Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид судалгаа

Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа.
Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм.
Сонгуулийн сурталчилгааг телевиз үзэгчид хэрхэн хүлээн авдаг болон тэдний сонголтод нөлөөлдөг эсэхийг тандан Улаанбаатар хотын 6 дүүрэг 27 хорооноос 450 өрхийн нэжгээд сонгогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, ярилцлагын аргаар судалгааг явуулж үр дүнг гаргалаа.

Судалгааны дүнгээс сонирхуулбал
Сонгогчдын тал орчим хувь нь УИХ-д Хэнийг сонгохоо сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа сурталчилгааны мэдээллээс шалтгаалан шийддэг аж.
Сонгуулийн сурталчилгааны таалагддаг хэлбэр нь насны бүлгээс хамаарч ажиглагдахуйц ялгаатай байдаг байна. Сурталчилгааны хэлбэрийн хувьд 25-аас дээш насны сонгогчид сонгогчидтой хийх шууд ярилцлага-ыг илүүд үздэг бол
18-24 насны залуучууд урлагийн одод оролцсон шоу хэлбэрийн сурталчилгаа нэлээд таалагддаг гэсэн байна.

Харин сонгуулийн телевизийн сурталчилгааны хэлбэрийн хувьд нэр дэвшигчидтэй хийх ярилцлагыг сонгогчдын 48.7 хувь илүүд үзсэн бол бодит байдалд сонгуулийн нэг долоо хоногт хийсэн мониторингийн дүнгээр 5 ТВ-ийн дундажаар 4.4 хувь нь шууд ярилцлага байв. Хэдийгээр бүх насныхан тэр дундаа 55-аас дээш насны үзэгчид сонгуулийн телевизийн сурталчилгааны нэр дэвшигчтэй хийх ярилцлага – ыг илүүд үздэг ч сурталчилгааны бусад хэлбэрийн үнэлэмж нь нэлээд ялгаатай юм.
18–24 насныхан реклам клип-ийг, 25–54 насныхан сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг – ийг боломжийн таалагддаг гэсэн бол харин 55–аас дээш насны үзэгчид түүхэн тойм-оор бэлдсэн сонгуулийн телевизийн сурталчилгааг илүүд үзсэн байна.

Мөн судалгаанд оролцогсдын талаас илүү хувь бидний сонголтод телевизийн сурталчилгаа нэлээд нөлөөлдөг гэсэн ч цацагдаж буй мэдээлэлд итгэх итгэл нэлээд тааруу байдаг гэжээ. Нөгөөтэйгүүр сонгуулийн телевизийн далд болон ил сурталчилгааны давтамж нэлээд ихсэж, залхалт үүсэх хандлага байсан.
Гэхдээ зөв шийдэлтэй, үнэн мэдээлэлтэй, хандах бүлэгтээ таалагдахуйц сонгуулийн телевизийн сурталчилгааны хэлбэр сонгогчдын сонголтод нэлээд нөлөөлж, нэр дэвшигч болон намын PR – т чухал болох нь харагдаж байна.
Нийслэлчүүдээ мэдээлэлээр ундаалагч таван телевизийн мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг үзэгчид хэрхэн дүгнэснийг сонирхоё.

Харьцангуй жин дарсан сонголтыг онцолвол төр барьж буй намыг сурталчилж нэг талыг барьсан мэдээллийг Монголын Үндэсний телевиз, TҮ9 телевиз, TҮ5 телевиз, UBS телевиз түлхүү түгээдэг бол, Сөрөг хүчин буюу бусад намын дуу хоолойг 25-р суваг телевиз нэлээд түгээдэг хэмээн үзэгчид үзсэн байна. Гэхдээ 25-р суваг телевиз, UBS телевиз, TҮ5 телевизүүдийн хувьд бүгдийг ижил буюу олон ургальч үүднээс мэдээлэл түгээдэг хэмээн үзсэн оролцогсдын хувь, нэг талыг барьсан мэдээлэл түгээдэг гэж үзэгсдээс арай олон байгаа нь сайшаалтай юм.
Гэвч ерөнхийдөө бүх телевизийн хувьд аливаа мэдээллийг нэг талаас мэдээллэж, нэг намыг сурталчилдаг хэмээн үзсэн үзэгчид нэлээд байгаа нь харамсалтай бөгөөд хэвлэлийн эрх чөлөө, тэнцвэрт мэдээлэл, хараат бус сэтгүүл зүйн зарчим сонгуулийн үеэр нэлээд алдагддаг байна.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнгээс дээрх ТВ-үүдийн сурталчилгаанд зарцуулсан хугацаа, давтамж, төрөл, агуулга болон Хэн хамгийн их сурталчилгаа цацав зэрэг олон төрлийн мэдээллийг авч болно. Мөн эдгээр тоо баримтыг үзэгчдийн өгсөн санал, дүгнэлттэй харьцуулах, анализ дүгнэлт хийх боломжийг олгож байна.
Жич Дэлгэрэнгүй мэдээлэл болон судалгааны тайланг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас авч болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button