Эрик Yс хагтах нь арьсны өвчин

Энэ бүхэн дэлхийд алдартай Франц орноор овоглосон салоноос зарласан хэвлэлийн бага хурлый үеэр болсон юм. Тус салон Францад алдаршиж яваа Эрик Веаи Тоныг эх орондоо урьж Францын үс засалтын ертөнцөд гарч буй шинэ урсгалыг монгол охид бүсгүйчүүдэд хүргэх гэж буй юм байна. Тэрээр 20 гаруй жил үсчний мэргэжлээрээ дагнан ажилллахын зэрэгцээ олон улсын хэд хэдэн наадамд амжилттай оролцож зарим төрөлд нь түрүүлж байжээ. Түүний хувийн салон нь Францад төдийгүй Итали, Канадад ихэд нэр хүндтэй аж. Ингээд франц эрхэмд уншигч таныг төлөөлж хэдхэн асуулт тавьснаа хүргэе.
-Монгол хүний үсний бүтэц европчуудтай харьцуулахад хэв авахдаа ямар байна вэ?
-Юуны өмнө Өдрийн сонин-ны редакцийн хамт олонд талархаж буйг минь дамжуулж өгөөрэй. Та бүхэн намайг ийн онцолж ярилцаагүй бол надаар үсээ засуулсан хэдхэн үйлчлүүлэгчээс минь өөр хэн ч танихгүй өнгөрөх байсан биз ээ. Монгол орны байгаль цаг уур эрс тэс болоод тэрүү хүмүүс ширхэг бүдүүнтэй өтгөн, ширүүн үстэйн дээр ихэнхийн нь үс хатуурч хуурайшсан байх юм. Гэхдээ энэ бол дуу алдмаар зүйл огт биш. Хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг зөвлөх байна. Нөгөөтэйгүүр үсчид энэ бүх онцлог байдлыг мэдэрдэг. Түүндээ тохирохуйц зөв арга барилыг эзэмших ньчухал. Энд зориуд нэг зүйлийг онцолж хэлэхэд, монгол охид бүсгүйчүүд шиг үсээ урт ургуулдаг эмэгтэйчүүдийг урьд нь хаана ч харж байгаагүй юм байна. Урт үстэй эмэгтэй их гоё харагдах юм аа.
-Манай үсчид эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай байдаг. Франц болоод дэлхийн бусад оронд энэ нь нийтлэг зүйл үү?
-Францад үсчид эрэгтэй эмэгтэй үсчин ялгаагүй үсний бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай байдаг. Сургалт ч энэ чиглэлээр явагддаг.
-Монгол хүний үс эрт цайж бууралтах юм. Бууралтах явцыг зогсоох арга байна уу?
-Үс цагаасаа өмнө бууралтах, хуурайших нь сэтгэл санааны тогтворгүй байдалтай холбоотой. Үс хагтахнь арьсны өвчин.
-Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд европд үйлдвэрлэсэн үсний будаг, химээс татгалзаж Солонгосын бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон. Таны бодлоор монголчуудын үсэнд аль нь илүү тохиромжтой бол?
-Надад үйлчлүүлэгчдийнхээ сонголтод дүгнэлт хийх эрх байхгүй л дээ. Гэхдээ шуудхан, үнэнийг хэлэхэд, европ стандарт бол дэлхийнх. Солонгосын бүтээгдэхүүн дэлхийд мөрдөгдөж буй чанарын шаардлагыг хангадаггүй учраас европын орнуудын худалдааны эргэлтэд багтдаггүй юм.
-Та аравхан хоноод буцах юм байна. Үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх нь гарцаагүй. Үнийн хувьд ч боломжийн санагдлаа?
-Арав хоног гэдэг бага хугацаа гэдгийг мэдэрч л байна. Гэхдээ надад бодол бий. Тэр нь Франц руу гурван үсчин явуулж сургах уу, би өөрөө Улаанбаатарт ирж үсчдэд сургалт явуулах уу гэдгийг Ве салоныхон их зөв тооцсон байна лээ. Өнөөдөр гэхэд л гурван үсчинг дагалдуулан сургаж байна. Маргааш тэд та бүхэнд үйлчлэхэд бэлэн. Би анх үсний хайч барьж үзэж байгаа хүнд юм заагаагүй учраас ийм бардам хэлж байна.
(өдрийн сонин 2004-06-22 155)