Солонгост ажиллах монголчуудын тоо цаашид нэмэгдэнэ.

Элчин зөвлөх Квак Вон Ху
-Статистик судалгаанаас харахад өнгөрсөн оны байдлаар БНСУ Монголд оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр Хятадын дараа орсон. Харин одоогоор бидний дээр АНУ, Канад нэмэгдээд дөрөвдүгээрт ороод байгаа юм уу даа. Мөн 2003 оны арванхоёрдугаар сар гэхэд манай улсаас Монголд нийт 80 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээ бий. Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих талд нэлээд зүйл хийж, үүнийхээ төлөө ажиллаж байгаа. Тэгээд ч судалгаанаас харахад танай улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жил тутамд нэмэгдэж байна.
-Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл Монголд бүрджээ гэж ойлгож болох уу? Солонгосоос оруулах хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэх үү?
-Мэдээж хөрөнгө оруулалтын хэмжээ байнга өснө, хэдийгээр танай Засгийн газар ийм идэвх гаргаж байгаа ч бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг үүнээс илүү татах нөхцөл хараахан бүрдээгүй. Энэ нь зөвхөн Солонгосын хувьд ч биш, бусад орны хөрөнгө оруулагчдад үүсч буй бэрхшээл. Хууль эрх зүйн орчин сайжирч байгаа ч үүнийг хэрэгжүүлэгч нь хүн шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг хариуцсан хүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдөөсөө түлхэх тохиолдол амьдрал дээр гарч байна.
-Бодит байдал дээр яг ямар бэрхшээл тулгарч байгааг та тодорхой жишээ дурдаж болох уу?
-Хамгийн наад захын жишээ татъя л даа. Захиргааны байгууллагууд үүнд хамаатай, ,Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд дэндүү олон бичиг баримт цуглуулах, түүнийг бариад олон шат дамжлагаар явахаас гадна үүнд хугацаа маш их алддаг. Нэг байгууллага шийдчих асуудлыг хэд хэд хуваах байдлаар хүмүүсийг чирэгдүүлдэг.
Үунээс гадна 100 хувийн гадны хөрөнгө оруулалттай компани Монголд цөөхөн бий. Ихэнх нь хамтарсан. Иймэрхүү компаниудын хамтрагчдын хооронд зөрчил гарах нь олонтаа. Монголын талын зарим хөрөнгө оруулагч анх хийсэн гэрээгээ зөрчих явдал гарна. Бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлэх, засч өөрчлөх зэргээр Солонгосын хөрөнгө оруулагчийг хохироосон тохиолдлыг энд дурдаж болох юм.
Үнэнийг хэлэхэд Монголд хөрөнгө оруулахаар Солонгосоос ирж байгаа хүмүүст бид энэ талаар зөвлөгөө өгдөг. Хэдийгээр тэднийг татах, урамшуулах талаар хууль, дүрэм байдаг ч амьдрал дээр арай өөр гэдгийг хэлдэг. Иймд Монголд хөрөнгө оруулахын өмнө нэлээд нухацтай бодож, сайтар судалсны эцэст шийдвэрээ гаргахыг сануулдаг юм. Өнөөдөр Солонгос, Монголын харилцаа улам өргөжиж, хурдацтай хөгжиж байна. Харин тулгарч буй бэршээлийг шийдэхэд, засч залруулахад хоёр улсын Засгийн газар хамтарч ажиллах хэрэгтэй.
-Угаасаа манайд энэ асуудал байнга хөндөгддөг л дөө. Хүнд суртал, олон шат дамжлагыг цөөлөх, багасгах талд сүүлийн үед багагүй ахиц гарч байгаа.
-Бичиг цааснаас гадна өөр нэг тохиолдлыг ярья. Өнгөрсөн онд Солонгосоос арваад бизнесмэн Монголд ирдэг юм байна. Тэд танай зах зээлийг судлах, танилцах зорилготой ирсэн бөгөөд үүнийхээ дараа аль салбарт хөрөнгө оруулахаа шийдэх ёстой байлаа. Ер нь солонгосуудын хувьд гадаадаас хөрөнгө оруулагч ирвэл хүндэтгэлийн зоог барих зэргээр дээд түвшинд хүлээн авдаг. Ингээд тэднийг урьсан хүн Солонгосоос ирсэн бизнесмэнүүдийг дайлахаар караоке бааранд орсон юм билээ. Энэ үеэр гэнэт цагдаагийнхан орж ирж гэнд үйлчилж байсан эмэгтэйчүүд, бас гадаадынхныг бүгдийг хэсэг рүүгээ аваад явчихжээ
Манай Элчин сайдын яам энэ талаар тодруулахад Ямар нэг садар самууны асуудал байж магадгүй гэсэн үүднээс тэр өдөр тус караокед шалгалт хийсэн нь та бүхэнтэй таарчээ гэсэн хариу өгсөн.
Солонгосууд танай улсад садар самууныг хориглох асуудал, хууль дүрэм маш чанга байдгийг мэднэ. Угаасаа дээрх хүмүүс секс жуулчид ч биш, Монголд зөвхөн хөрөнгө оруулахаар ирсэн бизнесмэнүүд гэдгийг би дээр хэлсэн шүү дээ. Үнэхээр тийм байсан бол Монгол Улсын хуулийн дагуу шийтгүүлэх ёстой. Тэд ямар ч үндэслэлгүйгээр Монголын цагдаа нарт доромжлуулсан гэж үзэж байгаа юм. Маш эвгүй санагдсан гэж ярьсан. Түүнчлэн цагдаа нар тэднийг өмдөө тайлахыг бас шаардсан гэсэн. Миний бодлоор хэрвээ тус газар хууль зөрчсөн бол тэнд үйлчлүүлж байгаа хүмүүс биш, тухайн баарны эзнийг шалгах ёстой баймаар.
-Тэгээд Солонгосын бизнесмэнүүд яасан бэ?
-Уг нь тэд олон хоногийн хөтөлбөргэй ирсэн юм билээ. Бүгдийг орхиод явсан. Суллагдсаныхаа мартааш нь л шууд нутаг буцсан, Элчин сайдын яамны зүгээс маш их харамсаж буйгаа илэрхийлсэн дээ. Мөн тэд Монголд дахин хэзээ ч ирэхгуй гэсэн. Хамгийн харамсалтай нь Солонгосг очоод энэ талаар сонин хэвлэлд ярилцлага өгнө, хүмүүсийг Монгол руу битгий оч, хөрөнгө буу оруул гэж хэлнэ хэмээн бидэнд ярьсан. Учир нь тэдэнд маш муухай сэтгэгдэл үлдсэн байна лээ. Монголчууд та бухэн энэ явдал зөвхөн энэ хэдэн бизнесмэн, цагдаа нарын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй, Үүний сөрөг үр дагаврыг аль аль талдаа ойлгож, цаашид анхаарах нь чухал юм.
-Таны хувьд монголчууд ямар санагдаж байна вэ?
-Монголчууд их элэгсэг, найрсаг хүмүүс. Солонгос хүнээс илүү илэн далангүй, шударга зан нь надад таалагддаг. Гэвч зарим иймэрхүү тохиолдолд дотроо маш харамсаж явдаг даа.
-Монгол ньюс компани Солонгос руу үйлдвэрлэлийн дадлагажигч гаргаж буйг Та мэдэх биз ээ. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байна гэж дүгнэдэг вэ?
-Би танай Монгол ньюс компанийн талаар саин мэднэ ээ. Манай зүгээс Монгол ньюс компани энэ ажлыг ямар ч асуудал, бэрхшээлгүйгээр сайн зохион байгуулж байна гэж дүгнэдэг. Түүнчлэн хуулийн дагуу, албан ёсоор БНСУ руу үйлдвэрлэлийн дадлагажигч гаргаж байгаа ганц компани гэж хэлмээр байна. Манай Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах талд нэлээд шинэчлэл хийж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадаас хүмүүс ажиллуулахдаа зөвхөн үйлдвэрлэлийн дадлагажигч гэсэн утгаар явж байна. Харин энэ оны наимдугаар сарын 1-нээс эхлэн дээрх нэр өөрчлөгдөж гадаадаас ажиллах хүч авах үйл ажиллагаа албан ёсоор, хуулийн дагуу явна гэсэн үг.
-Шинэ хууль хэрэгжиж эхлэхээр ямар өөрчлөлтүуд гарах вэ? Танайд ажиллах монголчуудын тоо нэмэгдэх үү?
-Наймдугаар сарын 1 болоходтун бага хугацаа үлдлээ. Гадаадаас ажиллах хүч авах түхай хууль хэрэгжээд эхэлбэл мэдээж Монголгоос Солонгост ажиллах хүний тоо нэмэгдэх нь гарцаагүй. Өнөөдөр.Солонгост 15-18 мянган монголчууд хууль ёсны болон хууль бусаар ажиллаж. амьдарч байна гэж тооцдог. Үүнийг манай улсад байдаг гадаадын иргэдийн тоотой харьцуулахад тийм өндөр биш ээ. Харин танай хун амтай харьцуулбал нэлээд өндөр, бараг нэг хувьтай нь тэнцэж буй. Тухайлбал, Солонгост Хятадын иргэн 100 мянга орчим хүн ажилладаг гэсэн судалгаа байдаг. Үүнийг хүн амтай нь харьцуулахад маш бага тоо гардаг юм. Сонин хэвлэлээр гарсан албан бус мэдээллээр Солонгост ажилладаг монголчууд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7-10 хувийг буюу 70-100 сая ам.долларын хөрөнгийг жил бүр оруулж байна гэжээ. Энэ бол асар том хөрөнгө оруулалт юм шүү.
-Солонгосын Засгийн газар танай улсад ажиллаж байгаа монголчуудыг хэрхэн үнэлдэг вэ?
-Монголчуудыг үнэхээр хөдөлмөрч хүмүус юм гэсэн үнэлгээ өгч байгаа. Үүнийг бодоод үзэхэд Гадаадаас ажиллах хүч авах тухай хууль хэрэгжиж эхлэхэд эн түрүүнд монголчууд ур дүнг нь хүртэх ёстой гэж үззж байна. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд гадаадаас Солонгост ажиллагсдын цалин хөлс нэмэгдэх, тэднийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гээд олон асуудал дотоодтой адил тэнцүү, эрх тэгш болох сайн талтай.
-Солонгос руу явахыг олон хүн хүсдэг. Танай Элчин сайдын яаманд визний асуудал ямар байна вэ?
-Монголын сонин хэвлэлээр БНСУ явах гээд 4-5 мянган ам.доллар өгөөд залилуулсан тухай мэдээлэл гардаг. Ийм хууль бус үйлдэлд, виз гаргаж өгнө гээд мөнгө авдаг зуучлагчдад бүү итгээрэй гэж хэлмээр байна. Мөн энэ талаар байнга сурталчилж, ард иргэдээ үүнээс сэргийлж, анхааруулж байна уу гэж Өнөөдөр сониноос хичээнгүйлэн хүсмээр байна.
Ер нь 4-5 мянган ам.доллараар виз гаргасан бодит жишээг би мэднэ ээ. Амралтаараа нутагтаа очоод тэнд хууль бусаар амьдарч буй нэг монгол эмэгтэйтэй уулзаж ярилцсан. Тэр эмэгтэй таван мянган ам.доллар өгч визээ гаргуулсан гэж үнэнээ хэлсэн. Наймдугаар сарын 1-нээс шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хууль бусаар ажиллах асуудал байхгүй болно шүү дээ. Иймд олон мянган ам.доллараар виз гаргуулах асуудал бүр мөсөн устана гэж найдаж байна.
-Монгол-Солонгосын ээлжит форум долдугаар сард болох гэж байгаа. Энд танай Элчин сайдын яамнаас ч бас хүмүүс оролцоно. Монгол-Солонгосын форумын ач холбогдлыг Та хэрхэн үнэлж байна вэ?
-Иймэрхүү ажил зохиох нь тун зөв. Ач холбогдолтой гэж би боддог. Хамгийн гол нь энэхүү хурлаас гарах санал, яриа хэлцэл амьдрал дээр бодитой хэрэгжих нь чухал. Хэрвээ хэрэгжихгүй бол хэчнээн хуралдаад ямар хэрэг байхав. Бодит ажил болгоход ганц Монгол гэлтгүй, Солонгосын тал ч бас хичээж, хамтарч ажиллах ёстой. Түүнчлэн иймэрхүү хурал, семинарыг олон удаа зохиох, тогтмол явуулахааас гадна, ялангуяа гадаадад ажиллах хүч нэмэгдүүлэх талд бие биенээ харилцан ойлгож ажиллах хэрэгтэй юм.
-Солонгосууд ер нь аль салбарыг илүү сонирхож байна вэ?
-Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарыг илүү сонирхож байгаа. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гарцаагүй. Манай улсаас Монголд хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, уүл уүрхай, барилга, мэдээлэл технологи гэх мэт салбарт хөрөнгө оруулдаг, Тэднээс хамгийн том нь таван сая ам.долларын хөрөнгө оруулалттай Космо тамхи компани. Энэ завшааныг ашиглаад нэг зүйл хэлье. Тус компанийн монгол талын хөрөнгө оруулагчдын тавьсан саналаас үүдэн нэг зөрчил үүсээд байгаа. БНСУ-ын Элчин сайдын яам тэдний тавьсан асуудал огт ойлгомжгүй санагдсан. Мөн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын тухайд хэдэн зүйл хэлэх хэрэгтэй болов уу. Аливаа улс орон үйлдвэрлалээ хөгжүүлснээр эдийн засаг нь маш чухал нөлөө үзүүлдэг. Мэдээж олон орны хөрөнгө оруулагчид янз бүрийн салбарыг сонирхож байгаа. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар цаашид үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг илүү татаж, дэмжвэл үр дүнтэй юм гэж ярилаа.
(өнөөдөр 2004.06.21 145)