Усан галав иржээ, болгоомжил

Өвөл. Өвөл яадаг билээ дээ. Өглөө босоход л энд тэнд хүмүүс осгож, хөлджээ гэсэн мэдээ сонсогдоно. Бас хэн болох, хаана амьдардаг нь тодорхойгүй байна гэх зэргээр мэдээлэл цааш үргэлжилдэг. Бас болоогүй ээ, нуур цөөрмийн мөсөн дээгүүр автомашин, мотоциклтойгоо давхилдаж байгаад цөмөрнө. Тэрчлэн хэдэн малаа даган шуурганд уруудаад алга болчихно. Амь биш, заяа биш гээд хэдэн малаа орхичихож болох мэт. Гэтэл үгүй шүү. Тэгээд л бөөн эрэл сурал болж төөрсөн хүний аз болбол амьд олдоно, үгүй бол үгүй!
Уг нь амьд явбал алт байтугай мөнгө, тана, шүр гээд есөн эрдэнээр хийсэн аягаар ус ууж болно шүү дээ.
2.Биднээс л болдог
Энэ бүгд бидний хэнэггүй зантай холбоотой. Аль хэдийн хавар болж цэцэг навч дэлгэрэх шахам байхад нуурын нимгэн мөсөн дээгүүр машин тэрэгтэйгээ давхилдаад л, цөмөрч үхэцгээгээд л байх нь тэр. Урьд жил нь, тэрний өмнө ч мөс цөмөрч хүмүүс сүйдэж байсан гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа хэрнээ л огт тоохгүй. Балга шатахуунаа аминаасаа дээгүүр тавин залхуурч хойргосны үр дүн нь тэр. Наана чинь бууж болохгүй шүү, үерт автаж мэднэ гэсээр анхааруулсаар байтал үерийн далан, хонхор газар бараадсаар хаа ч хамаагүй л гэрээ дугуйлж орхино.
Үер ус, байгалийн гамшиг сая тулгарч ирэхээр хашгирч эхлэн тусламж гуйна. Эсхүл голын эрэг ирмэг дээр наргиж цэнгэн согтоод, усанд унаж ар гэрийнхэндээ хагацал зовлон авчирна. Болгоомж сэрэмж гэгчийг огт хэрэгсэхгүй. Бид энэ мэтээр л амьдардаг.
З.Дасчээ, бид
Сүүлдээ ч энэ мэт мэдээг бид тоохоо огт больжээ. Осгож, үйж, хутгалуулж, дээрэмдүүлж, буудуулж, автомашинд дайруулж өнгөрчээ гэх зэргийг сонсоод огт гайхаж цочирдохоо больсон байна. Жилийн жилд л угаасаа хүн осгож, живж үхэж байх ёстой заяагдсан мэтээр санах болж.
Урьд томоохон гэмт хэрэг гарвал улс даяар шуугин, хэдэн жилээр ярьцгааж, жиг-шицгээж байсан бол одоо хоолонд орох уу, бүжигт явах уу хэмээн ярьдаг шигээ л хүлээж авдаг болжээ.
Хүнийг аймшигтайгаар тамлан хороох, барьцаалах гэх мэтээр хачин жигтэй явдал болохгүй л бол сонин хэвлэлээр тэр тухай дурьдаад л өнгөрнө. Энэ биднийг муу юманд дасаж зохицож байна хэмээн бодоход хүргэж байгаад та санал нийлэх үү?
4. Усан галав иржээ, болгоомжил
Сүүлийн 14 хоногт золгүй тохиолдлоор арав гаруй хүн усанд осолдож нас барснаас гадна хэн болох нь тогтоогдоогүй цогцос хэд хэдийг олсон хэмээн Цагдаагийн ерөнхий газрын нэгэн ажилтан мэдэгдсэнийг саяхан уншлаа. Түүний ярьсанаас, урьд жилүүдийн явдлаас үзсэн ч усанд осолддог цаг үе ирж дээ гэж бодогдов.
Хоёр долоо хоногт арван хүн. Дээр нь хэн гээч болох нь танигдахгүй байгаа хэд хэдэн цогцос нэмэгдэнэ. Тэ-гэхээр хоёрхон долоо хоногт 14 хүн усанд үйж өнгөрчээ гэж ойлгож болох нь.
Саяны хэдэн хоногт орсон борооны үеэр ийм явдал болжээ. Тийм ч сүртэй биш, гамшгийн байдалд хүрэхээр хэмжээнд ширүүсээгүй уг борооноор нийслэлд үер бууж. Энэ үеэр Баянзүрх дүүргийн XIII хорооны үерт автсан оршин суугчид гэртээ өвдгөөр татсан усанд холхижээ. Уг нь ус бүсэлхий хавиар нь татаж байсан гэнэ. Шавхсаар байгаад өвдгөөр татах хэмжээнд хүргэсэн гэнэ хөөрхийс. Азаар хүний амь үрэгдээгүй ажээ. Гэхдээ тайвширч болохгүй, зун дуусаагүй байна шүү дээ. Энэ бол зүгээр л наад захын жишээ. Хэдхэн хоногийн бороонд Монгол Улсын хамгийн том хот буюу нийслэл Улаанбаатарт амьдрагч иргэд ийн сандарчээ.
Ноднин жилийн үерийг санаж байгаа байх. Хэдэн хүний амь үрэгдлээ дээ. Хашааны мод, гэрийн хананд дарагдсан хүүхдийн цогцос, зам хөндлөн гарахын тулд өвдгөөр татам хүйтэн усыг хөл нүцгэн туулж байгаа хүмүүс зурагтаар гараад л.
Тийм дүр төрх өнөөдөр ч давтагдаж магадгүй.
Иймд болгоомжил хүмүүс ээ.
(өдрийн сонин 2004.06.24 157)