Монгол охин томчуудтай чуулаад ирлээ

Өчигдөр энэ талаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө Үндэсний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх зөвлөлийн хуралд төлөөлөгчөөр оролцож, Хууль зөрчсөн хүүхдийн асуудал Монголд сэдвээр илтгэл тавьсан Т.Мягмартогтохтой ярилцлаа.
-Монгол хүүхдүүд, дэлхийн олон орны хүүхдүүдийг төлөвлвн томчуудад илттэлээ тавиад ирсэнд чинь баяр хүргэе. Юуны өмнв өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Т.Мягмартогтох гэдэг. Би Говь-Алтай аймгийн Ү арван жилийн есдүгээр ангид суралцдаг юм. Гэртээ ээж, аав, дүүтэйгээ амьдардаг. Аав маань цагдаагийн байгууллагад, ээж АНУ-ын төсөл дээр ажилладаг. Би аймгийнхаа Хүүхдийн зөвлө-лийн дарга, мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн.
-Ямар шалгуураар Хүүхдийн сангийн гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцох болсон талаараа ярихгүй юу?
-Өнгөрсөн арванхоёр дугаар сард манай улсын өнцөг булан бүрээс шалгарсан арван хүүхэд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралд сууж, нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэр үеэр бид хүүхдийн байр сууринаас өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн. Харин дараа нь буюу өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатар хотноо хүүхдийн асуудлаар зохион байгуулагдсан Үндэсний дээд хэмжээний чуулганы үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кул Гутам гуай айлчлахдаа гүйцэтгэх зөвлөлийн хуралд монгол хүүхэд оролцуулах санал тавьсан юм билээ. Тэгээд л бидний есөн хүүхэд өөрсдөө Хууль зөрчсөн хүүхдийн асуудал Монголд сэдвээр илтгэлээ бичиж, нууц санал хураалтаар нэгнийгээ сонгох болсон. Миний хувьд энэ том хуралд, тэгээд анх удаа хүүхдийн төлөөллийг оруулсан хуралд оролцсон доо маш баяртай байгаа.
-Нөгөө орны төлөөлөгч хүүхэд хаанахын хүүхэд байсан бэ. Ямар сэдвээр илтгэлээ тавьсан бэ?
-Нөгөөх маань Африк тивийн Нигер улсын охин байсан. Хусейнна маань Хүүхдийн оролцоо ба ДОХ гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Гэхдээ эхний өдөр болсон чуулганы үеэр би илтгэлээ тавьсан, тэр амжаагүй. Харин маргааш нь болсон чөлөөт ярилцлагын үеэр түүний илтгэлийг төлөөлөгчид сонссон. Уг нь энэ хуралд Тажикстаны төлөөлөгч хүүхэд оролцох ёстой байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй гэсэн л дээ.
-Дэлхийн орнуудаас онцлон монгол хүүхдээр илтгэл тавиулах болсон шалтгаан нь юу юм бол. Энэ талаар мэдсэн үү?
-Манай улс хүүхдүүдийнхээ талаар олон ажил хийдэг, хууль журам гаргахдаа тэдний төлөөлөлийн санал бодлыг тусгадаг учраас монгол хүүхдийг төлөөлөгчөөр оролцуулсан байх.
-Миний дүү илтгэлдээ энэ сэдвийнхээ талаар эерэг сөрөг ямар жишээнүүдийг багтааж өгсөн бэ?
-Би аль алиныг нь оруулахыг хичээсэн. Би илтгэлээ бичихдээ хорих ангиудад очиж, тэнд хоригдож байгаа хүүхдүүдтэй уулзсан. Сөрөг талын жишээ гэвэл манайд ямар нэгэн гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдсон хүүхдүүдийн буруутай нь батлагдаагүй нөхцөлд тэдний нэр хүндийг нь цагаатган, хоцорсон боловсролыг нь нөхөн олгох явдал байдаггүй гэдгийг жишээгээр дурдсан. Харин сайн тал нь гэвэл хорих газар хүүхдүүд янз бүрийн мэргэжлийг эзэмшдэг, урласан бүтээл нь мэргэжлийн хүмүүсийнхээс дутахгүй байдаг тухай явдал юм.
-Төлөөлөгчид юуг сонирхож асууж байв даа?
-Тэд Монгол орны тухай, үндэсний дээл хувцасны тухай асууж байсан. Тэнд байсан хүмүүс Монгол гэж хаана байдаг, ямар орон болох талаар тэр бүр сайн мэддэггүй юм билээ. Харин Монголд захын хүүхэд аль улс хаана байдаг, нийслэл нь ямар гээд мэддэг шүү дээ. Надад манай хүүхдүүд бусдаас дутахгүй гэсэн ийм бодол тэнд төрж байсан л даа.
-Илтгэлээ ямар хэлээр тавьсан бэ. Англи хэл хэр сайн мэдэх вэ?
-Би илтгэлээ монгол хэлээрээ тавьсан. Харин миний илтгэлийг таван хэл дээр хөрвүүлсэн байсан. Англи хэлний хувьд би дөрөвдүгээр ангиасаа хойш үзэж байна.
-Миний дүү цаашид ямар мэргэжилтэй болно гэж төлөвлөж байна вэ?
-Монголд хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүс ховор байдаг. Тиймээс нийгмийн, олон улсын харилцаагаар мэргэшинэ гэж бодож байгаа.