Аваргаар Улсын наадам дутахаас Улсын их хурал дутахгүй

Ингэж хэлдгийн учир бол манай хамгийн хүчтэй улс төрийн хүчин гэгдэх МАХН энэ жилийн УИХ-ын сонгуульд дархан аваргыг УИХ-ын Хэнтий аймаг дахь 50 дугаар тойрогт нэрийг нь дэвшүүлсэн дуулдана. Хэрэв аварга маань УИХ-ын гишүүнээр сонгогдчихвол, Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхгүй болж мэдэх нь. Хэнтий… аймгийн…. Өмнөдэлгэр сумын харъяат, далай…. даян… дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнээ гэх ган хоолойт засуулын хоолой уян-галахгүй бол монгол наадмын торгон дэвжээнд түүний орон зай эзгүйрнэ дээ. Харин 50 дугаар тойргийн гишүүн бөх үзэж байна гэх юм биз дээ.Ер нь улс төрийн хүрээнийхэн манай бөхчүүдийн нэр хүнд, эрдэм чадлыг цаг ямагт ашиглаж ирсэн түүхэн баримтууд бий. Улсын начин Жарантайн Авхиаг эр бяр нь тэнцэж байсан тэр жилүүдэд МАХН сайдаар томилчихоод Нэг бол сайд аа хий, үгүй бол барилд гэж тулгасан байдаг. Тэрхүү тулгалтын өмнө заагдсан Ж.Авхиа сайд, эрдмийн замыг нь сонгосон. Тэр үед тэрбээр бүхнээс залуу, бүгдээс бяртай байсан юм. Сайдын өндөр сэнтийд очсон Ж.Авхиа Монгол бөхийн дэвжээнд дахин харагдаагүй, хар тэрэг унасан, хачин ааштай дарга болсон байж билээ. Ж.Авхиа бүх албан тушаалаа хусуулчихаад ард эргэн ирсэн. Гэвч түүнд залуугийн эр бяр, эрдэм чадал, Монгол бөхийн дэвжээнээс дээш нь суга татаад аваад явсан өндөр эрх мэдэл, сайдын сэнтий аль нь ч байгаагүй. Энэ бол хатуу үнэн, түүхэн баримт. Улс төр бол хүний төрөлхийн байгалийн хишгийг авч хэрэглэчихээд гудамжинд хаядаг, хамгийн харгис эд. Ийм юманд миний, миний ч гэж дээ монголчууд бүгдийн хайр хүндэтгэлийг татсан Хан Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумаараа овоглодог Б.Бат-Эрдэнэ аваргыг маань Монгол бөхийн дэвжээнээс суга татан аваад явах нь. Улс төр гэдэг нь тэгээд тийм сайхан ч эд биш гэдгийг дээр дурдсан. Сайн муугаар дуудуулж, эцэст нь гудамжинд лааз өшиглөдөг Залуучуудыг хараад байхад тийм л байх юм. Их аварга маань ийм юмны золиос болчих вий гэсэндээ энэ бүхнийг энд нуршлаа.
Ж.Авхиа цэл залуухандаа МАХН, улстөрийн товчоонд татагдан явсан учир эрдэм номын мөр хөөж, сайд даргын албыг боломжийн хугацаанд хашсан. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд нас тийм ч залуу биш. Үүнийг номын мөр хөөх, улс төрийн өндөр албан тушаал хашихын хувьд хэлж байгаа юм. Түүнээс биш бөхийнх нь хувьд хэлсэн хэрэг биш шүү. Монгол бөхийн хувьд Б.Бат-Эрдэнэ аваргад наанадаж, олон удаа их шөвөгт үлдэх, цаашилбал Улсын наадамд түрүүлэх боломж бий. Монгол бөхийн их аварга Х.Баянмөнх хамгийн сүүлд 45 настайдаа Улсын наадамд түрүүлж байсныг бид мартаагүй. Тэгвэл Б. Бат-Эрдэнэ аварга энэ жил 40 настай. Х.Баянмөнх аваргын тэр амжилтыг эвдэх боломж байгаа биз дээ. Харин УИХ-д ороод суучихвал хайран аа. Аварга маань сүүлийн үед ярилцлага өгөхдөө Энэ зун барилдана аа, бэлтгэл сайн байгаа гэх болж. Энэ эуны хувьд барилдаж болох л байх. Наадам гэхэд шинэ гишүүд тангарагаа өргөж, албан ёсны болоогүй байдаг гэнэ лээ. Харин Их хуралд сонгогдчихвол ч сүүлчийнх нь барилдаан болох байх. Уг нь бол Б.Бат-Эрдэнэ аваргаас өмнө Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар АИХ-д сонгогдож байсан л даа. Гэвч тэднийг ард түмэн хэзээ ч улс төрч гэж байгаагүй. Аваргууд аваргаараа л үлдсэн. Харин их аварга энэ жил гэнэт улс төрд орж ирсэн нь түүний хувьд нэгийн даваа. Гэвч нэгийн даваанд Хэнтий аймгийн МАХН-ын бага хуралд өвдөг шороодчихсон. МАХН их аваргын маань өөрийн бяр, хүчээр олж авсан нэр хүнд, амны хишгээр нь улс төр хийгээд байна уу даа.
Аваргаар Улсын наадам дутагаас Улсын их хурал дутдаггүй.
(өдрийн сонин 2004.06.18 152)