Н.Ням-Осор Төрийн дээр нам байж болдог тогтолцоо бий болчихлоо

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв нэгэнтээ түүнийг
-Шинэ зууны гол хөдөлгүүр болсон соёл боловсролын салбарт ч, монголын бие даан ихэмсэг оршихуйн баталгаа болсон үндэсний эв нэгдлийн үйлст ч Намсрайн Ням-Осор нь Бурхан Халдун уул мэт харагдахуйц хувь нэмэр оруулж яваа хүн гэж дүгнэн хэлсэн байдаг. Тэрээр УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт нэр дэвшин тойргийнхоо иргэдтэй уулзах гэж байхад нь цөөн хором ярилцсан юм.
-Таныг Их эзэн Богд Чингис хаанаар овоглосон Их засаг сургуулиар тань хүмүүс андахгүй. Танай сургуулийн тухай яриагаа эхэлбэл болох уу?
-Тэгэлгүй яахав мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их засаг хуулиар нэрлэсэн энэ их сургууль минь арван жилийн түүхэн замналыг нэгэнт ардаа орхижээ. энэ бол миний бахархал. Их сургуулиас гадна Японтой хамтарсан Чингис-Соосо ОУХС, Их засаг дунд сургуулийг эгнээндээ багтаасан 3500 гаруй хүүхдийн хувь заяа энд явж байгаа. Манай сургууль үндэсний түүх соёлоо, үндэсний ухамсараа дээдлэх зорилготой. Төрөлх эх орондоо эх хэлээрээ унаган боловсрол эзэмшээд дараа нь гадаадад явж дадлага чадвараа дээшлүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байдаг юм. Манайд энэ үндэсний ухамсар гэж юм байхгүй болчихлоо. Yүнд л сэтгэл их зовж байдагдаа.
-Та боловсролын салбарт ажиллаж байгаагын хувьд энэ системийг ямар түвшинд байна гэж үздэг вэ?
-Боловсролын системд бүхэлд нь өөрчлөлт оруулах ёстой. Хэл бичиг түүх уран зохиолын хичээлийг нилээн өндөрт тавьмаар байна. Монголын зохиолчдынхоо зохиол бүтээлийг сүүлийн үеийн хүүхдүүд мэдэхээ байчихлаа. Энэ залуучууддаа түүх соёлоо мэддэг түүгээрээ бахархдаг, үндэсний ухамсар, үндэсний дархлааг бий болгох хэрэгтэй. Yүний үндсэн дээр ХАА, МАА, үндэсний үйлвэрлэл, ахмад настнаа, эмзэг давхаргаа дэмжих болно. Yндэсний ухамсар байхгүйгээр энэ асуудал шийдэж чадахгүй нь ойлгомжтой юм. АН, МАХН ядуу зүдүү ядарч яваа нь ч, баян чинээлэг нь ч миний эх орны иргэд. Ард түмнээ ялгаварлаж үздэггүй эх орныхоо тухай үнэн зөв ойлгомжтой байхыг шаардаж байна. Тэгэхээр суурь боловсролоос нь энэ үндэсний ухамсарыг бий болгох хэрэгтэй.
-Та ер нь их Эх оронч үзэлтэй хүн бололтой. Эх орон гэж таныхаар?
-Мэдээж тэгэлгүй яахав. Эх орон гэдэг хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд суманд байхад баг минь бодогддог, аймагт байхад сум минь бодогддог, хотод байхад аймаг минь бодогддог, гадаадад явахад эх орноо санадаг. Энэ бол эх оронч үзэл юм. Нэгэнт энэ эх оронч үзэл байхад уг язгуур үндэс угсаагаа дээдлэж байх ёстой. Монгол хэл, Монголын түүхээ мартаад үндэсний дархлаа байхгүй болчих юм бол 20 жил, 100 жилийн дараа Монгол үндэстэн үгүй болно. Эсгий гэртэй монгол хүний аж байдлыг хараад өөрийн эрхгүй энэ хүмүүс байхгүй гэж шүүрс алдаад сууж байх болно шүү.
-Танай намын мөрийн хөтөлбөр их онцлогтой юм. Монгол орныг Ерөхийлөгчийн засаглалтай болгохын төлөө тэмцэнэ гэжээ. Яагаад заавал Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэж?
-Бид Ерөхийлөгчийн засаглал, эв нэгдэл, ардчилалын төлөө гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Монголд эн тэргүүнд хийх ёстой ажил бол ард түмнийхээ эв эеийг хангасан улс төр, эдийн засаг, оюун санааны орчныг зөв бүрдүүлэх явдал юм. Улс төрийн хүрээнд эн тэргүүнд хийх ёстой зүйл бол нам намаар туйлширдаг, үзэл бодлоор ялгаварладаг сэтгэлгээг таягдан хаяж, зөвхөн Монгол улсын ард иргэд гэдгээрээ бахархаж, үндэсний эрх ашгаа дээдэлдэг ухамсрыг төлөвшүүлэх ёстой. Тиймээс Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр танхим бүхий парламентай төрийн тогтолцоонд шилжүүлэх нь зөв гэж үзэж байна. Ерөхийлөгчийн засаглал гэхээр ганц хүний засаглал тогтоох гэж байгаа юм шиг ойлгож болохгүй. Энэ бол бүх нийтийн санал асуулгаар бүх засаг дарга нараа сонгох юм. Одоо иргэдийн хурлаар, намаар дамжиж сонгож байна. Тэртээ тэргүй ерөнхийлөгчөө сонгодог ард түмэн аймаг, дүүрэг, хорооны засаг даргаа мөрийн хөтөлбөрийг нь ил тодоор хэлэлцээд шууд сонгож яагаад болохгүй гэж.
-Та тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоог буруу байна гэж хэлэх гээд байна уу?
-Манайд өнөөдөр Төрийн дээр нам байж болдог тогтолцоо бий болчихжээ. Нам төвтэй тогтолцооноос төр төвтэй тогтолцоонд шилжих хэрэгтэй. Ардчилсан нийгмийн үед зөвхөн намаа дэмждэг байх ёстой. Намын гишүүнчлэл ардчилсан нийгэмд хэрэггүй. Социализмын үед бол нам төрийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор аргагүй юм. Бүх шатны дарга нар шууд санал хураалтын үндсэн дээр сонгогддог болмоор байгаа юм. Одоо бол дарга нар өөрсдөө сонгогдох хуулиа өөрсдөө боловсруулдаг болгочихсон. Энэ тогтолцоог өөрчилж ард түмэн төр засгаа удирддаг тогтолцоонд ормоор байна. Ингэснээр дадлага тушлагатай боловсон хүчнээрээ юм хийлгэх боломж бүрдэж, нам намаар үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг явдал арлих болно гэж бодож байна. Цаашдаа нийгмийн бүх давхаргыг хамарсан орон нутгийн төлөөлөл АИХ-д орж ирэх ёстой. Байнгын парламентын хувьд намууд жинхэнэ оюун ухаанаа уралдуулдаг тогтолцоо бий болно.
-Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс улсын төсвийн мөнгийг амныхаа зоргоор цацаж байна. Ардчилсан холбоо эвсэл хүүхэд бүрт 10.0 төгрөг харин Ням-Осор оюутнуудад 20.0 төгрөг малчидад 400.0 төгрөг өгнө гэж бүтэшгүй хоосон амлаад байна гэсэн шүүмж байна?
– Энэ бодлогын үр дүнг өнөөдрийн мөнгөн дүнгээр тооцохын аргагүй шүү дээ.
Монголын малчин айл өрхүүд хилийн цэргээс дутуугүй монгол үндэстний оршихуйн үндэс болсон түүх соёл, зан заншил, ахуй амьдралын торгон хилийн манаанд баттай зогсож байгааг ухаарч ойлгох цаг нэгэнт болжээ. Манай намын мөрийн хөтөлбөрт малчин айл өрх бүрт байгаль цаг агаарын онцгой нөхцлийн тэтгэмж болгож жилд 400 мянган төгрөг олгох тухай заасан байгаа. Энэ бол монголчуудын үе үеийнхэний амьдралыг тэтгэж ширгэшгүй эх булаг болсон нүүдлийн мал аж ахуйгаа хамгаалж, түүгээр дамжуулан үндэсний түүх соёл, зан заншил, үндэсний үйлдвэрлэл, ахуй амьдралын дархлааг буй болгохтой холбоотой амин чухал асуудал юм. Монгол үндэстэн бид таван эрдэнэ мал сүргийнхээ буянаар л толгой хорогдох орон байртай, гэдэс цатгалан, мөр бүтэн явж ирсэн шүү дээ. Yүнийгээ мартаж болхгүй. Малчин айл өрх бүрт жилд 400.0 төгрөг олгосноор малчидын тогтвор суурьшилж дээшилж, хөдөө орон нутаг эзгүйрэх явдлаас аврагдах болно. Энэхүү тэтгэмжийг олгосноор мал аж ахуйн үйлвэрлэл сэргэж, нийгмийн баялаг арвижиж, ард түмний ахуй амьдрал дээшилж, улсын сан хөмрөг хэдэн арав дахин нэмэгдэх болно. Малчин өрхөд 400.0 мян төгрөг буцалтгүй тусламж болгоё гэсэн нь МАА-гаа дэмжсэн бодлого. Нөгөө талаар үндэсний аюулгүй байдлаа бодсон бодлого юм. МАА байхгүй бол Монгол орон үндсэндээ байхгүй болно шүү. Малчидаа дэмжээд өгвөл, мал сүрэг маань өсөөд ашиг шим нь нэмэгдээд тэр нь эргээд нийгмийн баялагыг арвижуулна, эргээд тэр мөнгө нь нөхөгдөнө. Бид малчдад өгсөн мөнгөө алдагдал гэж үзвэл үнэхээр эмгэнэл.
Хорин мянган төгрөг оюутан бүрд өгөхөд жилд 20 тэрбум төгрөг болж байгаа юм. Манай оюутнууд нийгмийн том баялаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.Тиймээс тэд мэдсэн сурсан зүйлээрээ дөрвөн жилд авсан мөнгөө эргүүлээд хэд дахин нугалаад төлөх болно. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд сургууль соёлд сурах нөхцөл боломж муу энэ үед тэдний сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Социализмын үед малчидын хүүхдүүд гадаад дотоодод чөлөөтэй сурдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо тэр боломж хаана байна.
-Таны хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал гэвэл?
-Ядуурал, ажилгүйдэл гээд нийгэмд санаа зовоосон асуудал их байна. Ер нь ядуурал гэдэг бол ажилгүй байдлаас болж байна. Монгол оронд хийх ажил маш их байна. Хар Хоринг улсын нийслэл болгомоор байна. Өнөөдөр Казакстаны Ерөнхийлөгч Назарваяв нийслэлээ 1000 км зай дах Астана хотруу шилжүүлсэн.. Яг манай улс орон шиг нийгмийн эмзэг асуудал, ажилгүйдэл их байсан тухайн орны хувьд маш том шийдэл болсон. Тухайн үед түүнийг маш их шүүмжилж байлаа. Одоо түүнийг ард түмэн нь их дэмжиж байна. Тэр Астанов хотыг нийслэл болгоод, зам, барилга, гудамж талбай гэх мэт бүтээн байгуулалт хийгээд өнөөдөр Астана хот маш том хот болсон. Астана Алма-Ата хоёрын хооронд хурдны зам тавьсан. Астана хотыг байгуулах замаар өчнөөн хүнийг ажлын байртай болгосон. Нийслэлийг шилжүүлснээр Казакуудын аж амьдрал нилээн дээшилсэн. Оюутнуудад, ажилгүйчүүддээ тэтгэлэг олгож байна гэсэн. Энэ мэтчилэн бидэнд туршлага сургамж болох сайхан зүйлүүд их байна. Түүнтэй адил манайх бас улсынхаа нийслэлийг шилжүүлэх хэрэгтэй.
-Хэрэв та сонгогдвол хамгийн түрүүн юу хийх бодолтой байна?
-Надад хийхсэн гэж санаа зовж, бодож санаж байгаа зүйл маш их байна
Өнөөдөр 0.7 га газар Улаанбаатарчуудад олдохоо байчихлаа. Цаашдаа мянганы замаа дагаад жижиг суурингууд байгуулмаар байна. Чингис хааны үед 30 км зайтай өртөө байсан. Өнөөдөр Хар-Хорин, Замын-Yүд хүртэл авто замын өртөө байгуулмаар байна. Сайхан авто зам байгуулаад түүнээ хяналтад авмаар байна. Тэгэхгүй бол хүнд даацын машин яваад замыг эвдчихлээ гэж замын газрын дарга хэлж байсан. Төмөр замын төмрийг нь аваад Хятадад худалдсан жишээ ч гарсан. Хөдөөгийн өртөөг замын хотуудыг хөгжүүлээд тэнд ажлын байр бий болгомоор байна. Хүүхдүүд хүртэл газар өмчлөх эрхтэй байх ёстой. Монгол хүн газраа баталгаажуулаад зээл авдаг болбол яасан юм. Арабын Эмират, Саудын Араб гэх мэт улсууд нефтийн орлогын зохих хувийг хүмүүсийнхээ хагаламжинд өгөөд нефтийнхээ баялагыг эзэмшдэг.
Банканд хяналт хэрэгтэй байна. Банканд ашиглаж байгаа, банканд хадгалж байгаа мөнгө бол манай ард түмний баялаг юм. Тиймээс банкны хүүг сард 3 хувь бус жилд 3 хувь болгох ёстой юм. Хүмүүсийн амжиргааны зохих хувь нь болно. Жижиг дунд үйлдвэр хөгжих орон байртай болох гэх мэт олон асуудлыг шийдэх болно. Түүнчлэн монголд хувьчлаагүй юм гэж бараг үгүй болоод байна. Хамаг юмаа хувьчилаад дууслаа. Бараг авгайгаа хувьчлахаас бусдыг хувьчилчихсан гэж хошин яриа бий. Энэ бас үнэний хувь бий. Энэ мэтээр нийгмийн амьдралыг сайжруулах асар их юм бий гэж хэлмээр байна.
-Энэ удаагийн сонгуулийн дүнг та юу гэж үзэж байна?
-Бид намаа 14 жил сонголоо. Хуучин хувьсгалт нам 70 жил ноёрхсон. УИХ-д өнгөрсөн хугацаанд хоёрхон нам төрийн эрх барилаа. Бусад намуудаас. Эрдэнэбат, Гүндалай, Оюун, Зуунай, Дашбалбар нарын ердөө тавхан хүн гарсан түүх бий. Дашбалбар нэг удаа. МАХН, АН-аас халзан цагаан хонь байсан ч сонгогдож байдаг тогтолцоо бий болчихлоо гэж байсан. Баабар бас гахай тахиа нохой юу ч байсан сонгогддог болчихлоо гэж байсан. мнөх сонгуулийн үед хүнээ сонгохгүй аймгийн Иргэдийн хурлын даргаар нас барсан хүнийг сонгож байсан гашуун туршлага бий. Сүүлд нь бөөн юм болж болиулсан. Тэгэхлээр энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Одоо бол хүмүүсийн сэтгэлгээ шал өөр болсон. Хүнээ сонгоё гэдэг бодол давамгайлсан байна. Цаашдаа монголын нийгэмд хүнээ сонгодог болчихвол Ерөнхийлөгчийн засаглал руу явж байна гэсэн үг. 2000 оны сонгуулийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн бол дэмжихгүй байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол ард түмэн бүх дарга нараа сонгодог болно. Ерөөсөө бараагы нь ч хараагүй байсан хүн гэнэт дарга гээд гараад ирнэ. Өнөөдөр Ерөнхий сайд гээд хэн гарч ирэхийг тааж л байгаа болохоос өөрсдөө сонгох эрхгүй байна. Тэгэхээр энэ удаагийн сонгууль мухар үзлээр нам харж сонгох бус хэн юу хийж чадах тэр хүнийг л сонгох хэрэгтэй.
-Энэ их ажлын үеэр цаг зав гаргаж ярилцсан танд баяарлалаа.