Сонгуулийн нүүдэл

Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогчоо дэмжих гэсэн тэдний чин сэтгэлийг буруутгах ёсгүй. Мэдээж хэрэг тэд тус тусынхаа сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авчихсан байгаа. Хуулийн заалт тийм. Хэрвээ манай сониноос хэн нэгэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бол бид ч бас тэгэх л байсан. Нүүдэл ганц үүгээр тогтохгүй. Хаана хэний төлөө саналаа өгөх нь сонгогчийн эрх. Тэгээд ч хуулинд энэ талаар нарийн тодорхой заалт үгүй. Сонгогч санал авах өдрөөс өмнө өөр тойрог, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулан, очсон газрынхаа сонгогчдын жагсаалтад бүртгүүлнэ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд байгаа сонгогч шилжихтэй холбоотой ганц заалт энэ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 21-ний даваа гаригаар тасалбар болголоо. Энэ өдрийг хүртэл шилжүүлэг хийлгэсэн сонгогчид олон байгаа. Алба ажлын эрхээр амьдралын гачигдал зовлонгоос болоод шилжүүлэг хийлгэж буй явдал цөөнгүй бий. Тэгээд ч сонгуулийн хуулинд яг тийм шалтгаантай хүнд шилжүүлэг хийж өгнө гэсэн нарийвчилсан заалт байхгүй. Төд хоногийн өмнө шилжүүлэг хийж дуусгана гэж ч бас заагаагүй.Гэхдээ үүнийг эрс өөр зорилгоор ашиглахыг санаархах явдал гарч эхэлсэн байна. Урьд өмнөх сонгуулиар ч ийм үзэгдэл гарч байсан билээ. Одоохондоо батлагдаж нотлогдоогүй ч янз бүрийн яриа сонсогдож байна. Өвөрхангай аймгийн 25-р тойрогт нэр дэвшигч Г.Батхүү компанийхаа ажилчдыг Хужиртын рашаан сувилалд амраах далимаар тэнд санал өгүүлэх гэж байгаа тухай нэгэн сонинд мэдээлсэн байсан. Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Ц.Батаа 1000 тариаланчийг МАХН-аас өрсөлдөж байгаа Ж.Гүррагчаа 3000 цэргийн албан хаагчийг өөрийн сонгуулийн тойрогт шилжүүлэхээр хөөцөлдөж байсан тухай сураг сонсогдсон. Yнэн худлыг нь мэдэхгүй. Ямартай ч тодорхой нэг нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор шилжүүлэг хийлгэх явдал нэлээд гарч байгаа тухай мэдээлэл СЕХ-д ирэх болжээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудалд онцгой анхаарал тавьж эхэлсэн байна. Одоо сонгогч та шилжүүлэг хийлгэхийг хүсвэл мэдээж зөвшөөрөхгүй. Харин зайлшгүй шалтгаантай бол харъяалагдах сонгуулийн тойргийнхоо хэсгийн хороонд очоод саналаа урьдчилан өгч болно. Хуулинд заасны дагуу СЕХ саналын хуудсыг хэсгийн хороонд хүргүүлчихсэн байгаа ажээ.
Сонгогчдын шилжилт хөдөлгөөний талаар Сонгуулийн хуулинд нарийвчилсан заалт байхгүй байгаа нь хуулийн нэг том цоорхой гэдгийг СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн хүлээн зөвшөөрөөд үүнийг зайлшгүй засч залруулах ёстой гэж нэмж хэллээ. Тиймээс ч Сонгуулийн ерөнхий хороо шилжүүлэг хийх ажлыг болиулаад зогсохгүй аймаг нийслэлийн засаг дарга нарт албан бичиг хүргүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл сонгууль явагдаж дуусах энэ богино хугацаанд засаг, захиргааны шилжилт хөдөлгөөн хийхийг түр хориглохыг хүсэлт болгоод буй юм. Энэ хүсэлт ч хэрэгжээд эхэлжээ. Энэ нь УИХ-ын ээлжит сонгууль будлиан маргаангүй жинхэнэ ардчилсан маягаар явуулахад тус нэмрээ өгнө гэж СЕХ-ны дарга үзэж байна. Дээр дурьдсан зүйл нь УИХ-ын сонгуулийн хуулийн зөвхөн нэг цоорхой нь. Өөрчилж шинэчлэмээр олон зүйл заалт энэ хуульд бий. Энэ улстөржилт үргүй зардал, тойрог ярьж тоглоомын талбай тохижуулсан улстөрчдийг журамлахын тулд Сонгуулийн хуулийг бүхэлд нь өөрчлөх ёстой юм. Энэ бол Өнөөдөр сонины байр суурь 76 жижиг тойрогт өрсөлдөж талцаж хагаралдахгүй байх гарц бий. Yүний тулд тойргийг томосгох ёстой. Тэгвэл сонгуулийн өмнөх нүүдэл бэлэг сэлтхэн тарааж санал худалдаж авах гэсэн явуургүй арга зам гээд бүгд хаагдана. Тэгээд ч ард түмний жинхэнэ сонголтоор төрийн түшээд тодордог болно. Тэр хэрээр тохиолдлын хүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохгүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг ээ.