Юуны тулд санал өгдөг вэ?

Энэ асуултыг тэдэнд ноён Филипп Массонет тавьсан юм. Тэр Франс пресс ангентлагийн Бээжин дэхь салбарын захирал. Манай сонгуулийн явцыг сурвалжлахаар гэрэл зурагчин Фредээ дагуулан иржээ. Ням гарагийн өглөө найман цаг өнгөрч байхад тэд Налайх дүүргийн уурхайчдын соёлын ордны хаалгаар оров. УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойргийн 24 дүгээр хэсэгт хүмүүс хэрхэн санал өгч байгааг ажигласан юм. 3490 сонгогч энэ хэсэгт зургаан нэр дэвшигчийн төлөө дугуйлах аж. Yйтэн, хуар дээл, мөнгөн тоногтой ширэн бүс, ковбой малгайгаар гоёсон нэгэн хүн орж ирлээ. Филипп түүнтэй танилцав. Тэр налайхын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Батдорж байв. 1990-ээд оны эхээр Налайхын уурхай хаагдаж 1000 орчим хүн ажилгүй болсон тухай тэр яриад дөрвөн жилийн өмнө 17 хувьтай байсан ажилгүйдэл энэ жил тус дүүрэгт 1.1 хувьтай болсныг дуулгалаа. Одоо энд ажиллаж байгаа хувийн жижиг 17 уурхай, хэд хэдэн оёдлын цех, тоосго боловсруулах үйлдвэрт хүмүүс ажлын байртай болж чадсан гэнэ. Хувийн уурхайд хүмүүс ажиллаж ажилгүйдэл багассан нь орон нутгийн засаг захиргаанд ямар хамааралтай болохыг Филипп асуулаа. Бид төрийн бодлогын хувьд дэмжсэн гэдэг бүдэг бадаг гэмээр хариултыг Т.Батдорж түүнд өгөв. Асуултын хариу Фран пресс-д бүдэг хэвээр үлдлээ. Тус дүүргийн иргэд олноороо амьдардаг дөрөвдүгээр хорооны цагдаагийн хэсэгт байрлах 26 дугаар хэсэг хөл хөдөлгөөнтэй. Жижиг байшингийн гадна хүмүүс дугаарлажээ. Филиппийн хэлснээр Хятадын Шинжан мужийн хантай адил төстэй гэмээр царайтай хүмүүс тасралтгүй цувна. Ойролцоох гудамжны хашаанаас тэднийг ажиглан нэгэн эр зогсоно. Энэ бол олны жишгийг дагаж сонгуульд оролцдог гэсэн Болат. Тэр уурхайчин байгаад группт оржээ. Сард группын тэтгэвэр 50 мянга гаруй төгрөг авдаг гэнэ. Зургаан хүүхдийнх нь хоёр нь хотод ажил хийдэг гэнэ. Аль нам сонгуульд ялах тухайд ямар ч таамаг байхгүй байгаагаа тэр хэлэв. Түүний ярьснаар өглөө эрт ахмадууд үндэснийхээ хувцсаа өмсөн, одон медалиа зүүж ирээд хэдийнээ сонгуулиа өгчээ. Харин Алма бүсгүй ээж аавтайгаа санал өгөх байрнаас гарч ирэв. Гадаадын сурвалжлагчын асуултад тэр хариулсангүй. Ичиж тулгамдаад байгаа бололтой. Yд дунд 12 цаг өнгөрч байхад Франс пресс-ийн баг Ерөнхий сайд Н.Энхбаярын санал өгөх байр руу давхиж явлаа. Таксины жолоочийг саналаа өгсөн эсэхийг тэд сонирхов. Жолооч ер нь санал өгөх ч бодолгүй яваа гэнэ. Аль нам гарсан, амьдрал сайжрах биш. Сонгууль ер нь ямар хэрэгтэй юм гэж хэллээ. Өгөх өгөхгүй хүний эрхийн асуудал гэдгийг хэлэхээ ч бас мартсангүй. Энэ хариулт нь харин Филиппд таалагдав.