Ард түмний шинэ сонголт МАХН-д таалагдсангүй

Иргэд 2000 онд МАХН-д үнэмлэхүй олонхийн эрх өгсөн билээ. Гэвч сөрөг хүчингүй парламент дөрвөн жилийн турш дураараа дургиж сонгогчдын итгэлийг алджээ. Төрөө тэнцвэржүүлэхийн чухлыг, УИХ-д сөрөг хүчин зайлшгүй хэрэгтэйг сонгогчид энэ хугацаанд ойлгож шинэ сонголтоо аль эрт хийчихээд байв. Харин эрх мэдэлдээ хэт эрдсэн эрх баригчид үүнийг анзааралгүй сонгуулийн сурталчилгааныхаа хэмжээг хэрээс хэтрүүлэн бялууруулж үргэлж тантай хамт хэмээн улиг болтол давтаж залхаасан. Монгол хүн өөрөөсөө хөрөнгө мөнгө, эрх сүрээр дор нэгэнд эрдэж бардан баярхахыг таашаадаггүй. Гэтэл МАХН үүний эсрэг өнгөөр өрсөлдөгч хүчиндээ хандан сонгогчдоо үргээсэн. Ард түмэн төрийн машинтай намын хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орсон эвслийг дэмжсэн. Эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийн эрх мэдэлдээ эрдэн энэ л хэвээрээ үргэлжлүүлэн төр барих юм шиг санаж явжээ.
Ард түмний сая хийсэн шинэ сонголтын үр дүнг таалагдахгүй байна гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн мэдэгдэв. Төрөө тэнцвэржүүлсэн сонголт, сөрөг хүчинтэй парламент, олонхи, цөөнхийн харилцан хяналт тэдэнд таалагдахгүй байгаа бололтой. Бүр байчихаад эвслийн нэр дэвшигчдийн ялалт байгуулсан тойргуудын санал хураалтын дүнг будлиантуулан луйвар хийхийг санаархах болжээ.
Өчигдөр орой гэхэд 12 тойрогт саналын дүнг нэгтгэн гаргаж чадаагүй байв. Сонгуулийн дүн эрх баригчдад таалагдаагүй тул халаагаа өгч буйгаа хүлээн зөвшөөрөхийг эс хүсэн ард түмний сонголтыг үл хүндэтгэж УИХ-ын сонгуулийн тойрог, салбар, хэсгийн ажилд хөндлөнгөөс оролцохыг санаархсаар байна. УИХ-ын 76 дугаар тойрогт л гэхэд Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Лу.Гантөмөр МАХН-аас өрсөлдөгч Д.Энхбаяраас 1600 гаруй санал илүү авч ялжээ. Гэтэл сонгуулийг хүчингүй болгуулахаар тойргийн хороо шийдвэр гаргасан нь сонгогч олныг бухимдуулж байна. Тэдний төлөөлөгчид өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн бага хурал дээр тус хорооны дарга Ж.Ядамсүрэнд эсэргүүцлээ илэрхийлж гадаа үүдэнд нь цуглараад байсан. УИХ-ын 59-р тойрогт мөн л эвслийн нэр дэвшигч дийлэнх санал авсан дүн гарчээ. Гэвч МАХН-ынхан одоохондоо өөрсдөд нь байгаа эрх мэдэлд дулдуйдан санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус тойрогт ялагчийн 300 гаруй саналыг хүчингүй болгуулахаар тэд эрээ цээргүй авирлажээ. Намын олонхийнхоо хүчээр түрж сонгогчдын саналын дүнг өөрчлөхөөр эрх баригчид санал хураалт тоолж эхэлсэн цагаас улайрсан билээ. УИХ-ын сонгуулийн 57-р тойрогт нэр дэвшигч Х.Хулан анхандаа саналын давуутай яваа мэдээ ирж байсан ч шөнийн 03 цагийн үед МАХН-ынхан санал хураалтыг будлиулж байгаа тухай хэл дуулдсан. Нэр дэвшигч Т.Ганди Х.Хулангаас цөөн хэдхэн саналын зөрүүгээр гарсан байна билээ.
УИХ-ын сонгуулийн 50- тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ цэвэр Хэнтийчүүдийнхээ саналын давуугаар гарсан бус, нийслэлээс вагоноор олон хүнийг Бор-Өндөр тийш зөөж санал өгүүлсэн тухай мэдээ байна.
Ард түмнийхээ сонголтыг үл хүндэтгэн элэг барьж түр зуур олдсон эрх мэдлээрээ түрэн луйвар, булхай хийвэл Гүржид өнгөрсөн хавар болсон шиг үйл явдал Монголд өрнөхийг үгүйсгэх газаргүй. Тэнд Ерөнхийлөгчийн сонгуулийг эрх баригчид өөрт ашигтайгаар эргүүлснийг сонгогчид эсэргүүцэн босч дахин сонгууль явуулсан билээ. Хэрэв МАХН сонгуулийн луйвар хийж сонгогчдын саналыг үл хүндэтгэвэл Гүржийн ард түмэн шиг босч санал хураалтыг дахин явуулах мэдэл олон нийтэд бий. УИХ-ын 76-р тойргийн сонгогчдын төлөөлөгчид өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны өмнө босоод эхэлсэн байна лээ. Будлиантай 12 тойрог бүрт тэр явдал давтагдвал Монгол Гїржийн адил болно. Ард түмэн сонголтоо хамгаална.
/Өдрийн сонин, 2004-6.29, 160/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button