Иргэний үнэмлэхийг энэ сарын 25 гэхэд олгож дуусна.

Иймд иргэдээс шинээр материал хүлээн авахыг түр зогсоогоод байгаа бөгөөд хуримтлагдсан 6000 гаруй үнэмлэхийг хэвлэх ажлыг хийж байна. Шинээр материал хүлээж авахгүй байгаагаас зарим иргэд бухимдан сонгуульд оролцох эрхгүй боллоо. Материалыг нь авсан хүмүүсийн үнэмлэхийг гаргаж өгч амжихгүй нь гэсэн цуу тарж байгаа ажээ. Энэ талаар нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлалаа. Ирэх баасан гариг буюу зургадугаар сарын 25 гэхэд материал нь бүрдэж уг төвд бүртгэгдсэн бүх хүний иргэний үнэмлэхийг олгох юм байна. Мөн иргэний бичиг баримтыг төлбөргүй олгох ажил ч хугацаагаа сунгах ажээ. Түүнээс гадна одоогоор иргэний бүртгэл мэдээллийн төвд 500 орчим хүний гээгдүүлсэн үнэмлэх олдоод байгаа гэнэ. Хачирхалтай нь тэдгээр бичиг баримтын эзэд үнэмлэхээ авахгүй байгаа ажээ. Иймд та, иргэний бичиг баримтаа хаясан, гээсэн бол тэнд хандахад илүүдэхгүй бололтой.