Х.Хулан саналын хуудсыг дахин тоолуулахыг хүсч байна

57-р тойрогт нэр дэвшсэн тэрбээр өрсөлдөгчөөсөө 0.4 хувийн саналын зөрүүгээр ялагдсан нь дээрх жишгийг сануулахад хүрчээ. Статистикийн алдаа гардгийг ч бодолцох учиртай гэж нэр дэвшигчийн хамтран зүтгэгч, улс төр судлаач Л.Эрдэнэтуул ярилаа.
АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байсан Ж.Буш, А.Гор нарын цөөн саналын зөрүүг нягтлахын тулд сая сая саналын хуудсыг дахин тоолж байсныг дурдахаа байя гэхэд Сэлэнгэ аймгийн 34-р тойрогт ч үлгэр жишээ болохуйц үйл явдал болсныг өгүүлж болох нь. МАХН-ынхны хүсэлтээр уг тойрогт нэр дэвшигч Э.Бат-Yүл, Д.Насанжаргал нарын саналын хуудсыг саяхан тоолсон гэнэ. Гэсэн ч энэ хяналт Э.Бат-Yүлд ашигтайгаар эргэж, түүний төлөө санал өгсөн сонгогчдын тоо нэмэгдсэн юм байна.
СХЕ МАХН-ын нэр дэвшигчийн хүсэлтийг шуурхай биелүүлсэн шигээ өөрт нь ч ингэж хандаасай гэж нэр дэвшигч хүсчээ. СЕХ-нд хандаж тэрбээр өргөдөл гаргаад байгаа юм байна. Мөн хэсгийн хороод дээр гарсан зарим эргэлзээтэй үйлдэл санал хураах ажил шударга бус явсан гэсэн сэжиг төрүүлж буйг ч нэр дэвшигч хэллээ. Тухайлбал, зургадугаар хэсэг дээр санал тоолоход 54 саналаар ялсан дүн гартал, нэгдүгээр хэсэг дээр яг ийм саналын зөрүүгээр Х.Хулан ялагдсан аж. Санал тоолох явцад хэсгийн хорооныхон байнга утсаар ярьж, мэдээ солилцож байсан нь саналын дүнг баланслуулахад хүргэсэн гэсэн хар төрүүлжээ. Л.Эрдэнэтуул судлаачийнхаа хувьд ийм үзэгдэл саяд нэг удаа тохиолдож болох зүйл хэмээн мэдэгдэв.
/Өнөөдөр, 2004-6.30, 152/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button