааны хэргийн шүүх, түүний үйл ажиллагааны журмыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилж өгсөн явдал энэ шүүхийг байгуулах эрх зүйн үндэс болсон.
Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулах талаар арав гаруй жилийн өмнөвс яригдаж, үзэл баримтлал боловсруулагдан эрх зүйн орчин бүрэн бүрдэж захиргааны хэргиин шүүх жинхэнэ утгаараа байгуулагдаж ажилдаа орлоо. Энэ бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор хамгаалах, хууль дээдлэх замаар эрх зүйт төрийг төлөвшүүлж, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилтыг хангасан түүхэн томоохон үйл явдал болж байна.
Захиргааны хэргийн шүүх нь нийтийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нөгөө талаар захиргааны байгууллагын зөв зүйтэй шийдвэр, үйл ажиллагааг бататгах, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад нь /хяналт тавьж/ эсрэг нөлөө үзүүлэх зорилготой. Захиргааны хэргийн шүүх энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ иргэд, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх замаар хангах болно. Хуулиар тус шүүхэд хүлээлгэсэн үүрэг, олгосон эрх нь энэ юм.
Энэ шүүхийг байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Дээд шүүх, Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханне Зайделийн сан, Дэлхийн банкны Шүүх, эрх зүйн шинэчлэлт төсөл, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Шүүх эрх мэдлийн шинэтгэл хөтөлбөр, Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв, Эрх зүйн боловсролын академи зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, эрдэмтэд, судлаачид ихээхэн хүчин чармайлт гарган ажилласныг энд тэмдэглэх хэрэгтэй.
-Та сая төр, захиргааны байгууллагатай холбоотой иргэдийн гаргасан гомдлыг шийдвэрлэнэ гэж хэллээ. Ийм төрлийн хэрэг ер нь хэр олон гардаг вэ. Захиргааны хэргийн шүүхийн ажлын ачаалал нь бага байх магадлалтай гэсэн яриа гадуур байна…
-Өдгөөг хүртэл манай улсад захиргааны хэргийн дагнасан шүүх ажиллаж байсангүй. Тийм болохоор захиргааны хэргийн шүүхээр жилд төчнөөн хэрэг шийдвэрлэгдэнэ, ажлын ачаалал нь тиймэрхүү байна гэж урьдчилан хэлэх боломжгүй юм. Гэхдээ захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах асуудлууд нэлээд байдаг тул энэшүүхийн хийх ажил мундахгүй. Цаашдаа захиргааны хэргийн шүүхийн ажил нь жигдрээд, иргэд хуулийн этгээд гомдол, нэхэмжлэл гаргаж сураад ирэхээр улам ч ихсэх нь мэдээж.
-Шинэ шүүхийн бэлтгэл ажил ямархуу төвшинд хийгдсэн бэ. Миний сонссоноор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн байрны асуудал нэлээд удааширч байж шийдэгдсэн гэсэн. Ер нь хэдий хэрийн хөрөгө энэ шүүхийн бэлтгэл ажилд зарцуулав. Дээрх хөрөнгө хаанаас гарсан бэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төлөвлөгөө гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласны үр дүнд шинэ шүүхийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан гэж үзэж болно. Дэлхийн банкны Шүүх, эрх зүйн шинэчлэлт төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын их засвар, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын шүүгч, шүүгчийн туслах нарын албан тасалгаа, шүүх хуралдааны танхимын засварын ажил дуусч бэлэн болсон. Аймгуудын захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн өрөө, ажиллах нөхцөлииг бүрдүүлэх асуудлыг тухайн шүүхийн тамгын хэлтсүүд хариуцан бэлтгэсэн. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн барилга одоогоор бэлэн болоогүй байна.
Монгол улс Олон улсын хөгжлийн Ассоциацийн хоо-ронд 2002 оны нэгдүгээр сарын 22-нд байгуулсан Хөгжлийн зээлийн гэрээнд Захиргааны хэргийн шүүхийн зориулаптаар ашиглах байрны асуудлыг Монгол улсын Засгийн газар ха-риуцна гэж заагаад харин түүнийг засварлах зардлыг Дэлхийн банкны төслийн хө-рөнгөөс гаргахаар тусгасан юм.
Засгийн газрын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийг 2004 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор байраар хангах асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан юм. Үүнээс хойш нэлээд чармайлт гарган хөөцөлдсөний үр дүнд Төрийн өмчийн хорооны 2004 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар тогтоолоор Төрийн өмчийн долдугаар байрны нэгдүгээр давхрын хувийн компани үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан хэсгийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд түрээсээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ байр нь тус шүүхийн хэрэгцээнд хүрэл-цэхгүй, зөвхөн шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны төвийн зориулалтаар ашиглах боломжтой юм. Одоо тус байрны засварын зураг, төсөв хийгдсэн, засварын ажил эхлээд байна.
-Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоо-той зарим маргаан гарсан, бас орон тоогоо гүйцээж чадахгүй нөхцөл байдал ч үүссэн байсан. Одоо энэ асуудал цэгцэрсэн үү?
-Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим, аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр 76 хүн шинээр томилогдон ажиллахаар хуульд тусгагдсан. Дээрх орон тоон дээр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, Шүүхийн мэргэжлийн хороо нэр дэвшигчдээс эрх зүйн мэдлэгийн болон ажил хэргийн чадварын талаархи шалгалтыг зохих журмын дагуу авсан юм. Шүүхийн Мэргэшлийн хорооны шалгалт дөрөвдүгээр сарын 5,7, 12-ны өдрүүдэд явагдсан. Энэ удаад шалгалтад тэнцсэн хүмүүсийн тоо захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоог бүрдүүлэхэд хүрэлцэхгүй байсан учир сул орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлаж дахин шалгалт авсан. Нийтдээ шүүгчийн сонгон шалгаруултанд хот, хөдөөгийн нийт 168 хуульч нэр дэвшүүлснээс 23 хуульч нэрээ татах, хуульчийн гэр-чилгээгүй, ажилласан жил болон шүүгч болох нас хүрээгүй, шалгалтад хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар сонгон шалгаруулалтад ороогүй.
Шалгалтад орсон 145 хуульчаас 68 нь эрх зүйн мэдлэг, ажил хэргийн чадварын хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэнэ гэсэн дүгнэлтийг Шүүхийн Мэргэшлийн хороо гаргасан юм. Захиргааны хэргийн шүүхийг манай улсад анх удаа байгуулж байгаа учраас нэр дэвшигчдийнхээ эрх зүйн мэдлэг, мэргэшлийн төвшинд харьцангуй өндөр шалгуур тавьснаас тэр босгыг олон хүн давж чадаагүй байж мэдэх юм. Бид захиргааны хэргийн шүүхээ бүрэн бүрдүүлчихье гэж бодоод мэдлэг сул хүмүүсээр орон тоогоо бөглөе гэж бодоогүй. Шалгалтад тэнцсэн хуульчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьснаар Нийслэлийн захиргааны хэргийн шүухийн шүүгчээр 6, аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр 46 хуульчийг томилсон. Эдгээр шүүгчид тангараг өргөж ажилдаа ороод байна. Одоо захиргааны хэргийн шүүх маань хот, хөдөө хаана ч үйл ажиллагаагаа явуулж чадахуйц орон тоотой болсон.
-Дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулах учиртай. Гэтэл УИХ ойрын үед хуралдахгүй. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Дээд Шүүхийн шүүгчээр томилогдох хуульчдыг УИХ-д танилцуулсны дараагаар томилох эсэх асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэх учиртай. Энэ л журмаар явна. Өөр арга, журмаар шийдвэрлэх боломжгүй.
-Энэ шүүх байгуулагдахаас өмнө иргэний шүүхэд ирсэн маргааныг харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх үү гэдэг асуудлыг хүмүүс их сонирхож байна?
-Нэгэнт сум, сум дундын, дүүргийн шүүхэд зургадугаар сарын 1-нээс өмнө нэхэмжлэл гараад иргэний хэрэг үүсгэчихсэн маргааны тухайд уг хэргийг тухайн шүүх эцэслэн шийдвэрлэж хянаж дуусгана. Харин зургадугаар сарын 1-нээс хойш гаргасан захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ. Шинэ шүүхийг байгуулах ажлын хүрээнд жил шахмын хугацаанд бүх нийтийн болон хуульчид, сонирхогчдод зориулсан сургалт, сурталчилгаа явуулсан болохоор манай иргэд захиргааны хэргийн шүүхдээ хандаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах бэлтгэлтэй болсон байх гэж найдаж байна. Уншигчдад зөвлөх нэг зүйл бол шүүхийн өмнөх шатанд захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх журмыг баримтлах ёстойг анхаарах хэрэгтэй юм.
-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль маань хэрэглэх, хэрэгжүүлэхэд хэр боломжийн хууль гэж үзэж байна вэ. Шүүмжлэлтэй хандмаар асуудал бишгүй л байгаа биз дээ?
-Захиргааны хэргийн шүүх энэ хуулийг хэрэгжүүлнэ. Бидэнд туршлага бий. Хуулиа амьдрал практик дээр хэрэглээд явахаар засаж сайжруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Ийм нөх-цөлд Дээд Шүүхийн тайлбар, зөвлөмж гаргаж маргаантай асуудлыг зохицуулж болно. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал хууль тогтоогчид хандаж ч болно. Ер нь хуулийг хэрэглэж эхлээгүй байж шүүмжлэх байр сууринаас хандаж болохгүй шүү дээ.
-Эцэст нь захиргааны хэргийн шүүхүүд маань чухам хаана байрлаж байгааг хэлбэл хүмүүст дөхөм байх болов уу?
-Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим нь Дээд шүүхийн байранд, аймгийн захиргааны хэргийн шүүх нь тухайн аймгийн шүүх дотроо байрлах юм. Харин нийслэлийн захиргааны хэргийн шүүх одоогоор нийслэлийн шүүх дотор байрлаж ажлаа явуулж байгаа. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн байрны засвар дуусч өөрийн байнга ажиллах байрандаа ормогц нийтэд мэдэгдэх болно,
Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, иргэд, хуулийн этгээдийн захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг саадгүй хүлээн авч шийдвэрлэнэ.
(өдрийн сонин 2004-06-17 151)