Х. Хулан гомдол гаргахаар боллоо

Тус тойрогт МАХН-аас нэр дэвшигч Т.Гандиг 85 хүний саналаар буюу 0.4 хувиар ялсан гэж мэдээлж байгаа. Харин Хашбатын Хулангийн менежер санал хураалтын үед ажиглагч нарын тэмдэглэснээр дор хаяж 200 гаруй санал зөрчилтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тус тойргийн сонгогчдын бүртгэл эхэлснээс хойш сүүлийн гурав хоногт л гэхэд Сансар хорооллын хэсэгт өдөрт 100, 100-гаар иргэд шилжин ирж байсан. Бүртгэл эхэлсэн зургадугаар сарын эхний өдрүүдэд өдөрт 10 орчим хүн л шилжиж ирдэг байснаа эцсийн өдрүүдэд ийнхүү огцом нэмэгдсэн нь зохион байгуулалттай гэж үзэж болохоор байгаа. Мөн тойргийн хоёрдугаар хэсэгт санал өгсөн хүмүүсийн тоо 200-гаар зөрүүтэй гарсан. Ажиглагчид нийт 1000 хүн санал өгсөн гэж тооцоолсон бол тооллогын үеэр 1200 саналын хуудас гарч ирсэн. Харин хэсгийн хорооныхон ажиглагчдын тооцоог албан бус тоо гэж үзэж байгаа. Санал хураалтын явц дунд байнга маргаантай асуудлууд гарч байсан. Тухайлбал, тойргийн сонгогчоос хэсгийн хорооны гишүүн нь хэний төлөө санал өгөх гэж байгааг нь асуугаад МАХН-ын нэр дэвшигч Т.Гандигийн нэрийг дугуйлчихсан саналын хуудас гаргаж өгсөн. Энэ мэтээр хэсэг болгон дээр 10-20 саналын хуудас өгөгдсөн байж болзошгүй гэж Х.Хулан үзэж байгаа аж.
Ийнхүү тойргийн санал хураалт будлиантай болсон учир тойргийн хороо, Сонгуулийн Ерөнхий хороонд өнөөдөр хандахаар боллоо.
/Өдрийн сонин, 2004-6.29, 160/