Сонгуулийн ерөнхий хороог огцрохыг шаардав

УИХ-ын сонгуулийн 59, 76-р тойрогт нэр дэвшигч Сам.Отгонбаяр, Лу.Гантөмөр нар илт давуу саналаар ялалт байгуулсан атал сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах тухай яриа гарсан. Yүнийг хоёр тойргийн сонгогчид эсэргүүцэж уржигдар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Харин өчигдөр 59, 76-р тойргийн сонгогчид Эрх чөлөөний талбайд СХЕ-ны өмнө Yндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хамгаалахаар цуглажээ. Энэ хоёр тойргийн сонгогчдыг дэмжиж УИХ-ын сонгуулийн 72-р тойргийн сонгогчид ч ирсэн гэнэ. Энэ нь олон түмэн итгэл үнэмшилдээ ямар үнэнч, түүнийхээ төлөө тэмцэж дэмжиж бйгааг илтгэнэ.
Жагсагчид СЕХ-ноос үнэн бодитой мэдээлэл хийхийг хүсч, гарч ирэхийг шаардсан боловч СЕХ-ноос ямар нэгэн хариу өгсөнгүй. Харин ч цагдаа нар Засгийн газрын 11-р байрыг хамгаалалтад авч, сонгогчдын төлөөллийг нэвтрүүлсэнгүй. Олон түмэн бухимдахдаа арга буюу хоёр ч удаа дотогш орохоор тэмүүллээ. Гэтэл цагдаа нар цахилгаан бороохой хэрэглэж жагсагчдыг ухраав. Харин сонгогчид аль болохоор аядуу, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг чухалчилж байсан учраас цагдаа нартай мөргөлдөөн хийхийг урьтал болгосонгүй.
Тэд СЕХ нь төрийн байгууллага учраас аль нэг намд үйлчлэх ёсгүй. Сонгуулийн дүнг нууцлахаа боль. Ард түмний сонголтыг няцааж нэг намд үйлчилж байгаагаа зогсоо. Хэрвээ шударга шийдвэр гаргахгүй бол СЕХ-г шүүхэд өгөх болно. СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн огцор хэмээн шаардах аж. Сонггогчид дахин санал хураахыг эрс эсэргүүцэж байв.
Алтан нарыг алгаараа хааж болдоггүйтэй адил
Амьд үнэнийг албан тушаал, Ардын хувьсгалт нам хаахгүй
Ариун үнэнийг
Ард түмэн хүсч байгаа шүү хэмээн нэгэн сонгогч хэлэхэд түүнийг дэмжигчид МАХН луйвраа зогсоо хэмээн уухайлав. Хонхны дуу-г нийтээрээ дуулж хүмүүс ардчиллын төлөө, сонголтынхоо төлөө юугаа ч үл хайхран тэмцэх аж. Жагсагчид аль нэг намыг дэмжихдээ бус, хамгийн гол нь өөрсдийнх нь хийсэн сонголтыг үгүйсгэж, ард түмнийг доромжилж байгаад их бухимдацгаажээ.
59-р тойргийн сонгогч Б.Отгонбаяр СЕХ МАХН-ын талд орсон нь үнэнхээр ичгүүртэй. МАХН ийм алхам хийснээрээ улс төрийн тавцанд булшлагдах нүхээ малтлаа хэмээн хэллээ. Сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшигч Ж.Гүррагчаад ялалтыг өгүүлж МАХН нэг суудал авахаар улайрч байгаа нь илт. СЕХ 22 цагийн байдлаар хуралдсаар байна гэсэн хариу өгсөн боловч сонгогчид Сонгуулийн ялалтаа баталгаажуулахаас нааш явахгүй гэлцэж байв.
/Өдрийн сонин, 2004-6.30, 161/