Шинээр бүрдэх УИХ-ын эрхэм гишүүдэд

Улс төрийн намууд ээлжлэн засгийн эрх барьж хийж бүтээсэн зүйл аль алинд нь байгаа ч улс төрийн тодорхой нэг хүчин засгийн эрх авмагцаа өөр бусдынхаа хийж бүтээсэн зүйлийг үгүйсгэх, талцах хандлага газар авч улмаар иргэдийг төөрөгдүүлэх, төрд итгэх итгэл, улс төрийн идэвхийг нь бууруулах, нийгэм эдийн засгийн хөгжлөөс хойш татах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байна. Аливаа намын эрх ашгаас улс орны эрх ашгийг дээдлэн ажиллах нь юу юунаас илүү чухал байгааг энэ бүгд харуулж байна. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан өөрчлөлтүүдийг задлан шинжлэх, алдаа оноог дэнслэн зарчмын шийдвэр гаргавал зохилтой зарим нэг язгуур шинжтэй асуудлууд шийдлээ хүлээж байна. Тухайлбал
1. Засаглалын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байна. Бүх ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн биелэлт нь гүйцэтгэх засаглалаас шууд хараат байх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны чадамжийг Ерөнхийлөгч нь зогсоох гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг УИХ хангахгүй байх зэрэг зарим бэрхшээл төрийн үйл ажиллагааны механизмд гарч байгааг иргэд бэлхнээ харж байна. Тиймээс засаглалын аль нэг сонгодог хэлбэрийг (нэг бол Ерөнхийлөгчийн, үгүй бол парламентийн сонгодог засаглалын тогтолцоо) сонгох.
2. Дараалсан олон нүсэр сонгуулиудыг цэгцлэх хэрэгтэй болжээ. УИХ-ын орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулахад Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны бараг 1/3 нь зориулагдан, асар их хөрөнгө хүч, цаг хугацаа алдаж, төрийн ажил цалгардаж байгааг залруулах
3. Шүүх засаглалын бие даасан байдал нэн ялангуяа эдийн засгийн хараат бус байдал хэрэгжихгүй байна. Иймд шүүх засаглалын бие даасан байдлыг хангах
4. Нутгийн өөрөө удирдах ёсыг хангах арга замуудыг тодорхой болгох. Иргэдийн хурлаас сонгогдсон хүнийг дээд шатанд нь батламжлахгүй байх нь өөрөө удирдах ёсны утга учрыг алдагдуулж байгаа юм. Иймээс багаас эхлээд аймаг, нийслэлийн засаг дарга нарыг эсвэл тухайн шатны ИТХ-аас сонгох эсвэл томилдог системд шилжих.
5. Төрийн албан хаагчдын тогтвортой ажиллагааг хангах найдвартай тогтолцоог бүрдүүлэх нь нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах төрийн бодлогын залгамж холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болно. Yл авцалдах эд ангийг хүчлэн холбож аливаа механизмийг ажлуулах аргагүй нь ойлгомжтой. Тогтолцооны гажуудлаас төрийн хямрал үүсдэг, гэтэл түүнийг хувь хүнээс болж буй мэтээр тайлбарлах нь дэндүү өрөөсгөл юм. Тиймээс шинээр бүрэлдэх УИХ эдгээр асуулыг нягт нямбай судлан бодлогын чанартай болгож улмаар эрх зүйн хувьд шийдвэрлэх нь төр түмэнд хэрэгтэй гэдэгт гүнээ итгэж байна.
Пунсалмаагийн Очирбат (Монгол Улсын анхны Ерөнхийлөгч)
Думаагийн Содном (Монгол Улсын Ерөнхий сайд асан)
Ринчиннямын Амаржаргал (Монгол Улсын Ерөнхий сайд асан)