Улаан номын цагаан шувууны хар тавилан

Алтайн ууланд тошлог биеэ даахгүй болтлоо согтон боловсорч, асга хадан завсраар мөндөрлөх цаг. Хар ус нуур борлог, цэгээн долгиогоор намуухан бидэртэнэ. Нуурын өнгө уг нь ногоон цэнхэр атал энэ удаа яагаад ийм байна вэ. Шувууд буцах болсон учир ийм байна. Нуураан нэгэн жил санах учир ийм байна. Нуурын өнгө үл үзэгдэхээр л тийм олон шувуу бөөр бөөрөөрөө нийлэн мандлыг хучсан байна. Тэд мөдхөн тэнгэрээр хөгнөөчлөн одох дөхжээ. Харин хотон тэр их бүлээс аль өмнө явчихаж. Алтайг даван талийжээ. Нуурын ус элэгнээс жиндүүлмэгц л уртын урт хошуут тэр шувуу сэтгэл хуйсганан аагим Африкийг зүглэнэ. Хотонгийн хошуу тохой илүү урт. Уран гоё.
Нэг бодол төрнө. Биеийнх нь тал шахуу ясан хошуу нь намар сэрүү орохоор яагаа ч үгүй даардаг байж мэднэ. Бас загас ховоочлон гүнцэглэх сарьсан эрүү нь нар алслах тутам бээрдэг ч байж мэдэх санагдана. Бас наадам дууссан учир, анчдын сүрэг дайрдаг учир энэ шувуу эрт буцдаг байж ч мэдэхээр бодогдоно.
Хотонгийн зургийг анх би аавынхаа зурсан зурагнаас харж билээ. Сумынхаа сургуулийн хамаг л ханын сонин, будаг бийрний ажлыг нугалдаг байсан маань Жаргалант хайрхан, Цагаан голыг дандаа л зурна. Усан будаг, гуашханаар аавын зурсан тийм зураг Чандманийхнаар нэг байдагсан. Одоо ч байгаа биз.Чандманьд ирсэн зочид, төлөөлөгчдөд жаазалж зөндөө дурсгадаг байсан даа. Харин надад алга. Үүнээс хэд дахин илүү зурж хүүдээ өгнө дөө гэж боддог байсан биз дээ, хөөрхий. Аавын зурсан тэр зураг их нуурын захнаа алагтай, бүгээнтэй хэдэн адуу, ангир галуухан, бас шагшуурган захад цанхиртах гурав, дөрвөн хотонтой. Жаргалант хайрхан уулын жаргах нар үдсэн ар бэл ийм зураглал бүхий бөлгөө.
Энэ зураг, ийм ахуй, агшин Монголд ганцхан. Ганцхан гэнээ. Тийм ээ, хотон байдаг болохоорл тэр. Зөвхөн Хар ус нуурын шагшуурганд хотон өндөглөнө. Өсч төлжинө.
Хоттой хонь шиг байжээ энэ шувуу, хорь гучин жилийн өмнө. Залуус суурь хонь мэт хотонд аазгайтаж, халуун, шумуул, хадлан хадуулах хахир даамал гурвыг үл тоом-сорлон шүлэнгэтдэг байсан гэнэ. Буу шийдэм авчируулсангүй энэ хэнхэг дарга нар гэж бухимддаг байж. Бухимдах нь ийм учиртай. Хотонгийн хошуу үнэтэй. Багаар бодоход идэшний сувай байдас хүрнэ. Тарган адууны хүйтэн мах санагдаад л явчихдаг байсан биз.
Гэхдээ энэ бол хотонг хороох жинхэнэ шалтгааны дэргэд бага хэрэг. Энэ шалтгааныг өгүүлье.
Хар ус нуур Чандмань, Мянгад, Дөргөн, Буянт, Манхан, Дуут сумын нутагт хамаарна. Энэ нутгийн уяачид хотонгийн хошуун хусуураар морио хусна. Хотонгийн хошуун хусуургүй уяач уяач биш. Хотонгийн хошуугаар хусуулаагүй морь хурдлахгүй мэт сэтгэнэ. Хорвоогийн бүх хурдан хүлгээс Ховдын хэдэн унага л тийм хусуураар хусуулах тавилантай байна. Нэгэн харахад аз хийморь мэт. Бас нэгэн харахад уй гунигтай. Уй гуниг сэтгэлд илүү мэдрүүлэмтгий. Баяр бахдалаас илүү жин дарна.
Хотоор хонь мэт байсан хотон ховордон, ховордсоор. Холхи Алтайн уулсаар хурдтай, хурдгүй унага төрсөөр. Уях хүлэг унгалдахын тоогоор, аргил Алтайн эр унагадын туурайд мөс зайрмагтахын тоогоор хотон буцжээ.
Миний авгынд хотонгийн хошуун хусуур нэг бий. Надаас үе ах настай. Дөчин жил болж байгаа хусуур ажээ. Дөчин жил морь хуссан байна. Харин хотон шувуу тавин жил насалдаг байна. Урт нас. Зууны тал. Дөчин еснийхөө жилийг дөмөгхөн давдаг байна.
Авгын хусуур шижээргүй морины булгианд жирмэнд гогдож дундуураа цуурсан юм.
билээ. Бөгжлөөд хадчихсан байна билээ, дутуу хусуур болжээ. Дахиад нэг ийм ху-сууртай болохсон гэж ах ярина. Ахиад олдох болов уу. Хотон намнасан эр ярина. Буудахаас өөрөөр бугуйлдаж болдоггүй гэнэ. Буу буундаа буу шиг буу байх хэрэгтэй гэх. Винтов, карабин. Хотон алах муу гэх. Харин адуу амлаж авдаг гэнэ. Аргагүй хэрэгтэй болоод авлаа, адуу оронд нь өгье гээд л шивнээд бууддаг гэнэм. Амласан адууны нь оронд авгайг нь ч авдаг уу, аль эсвэл авдаггүй ч үү үл мэднэ. Алтайн гүн Хар усанд арваадхан л тоотой байсан нь өнгөрсөн зун ажээ. Аргагүй ховорджээ. Айлын хойморын унинд хадгалж жинсэлсэн хусуурууд л үлджээ.
Арваадханаараа үзэгдсэн хотонгийн аз жаргалтай үе ямар байв аа. Баранзад хадган Хар усын баруун зүүн, өмнө умрын дөрвөн зүгт Баатарын дугуй, Хийрсийн өнцөг, Мөнгөний дугуй, Самалдагийн хоолойд бэлчиж байсан байна. Гурав дөрвөн зуугаар тоологддог байжээ.
Өтөл насанд дарагдаж жам ёсоороо болсондоо юу, өңө эртний Хар усанд ясаа тавих тавилантайдаа юу зарим хавар нуурын мандалд нөгчсөн хотон хөвсөөр ирдэг байж.
Тэр цогцсоос саахалтын зайд сүрэг хотон хар галуудаараа загас шахуулан хооллож зогсдог байж. Хотонд хэдийд тавьсан өр, ах дүүгийн тангараг байдаг юм, хар галуу загас эргүүлэн өгч тусалдаг байна.
Харин хотон хар галууны энэ тусын төлөө юу төлдөг нь нууц. Эсвэл энэ надад ингэх л ёстой гэж ханддаг юм уу, бүү мэддээ.
Хотон үүрээ нэг л самруулаа бол дахин тэндээ төвхнөхгүй. Хожмын өдөр ч үл мартах юм шүү гэсэн шиг салхин эргүүлэг адил дээгүүр нь дугуйран нисч хардаг байна. Бууны сум бянтны эргэлтийн аясаар эргэлдэн оддог шиг аажмаар алслан гүн цэнхэр тэнгэрт цэгшсээр уусдаг байна. Гэхдээ тэр иргэж ирдэг байж. Харин одоо хэзээ ч ирэхгүйгээр одсон байж мэдэхээр байна. Хар ус нуурын хулс зэгсэнд нь унаж, долгионыг нь долоогоогүй өндөг үгүй бол ямар хотон тэнд ирэх вэ дээ. Аливаа амьтан төрсөн нутгаан тэмцэж амьдардаг. Тэндээ л шингэхийг хүсдэг. Тэгвэл Хар ус нуурт төрсөн хотон болгон хусуур болж үлджээ. Улаан номын цагаан шувууны хар тавилан уулсын дундахь хэдэн гэрт дархлагджээ. Уйтай байнам, Хар усан нуур. Аавынхаа зурсан хотонт нуурын зургаас нэгийг олж авах юмсан.
(өдрийн сонин 2004-06-17 151)