УИХ-ын ээлжит сонгууль боллоо

Эх орон-Ардчилал эвслээс энэ тойрогт нэрийг нь дэвшүүлсэн молекул хэмээх Батж.Батбаяр саналаа өгч явна. МАХН-аас Д.Алтайн нэрийг дэвшүүлсэн юм.
11.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди саналаа өгөхөөр тус хэсгийн хороон дээр ирэв. Саналаа өгсний дараа тэрбээр өөрийг нь амдан байх сэтгүүлчидтэй түр саатаж, төрийн эрх барих хуулиар олгосон эрхээ Монголын ард түмэн өнөөдөр эдэлж байна. Сонгуульдаа бүгдээрээ оролцоорой гэж уриалъя. Сонгогчид зөвхөн өөрийгөө төрд төлөөлөх хүнийг сонгож буй биш эх орныхоо хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө саналаа өгч буй юм. Нуур амгалан бол нугас амгалан гэж үг бий. Төрийн хэрэг ардаасаа, ардын нь амьдрал төрөөсөө гэж ч бид хэлдэг. Төр маань түвшин байх болтугай. Эв эеээ хичээж, эх орноо хөгжүүлцгээе гэв.

Сонгуульд үе үеийнхэн идэвхтэй ханддаг болжээ
УИХ-ын сонгуулийн 75-р тойргийн 121-р хэсэг нийслэлийн 10 жилийн 4-р сургууль дээр байрлаж буй энэ хэсэгт тойрогтоо хамгийн олон буюу 4220 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Урьд урьдын сонгуулийн санал хураалтын магнайд хөгшчүүд давамгайлдаг байсан уламжлал энэ удаа давтагдсангүй бололтой. Сонгуульд оролцох эрхтэй бүхий л насныхан хуулийн дагуу санал хураалт эхлэх 07 цагт цугласан байсан нь ийн бодоход хүргэсэн хэрэг. Цуглах цуглахдаа аль л өөдтэй өнгөтэй гэснээ өмсч гоёсон нь төрөө хүндэлж, эртнээс зэхэж бэлдсэн нь илт. Өвөө, эмээтэйгээ, аав, ээжтэйгээ хат олон залуу ирж байгаа нь сайхан харагдсан.
Хэсгийн хорооныхон ч бэлтгэл ажлаа жин тан болгож. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 22-нд зогсоосноос хойш 55 сонгогч саналаа урьдчилан өгсөн байна. Тэдний саналын хуудастай битүүмжилсэн захидлыг хэсгийн хорооныхон ажиглагчдыг байлцуулан тоолж, саналын хайрцагт хийнэ билээ.
Їүний дараа тэнд цугласан сонгогчдыг төлөөлж, Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Гонгоржав гуай үг хэлсэн.
Эдүгээ 77 насыг зооглож яваа энэ буурал Нуур амгалан бол нугас амгалан гэдгийн адил төр түвшин байвал түмэн олны ахуй амьдрал ч өөдрөг байх билээ. Би одоогоос 50 гаруй жилийн тэртээ Архангай аймгийн Өндөр-Улаан суманд анх сонгуульд оролцож, саналаа өгч байсан хүн. Тэр цагаас хойш олон төрийн түшээг сонголцож байлаа. Харин энэ жил сонгогчид, тэр дундаа манай залуучууд сонгуульд идэвх сайтай оролцож байгаа нь сайшаалтай. Манай тойрогт МАХН-аас С.Батболд, Эх орон-Ардчилал эвслээс Э.Ганболд, МБНН-аас Т.Занашир, МЇЭНН-аас Л.Сүхбаатар нар өрсөлдөж байгаа. Сонгогч та бид дөрвөн жилд нэг л удаа төрийнхөө дээд байгууллагыг сонгодог. Тийм болохоор сэтгэл гаргаж, төр, түмнээ хүндэлж, сонгуульдаа оролцох хэрэгтэй юм хэмээн өгүүлж, саналаа өгснөөр энэ хэсгийн эхний сонгогч боллоо.

М.Энхсайхан, С.Оюун нэг тойргийн сонгогчид
Ням гаригийн 10.00 цагт Ардчилсан намын дарга, Эх орон-Ардчилал эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан сонгуулийн 74-р тойргийн 114-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгсөн юм.
ИЗ-БНН-ын дарга С.Оюун сонгуулийн мөн тойргийн 113-р хэсгийн байранд очиж саналаа өгсөн бол Эх орон-Ардчилал эвслийн удирдлагуудын нэг, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат Хөвсгөл аймагт саналаа өглөө.

Ерөнхий сайд 3828-ын нэг
УИХ-ын сонгуулийн 75-р тойргийн 120-р хэсгийн хороонд саналаа өгөх бүртгэлтэй 3828 иргэний нэг нь Ерөнхий сайд Н.Энхбаяр ажээ. Өчигдөр 13.00 цагийн орчимд тэрбээр гэргий О.Цолмонгийн хамт тус хорооны санал авах байрт хүрэлцэн ирж, сонгогчийн хувьд саналаа өглөө. Түүнийг энд ирэх үед сонгогчдын урт дараалал санал авах байранд үүсээд байсан юм.
75-р тойрогт МАХН-аас С.Батболд, Эх орон-Ардчилал эвслээс Э.Ганболд, БНН-аас Т.Занашир, МЇЭНН-аас Л.Сүхбаатар нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн юм. Тус тойргийн 120-р хэсгийн хорооны дарга Д.Оюунцэцэгийн ярьснаар өчигдрийн 11.00 цагийн байдлаар 450 орчим иргэн саналаа өгөөд байлаа. Мөн сонгуульд өрсөлдөж буй нам тус бүрээс гурван ажиглагч тус хорооны санал авах байрт ажиллаж байв. Өрсөлдөгчид болон ажиглагчид өөр хоорондоо ямар нэг зөрчилгүй, бүх зүйл хэвийн байна гэж МЇЭНН-ын ажиглагч ярьсан юм.
Санал өгснийхөө дараа Ерөнхий сайд Н.Энхбаяр сэтгэгдлээ хэлэхдээ Ард түмнийхээ төлөө зүтгэдэг, хариуцлагатай төрийг сонгож чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
/Өнөөдөр, 2004-6.28, 150/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button