Ядуучууд буруу хооллодог, баячууд ч бас тэднээс дээрдэх юмгүй

Ядуучууд буюу албаны хэллэгээр бол хүн амын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд цөөн нэр төрлийн хүнс хэрэглэж, хоол судлаачдын тогтоосон нормоос доогуур хооллож буйг тааварлахад түвэгтэй биш.
Хоол судлаачид хоногт 12 нэр төрлийн хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Харин ядуу хүмүүсийн хоолны ширээ төмс, гурилан бүтээгдэхүүн, махаар л хязгаарлагдчихна. Гэтэл баян гэж нэрлэгддэг хүрээнийхэнд ч сурвал зохих зүйл өдий төдий байгаа нь мэдрэгдэж эхлэв. Наад захын жишээ татахад тэд зохих хэмжээнээсээ 943 ккал-иар их илчлэг цохичихдог байна. Энэ бүхэн тэднийг мяраалахад багагүй үүрэг гүйцэтгэдэг нь лав.
Ингэхэд дэлхийн хүмүүсийн багагүй хувь нь өлсч зовж байхад лав л насанд хүрсэн нэг тэрбум хүн илүү жингээсээ болж жаргаж чадахгүй л байна. Бидний буяны юм хэмээн өмгөөлдөг илүү жин хичнээн их түвэг уддаг гэж санана. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн зүрхний ишеми өвчтэй 64 хүнд судалгаа хийхэд 95 хувь нь өөхтэй мах зооглодог, 85 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 25 хувь нь тарган, 24 хувь нь цусны даралт ихтэй байсан гэнэ. Ингэхэд өдөрт ядаж 30 минут алхахыг эмч нар зөвлөж байгаа шүү.
Хачирхалтай нь таргалалт хэмээх асуудал ядуусыг ч тойрсонгүй. Тэд нүүрс ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн болох гурил, талх зэргийг түлхүү хэрэглэдэг. Ажилгүй сууснаас хөдөлгөөний хомсдолд орж таргалж байна хэмээн Хоол судлалын төвийн Б.Энхтунгалаг оношлов. Ингэхэд буруу хооллолт төдийгүй баталгаагүй хоол хүнс монголчуудын эрүүл мэндийг хэрхэн сүйтгэж буйг тэр хэлж чадна. Б.Энхтунгалаг тус төвийн Хүнсний аюулгүй байдал секторын эрхлэгч. Тэдний нян судлалын шинжилгээгээр хоолны газрууд дахь бэлэн болосн хоолны 53 хувь нь бохирдолттой гарсныг яана. Хоолны түүхий эд, ундны ус ч түүнээс дутахгүй нянтай байжээ.
Монголчуудын 82.8 хувь нь хоол, цайгаа хэт халуунаар иддэг. 38.4 хувь нь унтахын өмнө хооллодог. Хоногт дунджаар 15 гр давс иддэг гэх мэтээр бидний муу зуршлын статистик үргэлжилнэ. Энэ бүхний дүнд монголчуудын нас баралтын шалтгааныг зүрх судасны өвчлөл тэргүүлж, хорт хавдар удаалсаар байна.
Монголчууд яагаад цус багадалттай, төмрийн дутагдалтай байдгийг мэдэх үү? Хариу нь их энгийн. Эрдэмтэд үүнийг хоолныхоо дараа заавал цай уудаг зуршилтай холбон тайлбарлаж байна. Мах, сүү хоёр энерги зохицдоггүй гэж хоол судлаачид үздэг. Тиймээс махан хоол идсэний дараа сүүтэй цай уухыг хүсвэл хоёр цаг тэвчээрэй. Хоолны дараа буцалсан ус, аль эсвэл жүүс уухыг хоол судлаачид зөвлөж байна. Харин энэ үедээ цай уух нь төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлж цус багадалтад нөлөөлж байдаг аж.
/’Өнөөдөр, 2004-6.29, 151/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button