С.Саранцацралт Баадантай юмаа-аа задаллаа

Манай монголчууд өөрийн гэсэн нарийн нандин зүйлээ бааданд боогоод авдрандаа хийдэг. Түүнийг задлахад хорхой хүрмээр зүйлүүд гардаг шүү дээ. Энэ утгаараа үзэсгэлэнгээ Баадантай юм гэж нэрлэсэн. Нөгөө талаараа Баадантай юм бол би өөрөө. Дотор сэтгэлээ задалж нээж байгаа гэсэн утгатай хэмээн үзэсгэлэнгийнхээ талаар тайлбарлаж байв. Үнэхээр тэр баадан доторхио дэлгэжээ. Түүний харсан, бүтээсэн ертөнц ханаар нэг, шалаар нэг байна.
Хэн юу гэж хэлэх, хэрхэн дүгнэхээ өөрөө мэд. Энэ миний ертөнц гэж зураач тунхагласан нь нэгийг хэлэх биз.
Баадантай юм-ны анхаарал татсан нэг хэсэг нь зөв хооллох тухай байлаа. Бидний амтархан идэх дуртай тарган хонины дал, дөрвөн өндөр, хиам, шокалад, чихэр, чанамал, амтат боов жигнэмэгийг гурав дөрвөн суултуурт овоолжээ. Дэргэд нь Б.Гэрэлмаагийн зөв хооллолтын талаар бичсэн Амьдрахын тулд иддэг уү, идэхийн тулд амьдардаг уу гэсэн ном тавиатай харагдана. Зураач энэ тухай Би энэ номыг уншаад ийм бүтээл хийх санаа төрсөн юм. Тэгээд үзэсгэлэн гарахын өмнөх өдөр номын зохиогчтой нь уулзаж танилцан, ийм маягаар номоо хүнд хүргэвэл илүү үр дүнтэй болох байх гэсэн санаагаа хэлсэн гэж тайлбарласан юм. Номын зохиогч Б.Гэрэлмаа ч үүнд нь тун сэтгэл өндөр байгаа аж.
С.Саранцацралт өнгөрсөн жилийн яг өдийд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ нь түүний 17 дахь үзэсгэлэн гэнэ.
Баадантай юм энэ сарын 22-ыг дуустал тавигдах бөгөөд өөрөөсөө өөр сэрэл мэдрэмжийг мэдрэе гэвэл Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг зориорой.
(өдрийн сонин 2004.06.18 152)