Чехүүд учраа болгоноо сөхрүүлсээр

Өчигдөр тэд Данийг 30 харьцаатай ялж давамгай хожив. Скандинавын хоёр баг Швед, Дани хэсгээсээ наймаалцан байж гарч ирэсний гай тодорч байгаа юм байлгүй, аль аль баг нь хагас шигшээд шалгарч чадсангүй. Дани-Чехийн тоглолтын 49 дэхь минутад 202 см өндөртэй Чехийн хөлбөмбөгч Коллер толгойгоороо мөргөж эхний гоолыг хийсэн бол, 63, 65 дахь минутад Барош Данийн хаалгыг тамгалав. Сонирхуулахад Барошын энэ хоёр гоолыг бүрдүүлсэн тактик хоорондоо их л адилхан байдлаас үүссэн. Ялгаатай нь эхний дамжуулалтыг Поборский өгсөн бол хоёр дахийг нь Недвед дамжуулсан. Ийнхүү Барош таван гоолтойгоор Европын аваргын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Хагас шигшээ тоглолтод Португали-Голланд зургадугаар сарын 30-нд Лиссабон.
Грек-Чех долдугаар сарын 01-нд Порту хотноо тус тус тоглоно.

Трапаттони явж, Липпи ирлээ.
Ювентус багийн экс дасгалжуулагч Марчелло Липпи Италийн үндэсний шигшээгийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тухай Италийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэв. 56 настай М.Липпи 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал энэ албыг хаших юм байна. Энэ албан тушаалаас бууж буй 65 настай Трапатонни багаа Евро-2004 тэмцээнд амжилт муутай оролцуулсан нь Италчуудыг ихээхэн бухимдуулсан бололтой. Италчууд өөрийнхөө бүсэд Болгарыг хожиж, Швед, Данийн багтай тэнцэн цаашид тоглох боломжгүй болсныг уншигчид санаж буй биз ээ. Шинэ дасгалжуулагч М.Липпи Ювентустай хамт Италийн аваргаар таван удаа, аваргуудын лигийн аварга, Европын цомын аварга, супер цомын аварга зэргийг хүртэж явсан хашир туршлагатай хүн юм.

Реал-ийн оддууд Евро-2004-т гялалзсангүй
Португалид болж буй ЕАШТ-ий талаар зарим нэг дүгнэлтийг хийж болохоор хугацаа өнгөрлөө. Энд нэг зүйл анзаарагдсан нь Реал багт тоглодог Зидан, Бэкхэм, Фигу, Рауль нарын эргэн тойронд болж буй үйл явдлууд юм. Ноднин жил Манчестер Юнайтед багаас 35 сая еврогоор худалдаж авсан Бэкхэм Английн шигшээдээ ахлагчын тууз зүүж тоглохдоо торгуулийн хоёр цохилтоо угаасан гавьяа байгуулснаас өөрөөр гавьсангүй. Реал-ийн алтан жаал Раулын хувьд ялгаа алга, ганц ч бөмбөг оруулахгүй байсаар нутаг буцсан. Одоо Мадридын Реал-д байгаа тоглогчдоос үлдсэн ганц Фигу бас л шалитай тоглолт үзүүлж чадахгүй байна. Ямартаа л Англитай хийсэн тоглолтод түүнийг сэлгээнд суулгаж харин оронд нь Поштига гоол хийж байхав дээ. Арай гайгүй байгаа нь Зидан. Гэхдээ Гректэй тоглосон тоглолтод тэрээр багийн лидерийн хэмжээнд тоглож чадаагүй, тийм ч учраас баг нь тэмцээнээс хасагдсан билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button